Хайчилбар

August 3, 2007

Ерөнхийлөгч Н.Энхбаяр хугацаанаасаа өмнө сайн дураараа огцрох ёстой

Filed under: - Нийтлэл -,У.Хүрэлсүх — haichilbar @ 8:00 pm

УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналт эрхэлсэн сайд У.Хүрэлсүх­тэй ярилцав. Тэрбээр сүүлийн үед сонин хэвлэлээр Ерөнхийлөгч­тэй харилцан бичилцэж байгаа захидлынхаа тал­аар ярьж байна. Түүний ил захидалд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хариуг доромж­лол гэж үзсэн бололтой. Тэрбээр “2007 оны долдугаар сар­­ын 23-ны өдөр МАХН-ын бүлгийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүмжилсэн. Түүний дагуу Ерөнхийлөгчийн зүгээс нэр төр гутаалаа, уучлалт гуй гэсэн шаардлага ирүүлсэн. Тэр дагуу би Ерөнхийлөгч Н.Энхбаярт ил захидал бичсэн юм. Гэтэл сонин хэвлэл дээр гарснаас харахад Ерөнхийлөгч миний ил захидалд хариу ир­үүл­жээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хариуг уншиж үзээд энэ хүн яасан ч жижигхэн хүн юм бэ дээ гэж өөрийн эрхгүй бодогдож байна” хэмээн яриагаа эхэлсэн. Цааш нь хэлэхдээ “Ямар ч худалч хүн юм. Худалч хүн чинь хулгайч л байдаг даа. Ингэж эрээ цээргүй худлаа хэлэхлээр нь өмнөөс нь ичээд байна” гэсэн юм.

-Та Ерөнхийлөгчийг ямар учраас худалч, хулгайч хэмээн үзэж байна. Энэ талаараа манай уншигчдад өөрийнхөө бодлыг хув­аалцах­гүй юу?
-“Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевизийг миний өмч биш гэж хэлжээ. Ерөнхий­лөгч­ийн хувийнх нь өмч мөн гэдгийг нь би мэдэж байна. Н.Энхбаярын эхнэр О.Цолмон­гийн хамаатан улсын заан Ганболдын дүүгийн нэр дээр энэ сонинг авсан байдаг. “Зууны мэдээ”-г өөрийн болгосон өдрөөс эхлээд л Ерөнхийлөгч Н.Энхбаяр тааруухан харилцаа­тай хүн болгоноо уг со­нин­оор гүтгэж гутаан доромжилдог болсон. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийг бурхны нэрээр аваад өөрийнх болгосон. “Зууны мэдээ”-г эрхлэгч Ганболдоос нь яаж булааж авсныг би сайн мэдэхгүй. Гэвч дээрх мэдээллийн хэрэгслүүд бол яах ч арга үгүй Ерөнхийлөгч Н.Энхбаяр­ын хувийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ мэд­ээллийн хэ­рэг­сл­ээр явж байгаа бүх мэдээлэл энэ хүний хувийн бодлого явж байгаа шүү гэдгийг албан ёсоор ард түмэндээ хүргэе. Ийм байхад минийх биш гэсэн байна. Мөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй байна лээ. үүнийг тэр Авлигатай тэмцэх газар нь шалгах хэрэгтэй. Би тэр мэдүүлгийг нь уншсан. Надаас ядуу юм бичсэн байсан. Зөвхөн цалингаараа амьдар­даг гэснийг нь хүн үнэмшинэ гэж бодсон юм байх даа. Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал гаргасан бол албан тушаалаас нь халах арга хэмжээ авна гэж байдаг. Хүн амьтнаас ичдэггүй юм гэхэд өөрөөсөө ичиж амьдрах ёстой. Манай Ерөнхийлөгчийн ичих булчирхай нь байхгүй болчих­сон юм шиг байна. Ард түмэн үүнд нь үнэмшиж магадгүй. Харин хажуу хавирганд нь амьдарч байгаа бидний инээд хүрч байна. Хамт ажилладаг хүмүүсээсээ, найз нөхдөөсөө ингэж улаан цайм худал хэлсэндээ ичих хэрэгтэй. Мөн 2001 онд шиг санаж байна. Баянгол дүүргийнхээ сон­гогчидтойгоо уулзалт хийж байхдаа “Миний өрөөнд нэг хүн орж ирээд 500 сая төгрөг хахуульд өгнө гэсэн. Тэр хүнийг би хөөгөөд гаргасан” гэж Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр өөрөө хэлсэн. Энэ тухай нь би асуулга тавьсан. үүнд хариулсангүй. Тэр хүн хэн гэдэг хүн бэ. Тантай юун тухай ярьж, яагаад хахууль өгөх гэсэн юм хэмээн би асуусан юм. Гэвч үүнд хариулахгүй байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр авлигын хэргийг нуун дарагдуулсан гэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Энэ хүнд эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой болжээ.

Өөр олон зүйл энэ хүнд байдаг. Хэвлэл мэдээллээр түүнтэй холбогдуулан гарч байгаа шүүмжлэл үнэний ортой гэж би ойлгодог. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тодорхойлох хэрэг­тэй. Надад хаяглаж ирүүлсэн энэ захидал маягийн юм нь хүн гутаасан, доромжилсон хэрүүлийн чанартай юм би­чиж ирүүлсэнд их харамсаж байна. Ерөнхийлөгчийн Там­гын газар нь миний ил захид­лыг уншаад хариулж бичих юм олдохгүй бужигнаж байна гэж дуулдаж байсан. Бодвол энэ хариу захидлыг өөрөө хэлж өгч бичүүлээ биз ээ. Тэгээд уншиж засаад хэвлэл мэдээллээр цацаж байгаа бололтой. Уг нь ингэж хэв­лэлээр дамжуулж “шалчиг­нах” хэрэг байхгүй. Төрийн тэргүүн хүн гэдэг чинь арай ч ийм байдаггүй байх. үнэн худлыг өөрөө гарч ирээд шударгаар хэлж чаддаг байх ёстой биз дээ.

-Ерөнхийлөгч таны хө­лийг тань дөрөөнд хүргэж, гарыг тань ганзаганд хүр­гэсэн. өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдлаа хэмээн тэр хариу захи­далдаа дурдсан байсан. үнэхээр таныг ар өвөртөө үүрч дүүрч энэ зэрэгт хүргэсэн юм уу?
-Ерөнхийлөгч сүүлийн үед нэг тийм юм яриад байдаг болсон байна лээ. Нямдорж миний хүн байсан, Хүрэлсүх миний хүн байсан, Энхболд миний хүн байсан гэх зэрэг. Тэгээд л ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэх зэргээр гоморхоод байдаг. Энэ чинь арай Монголын төрийн ажил алба Энхбаярын хувийн компанийн ажил алба болчихсон юм биш биз дээ. Би Монголын төрийг хоёр Ерөнхийлөгчтэй гэж боддог хүн шүү. Нэгдүгээр Ерөнхий­лөгч нь Энхбаярын эхнэр Цолмон гэдэг хүн байна. Хоёрдугаар Ерөнхийлөгч нь манай төрийн тэргүүн Н.Энх­баяр болов уу. Гэхдээ энэ хүн бэлгэ тэмдгийн төдий Ерөнхийлөгч дөө. Би энэ нөхөдтэй олон жил хамт ажиллаж юу хийдэг, ямар юм зохион байгуулдаг, юу ярьдаг, бусдын эсрэг хүнийг яаж турхирдаг зэргийг мэднэ. Хажуу хавийн УИХ-ын гишүүд найз нөхөд нь бүгд мэднэ. Тийм байхад ингэж ичих булчирхайгүй юм шиг байх хэрэггүй. Төрийн тэргүүний ажлаа хийж чадахгүй байгаа юм бол хуучин хийж байсан хүмүүсээс асуух хэрэгтэй. П.Очирбат, Н.Багабанди гуай нар байна. Тэд төрийн тэргүүний ажил гэдэг чинь хов хөөсөн авгай нарын ажил биш хэмээн хэлээд өгнө. Энэ хүн тэгж чадахгүй байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр худал хэлснийхээ төлөө, гэмт хэрэг нуун дарагдуулс­ныхаа төлөө Ерөнхийлөгчийн албан тушаалаас сайн дураараа огцрох хэрэгтэй. Энэ нөхрийг дахин төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд томилж болохгүй гэж ард түмэнд хэлмээр байна. Мөн МАХН энэ хүний нэрийг дахиж дэвшүүлэхгүй гэж би хэлмээр байна. үүнийгээ ч өөрөө мэддэг болсон юм шиг байна лээ. өөрийнхөө “Зууны мэдээ” сонинд Монголын ард түмэн МАХН-гүйгээр төрийн үйл ажиллагааг явуулах болно гэх зэргээр бичсэн. Энэ бол Энхбаярын бодлого гэж ойлгож байна. өөр хэн ч ингэж үзэхгүй гэдэг нь ойлгомжтой. Сүүлийн үед МАХН дотор болж байгаа энэ үл ойлголцлын цаана Н.Энхбаяр л байдаг болоод удлаа.

-Та хоёр дээхнэ үед хоо­рон­доо маргалдаж бөөн асуудал босгож би­лээ. Юунаас болоод муу­далдсан юм бэ?
-Би 2003 оны үед энэ хүнийг нэг шүүмжилсэн юм. Тэгэхэд чинь мань хүн өөрий­гөө үндэсний удирдагч гээд нэрлэчихсэн, Ерөнхий сайд, намын дарга том дарангуй­лагч байлаа ш дээ. Тэр үеийн төрийн тэргүүн Н.Багабанди гуайтай бид уулзах хориотой, өөрийнхөө Засгийн газрын кабинетад Ерөнхийлөгчтэй уулзаж болохгүй гэж хоригло­дог. Намын бүлэг дээр бүл­гийн гишүүдэд Ерөнхий­лөгчтэй уулзахыг хориглож үүрэг өгдөг нөхөр байлаа. Тэр үед төрийн тэргүүнийхээ өрөөнд орно гэдэг бол айдас хүйдэс төрүүлсэн үйл явдал болдог байсан гэхэд одоо хүн үнэмшихгүй. Энэ хүнд цаг үед би “Монгол Улсын төрийг та удирдаад байна уу. Таны эхнэр чинь удирдаад байгаа юм уу. Та ер нь өөрийгөө магтах өвчин тусчихсан бай­на. Таныг шүүмжилснээр би энэ өвчнийг чинь эмчилж байна. үүнийг буруугаар бит­гий ойлгоорой” гэсэн. Гэвч дараа нь би “жавтийгаа” хүртсэн дээ. Миний удирдаж байсан Ардчилсан социалист залуучуудын байгууллагыг хагалж хоёр хуваасан. үүн­дээ Барсболдыг ашиг­ласан. Энэ нөхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хүн бусдыг хооронд нь зөрчил­дүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн. Нямдоржийг Шарав­доржтой, Шаравдоржийг Пүрэв­дорж­той, Энхболдыг Элбэгдорж­той, Хүрэлсүхийг Барсболд­той хооронд нь зөрчилдүүлж яс хаяж түүнээсээ хоол олж идэж явдаг. Тэдний хоорон­дын энэ их зөрчилдөөн түүнд хүчин чадал бяр тэнхээ нь болдог. Ийм байж бурхан буг ярих дуртай. Бурхантай газар буг байдаг гэдэг. Бурхны нэр барьсан буг битгий болоод бай гэж би сануулчихъя.

-МАХН-ын нэр хүнд өсөх, буурах, хоорондоо хагаралдах гэх зэрэг зүйл Ерөнхийлөгчтэй холбоо­той гэж сүүлийн үед ярьдаг боллоо. Энэ ортой юу?
-МАХН-ын бүх зүйл энэ хүнтэй холбоотой байсан үе байлгүй яахав. Энэ нөхөр манай намд хүн шиг байсан үе ч бий. 2000 он хүртэл хүн шиг байсан. 1996 онд нэг улаан пиджактай залуу намд элсэж, хуучин Тээврийн товчоо байсан тэр хавьд бид нар пиво уугаад явж л байсан. Адилхан л залуу хүмүүс явсан. 2000 онд Ерөнхий сайд болоод л ааш зан, идэж уух, өмсөж зүүх нь эрс өөрчлөгдсөн. өөрийгөө үндэсний удирдагч гэж үздэг болсон, надаас өөр хүн байхгүй гэж сагсуурсан. Найз нөхдүүдээ ашиглаад хаядаг болсон. Казахстаны Назар­баев шиг насаараа Ерөнхий­лөгч болохыг мөрөөддөг ийм л хүн шүү дээ. Юу хийдэг хүн бэ гэвэл өрөөндөө элдэв хов жив ярьдаг хүн цуглуулаад л хов хөөцөлдөж байдаг. Өөр ажил хийж байгаагүй.

Эхнэр нь болохоор Чөлөөт хэвлэлийн сан ч бил үү, нэг байгууллагаараа хэвлэлийн амыг барьж чаддаг. Түүгээр дамжуулж янз бүрийн бодлого явуулж, нийгэмд буруу санаа тараадаг. өөрийгөө шүүм­жилсэн болгоныг нухчин дарангуйлдаг, иймэрхүү л хүмүүс байдаг юм. Ерөнхийлөгч болоод одон медаль их тараадаг болж. Хүмүүст хувиасаа одон шагнаж байгаа мэт л олгодог дуулдах юм. Хүмүүс минь та гавьяат болж бололгүй яахав. Гэхдээ энэ чинь та өөрөө хөдөлмөрөөрөө авч байгаа шагнал юм шүү дээ. Би нэг юм боддог болсон. МАХН-ыг шинэчилнэ гэж сүүлийн үед их ярих боллоо. Тэгвэл МАХН-ыг шинэчлэх нэг том зүйл бол энэ намд шургалсан Энхбаярын гар хурууг тасдаж хаях хэрэгтэй. 2004 оны сонгуульд МАХН ялагдсан нь яах арга үгүй энэ хүнтэй холбоотой. Хариуцлага тооцох хэрэгтэй байсан юм. Гэвч зальтай хүн болохоор цэвэрхэн бултаж чадсан. Одоо энэ хүнд намууд хэрэггүй болсон байна. Намууд, иргэний хөдөлгөө­нүүдийг л хооронд нь хагаралдуулах зүйлд санаа тавьж байх шиг.

-Энэ бүх булхайтай зүйл хийж төрийн ажил цалгар­дуулж байхад нь танаас өөр шүүмжилж хэлж ярьж өгдөг хүн байгаагүй юм уу?
-Н.Энхбаярыг дарж хазаарлаж байсан олон сайхан хүн байсан. Тэд харамсалтай нь бүгд нас нөгчсөн. М.Зэнээ, О.Даш­балбар, Ш.Отгонбилэг, Л.Энэбиш гэх зэрэг. Гэхдээ үе үеийн эх орончид энэ хүнийг дураар нь дургиу­лахгүй. өөрөө огцрохгүй бол эх орончид, шударга хүмүүс хэзээд огцруулж чадна. Энэ Н.Энхбаяр нөхөр халдашгүй дархан эрхэнд халдав гэж надад гомдоллосон. Тэр халдашгүй дархан эрх гэдэгтээ өөрийгөө шүүмж­лэхгүй байх гэж л ойлгосон бололтой юм . Тийм биш. Ерөнхийлөгчийн дээр Монгол төр, Монголын ард түмэн байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Н.Энхбаярын талаар манай сэхээтнүүд тун таагүй зүйл хэлсэн байдаг. Талийгаач С.Эрдэнэ гуай байна. Тэрбээр “Алсын бодолгүй, алсын шуналтай хүн юм” гэсэн байдаг. Н.Багабанди гуай “Урт шар дээлтийн учруулж болох хор хөнөөлөөс сэргийлж ажил­лаарай” гэж байсан.

-Хадгаламж банкны хэрэгт таныг холбоотой хэмээн гадуур яригдаж байгаа. Энэ банкны хэрэгт холбогдохоос айсандаа таныг Ерөнхийлөгч рүү давшлаад байна хэмээн гадуур яригдаад байгаа. Энэ талаар таны бодлыг сонсох хэрэгтэй мэт?
-Хадгаламж банкны хэрэгт би ямар ч холбогдол байхгүй. Тэр мөнгөнөөс нь авч идэж уусан, тэр нь батлагдвал цаазаар авахуулахад ч гомдохгүй. Харин намайг худал гүтгэж үүнд хутгах гэсэн сонирхол байхыг үгүйсгэхгүй. Тиймээс би их болгоомжилж айж байгаа. Энэ хүнээс айхгүй бол болохгүй хүн ш дээ. Аминд халтай хүн байгаа юм. Ийм учраас л ард түмэндээ ний нуугүй хэлж байна. өөрийнх нь буруутай үйл ажиллагааг яриад эхлэхээр намайг хууль, шүүхээрээ дарамталж магад­гүй. Олон жил нөхөрлөж явсны хувьд юу хийдгийг, ямар юм найруулан тавьдгийг нь мэднэ. Энд нэг юм хэлэхэд би сая ил захидлаараа энэ нөхрөөс биш ард түмнээсээ хүлцэл өчсөн юм шүү. Би ард түмэнд таагүй сэтгэл төрүүлсэн бол уучлаарай гэж л гуйсан юм. Түүнээс ийм муухай зүйл хийдэг хүнтэй бол хамгийн хатуу үгээр хэлж тэмцэж байх болно. Харин энэ шударга бус зүйлтэй хийх тэмцэлд ард түмэн минь тус дэм болж намайг дэмжээрэй гэж гуйх байна.

Ярилцсан Ж.Сандагдорж, Өдрийн сонины 2007 оны 8 сарын 3-ны дугаар

August 2, 2007

МАХН-ын сүүлчийн боломж МАХН-ын нийт гишүүдэд зориулав

Filed under: - Нийтлэл -,судлаач Д.Ганхуяг — haichilbar @ 8:00 pm

Удахгүй МАХН-ын Бага хурал болох гэж байна. Бо­доод байх нь ээ энэ хурал МАХН-ын хувь заяанд амин чухал эргэлт болох нь эргэл­зээгүй байна. Шууд хэлэхэд энэ нь МАХН-ын сүүлчийн бо­ломж юм. Учир юун хэмээ­вээс төр засгийн будлиан са­мууны хамаг хүндийн төв яг одоо МАХН дээр төвлөрч, энд болох өөрчлөлтөөс улс ор­ны хувь заяа шалтгаалах цаг болоод байна. МАХН-ын­хан яаж ч ярьж тайлбарлаж бо­лох авч энэ бол яав ч нэг на­мын дотоод асуудал биш юм.
Хамгийн сүүлд хийсэн социологийн судалгаагаар МАХН-ын рейтинг 27 хувь, АН-ынх 24 хувьтай байна. Ардчилал эхэлснээс хойш МАХН-ын рейтинг 40 хувиас доош орж үзээгүй байсан юм. МАХН-ын эрх баригчид энэ тоог тас нууж байгаа бөгөөд энэ нь МАХН-ын хувьд бараг үхэл мөхөл боллоо гэсэн хэрэг юм.

Энэ нь МАХН-ыг ийм хям­ралд хүргэсэн Н.Энхбаяр тэргүүтэй адгийн новш­нуу­дын хийсэн намын шинэчлэл нэртэй бузар ажлын үр дүн юм.

Сүүлийн үед манай улс төрийн нөхцөл байдлыг цэг­нэн үзэхэд дараахь үндсэн дүгнэлт гарч байна.

· Нам болон төрийн харил­цаа алдагдаж, нам нь тө­рийнхөө дээр гарав.

· Нам болон төрөөр 5-6 хуйвалдагч бүлэглэл тог­лох болов.

· Хууль тогтоох болон гүй­цэтгэх эрх мэдэл холил­дож, төрийн легитим шинж ал­дагдав.

· Монгол орон төргүй ша­хам болж, төрийн удирд­лага, жолоодлого алдрав.

· Намуудын байр суурь тодорхойгүй болж, бүрэн дам­пуурав.

Ийм дүгнэлт хийхэд нэг их ухаан огт хэрэггүй, бүг­дээрээ л үүнийг ярьж, үглэж байна. Энэ хямрал самууныг сиамын ихэр болтлоо хол­богд­сон боловч улс төрийн байнгын жүжиг тавьж байдаг МАХН, АН хоёр даамжруулж байна. үнэн хэрэг дээрээ АН гэж үгүй, харин МАХН-тай хэд хэдэн тусгай сувгаар хол­богд­сон томоохон бизнес бүлэглэлүүд л байгаа. Тэгэ­хээр хямралын гол шалтгаан нь МАХН-ыг эзлэн авсан эдийн засгийн томоохон бү­лэг­лэлүүдийн өрсөлдөөн, алалцаан болж байна.

Одоо МАХН-ын Бага хур­лын 240 гаруй гишүүдийн ердөө л 12 нь анхан шатны байгууллагыг төлөөлж байна. өөрөөр хэлбэл, МАХН-ын Бага хурал бүхэлдээ нударган баячуудаас, одоогийн хэллэ­гээр олигархиудаас тогтож байна.

Н.Энхбаярыг удирдаж бай­­хад амар байж. Түүнийгээ шүтээд, түүндээ авлига өгч албан тушаал аваад, оройн дээд үндэсний удирдагч бол­гож залаад толгой өвдөхгүй, бие зовохгүй, тэнэг царай­лаад болоод байж. Гэтэл ийм дарангуй систем нэг их хол явдаггүйг дэлхийн түүх ха­руулж байна. Акаевгүй Киргиз, Ниязовгүй Туркмен, Шевар­надзегүй Гүржийг хар. Эд бүгдээрээ үндэсний удирдаг­чид, ард түмний эцэг байсан билээ.

Ганц Н.Назарбаев үлдэв. Гэхдээ тэрээр Евроазийн концепци дэвшүүлж, саяхан Евроазийн холбоо байгуулах санал гаргасан нь ихээхэн талархал хүлээж байгаа ба хатуу төвлөрсөн удирдлагаа парламент-Ерөнхийлөгчийн хосолмол засаглалаар хала­хаар өөрөө санал гаргаад байна. Ямар ч гэсэн Назар­баев улс орноо дампуу­руу­лаагүй юм. Тэр Хятад, Орос болон АНУ-ын дунд ихээхэн ухаалаг тоглож чаджээ.

Харин манайд бол бүх юм урвуугаараа. Үндэсний удир­дагч Н.Энхбаяр 1998 оноос эхлэн МАХН-ыг удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд бараг цоо шинэ нам болгож, энэ нь авлигын аалзны тор болж өссөн бөгөөд асар удалгүй Монголын төрийг ороож эхэлсэн юм. Одоо энэ аалзны торыг таслахаас нааш МАХН яагаад ч өөдлөхгүй гэдгийг мөн ч олон хэлсэн дээ, та нарт.

МАХН-ын авлига, дээр­мийн сүлжээнд орсон оли­гархи хөрөнгөтнүүдийн хэт мул­гуу авир, үйлдлээс болж МАХН ялагдсан бөгөөд түүний дам­пуурлын замыг эхлүүл­сэн юм. Монголд МАХН-ын дам­пуурал гэдэг бол шууд ут­гаа­раа төрийн дампуурал гэ­сэн үг болно. Одоо нам, тө­рийн­хөө байж байгаа царайг хар.

Их сайхан өөдөлж байсан намыг М.Энхболд гарч ирээд сөнөөчихөж байгаа юм биш. Н.Энхбаярын бий болгосон нам, төрийн систем нуран унах үйл явц жам ёсоороо болж байна. Харин М.Энхболд бол тэргүүлэх луйварчин Н.Энхбаярын өөрөө амь та­вин зүтгүүлж байж гаргаж ир­сэн гарынх нь шавь шүү дээ.

МАХН бол Монголд буй бараг цорын ганц төлөвшсөн институт бөгөөд энэ нь оно­лын хувьд хэдхэн хүнийг зайлуулбал уг байгууллагыг аварч болно гэсэн хэрэг юм.

Ямар ч гэсэн 1997 оноос эхлэн хийсэн Н.Энхбаярын намын шинэчлэл бүрэн дам­пуурсан нь тодорхой байна. Уг нь ийм шинэчлэл МАХН-ыг сөнөөх алхам, улс орон системийн хямралд орлоо гэдгийг 10 жилийн өмнө анх хэлж байсан маань зөв байж. Одоо дахиад л МАХН-ыг ши­нэч­лэх ёстой болж үнэхээр хөгийн байдалд ороод байна. Хэдийгээр математик магад­лалын хувьд бараг боломжгүй боловч дараахь цочир эмчил­гээг хийвэл МАХН-ыг жинхэнэ ёсоор аврах боломж байж магадгүй юм.

Нэг. Улс орны өнөөгийн байдалд улс төрийн дүгнэлт өгөх

Бид тун удахгүй баяжих гэж байна, жаахан тэвчиж үз гэсэн стратеги явцгүй нь тодорхой болсон энэ хэцүү үед хэн ч харсан илтэд буй учир утгагүй байдалд улс төрийн зоримог үнэлэлт дүг­нэлт өгөх ёстой. Монгол Улс нийгэм-эдийн засгийн бараг бүх үзүүлэлтээрээ ухарч байгааг олон улсын бараг бүх байгууллагуудын судалгаа гэрчилж байна. Зөв удирда­хаар ийм болдог юм уу. Хэрэв үнэн зөв онош тавихгүй, эсвэл түүнийг хүлээн зөвшөө­рөхгүй юм бол өвчнийг эдгээх боломжгүй. МАХН одоо бол­тол энэхүү илт замбараагүй байдалд улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа. Улс төрийн дүгнэлтийг мөнгөө савируулсан тэнэгүүд хий­дэг­гүй юм.

Хоёр. Улс орныг хямралаас гаргах төлөвлөгөө, үзэл суртал боловсруулах

МАХН-д аль хэдийнэ мар­таж, тоосонд даруулчихсан ардчилсан социализм гэгч л байгаа бөгөөд одоо МАХН-д түүнийгээ санаж, мэддэг хүн бараг үгүй болжээ. Үзэл са­нааны үндэс байхгүй улс төрийн байгууллага сөнөдөг жамтай, тэр жамаараа л явж байх шиг байна.

Зарим хүн Н.Энхбаярын Ерөнхийлөгчийн засаглал тогтоох пиар болсон “үндэс­ний хөгжлийн цогц бодлого” гээч зүйлийг духандаа наах гэж байж магадгүй. Энэ бол шинжлэх ухааны ямар ч үн­дэс­лэлгүй, түүний пиар, рек­лам бөгөөд үүнийг эртхэн шиг жорлонд хаявал таарна. Хэ­рэв Н.Энхбаярын “Цогц бод­лого”-ыг баталбал МАХН, улмаар Монгол Улс сөнөхийн цондон болохыг юуны урьд сануулж байна. МАХН шинэ санаа гаргах ямар ч бэлтгэл­гүй байгаа. Учир нь МАХН эрдэмтдийнхээ багийг аль хэдийнэ устгасныхаа горыг амсаж байгаа нь тэр. Нэгэнт цаг хугацаа байхгүй болохоор энэхүү шинэ үзэл санааны зарчим, хүрээг тогтоож өгч болно.

Гурав. Зохион байгуулалтын асуудал

Тоглолтын шинэ шударга дүрэм зохиож, төр болон намын давхцлыг арилгах, хувийн тоглолт хийдэг адгийн тэнэг арга барилаасаа ангиж­рах хэрэгтэй. Бага хурлынхаа бүрэлдэхүүнийг орвонгоор нь сольж, кооптацийн зарчмыг ихээхэн хэмжээгээр хязгаар­лах ёстой. МАХН-ын оюун сэтгэлгээний чадвар бараг тэг болсон үед намаа шинэчилж байна гээд мэдлэггүй, чадвар­гүй, урагшгүй мөртлөө өөрий­гөө ертөнцийн төв гээд бод­чих­сон бухан бяруунуудыг гаргаад ирэв дээ. Тэд чинь одоогийн хэдээсээ долоон дор луйварчин.

Дөрөв. Лидерийн асуудал

МАХН-ынхан гэхээр бүг­дээрээ дүүрчихсэн хүмүүс мэдээж биш. МАХН-ын сис­темд удирдагч хайх сэтгэл зүйн гаж зүй тогтол ажиглагд­даг юм. Энэ нь дорно дахины, нэн ялангуяа нүүдэлчдийн араншингаас үүдсэн бодит үзэгдэл юм. Тэгж тэгж тэнэг ч гэсэн нэг удирдагч олоод авчихвал түүнийгээ орой дээрээ залж аваад ёстой нэг арми шиг хөдөлнө дөө. Хариз­мын үзэгдэл ард түмэн бол­гонд ямар нэг хэмжээгээр байдаг боловч манайх шиг ийм тэнэг фанатик хэлбэртэй нь тун ховор.

Ц.Нямдоржийн тодор­хойлс­­ноор “хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” болсон МАХН-ыг “хүмүүнлэгийн замбараа­гүйд­лийн доод хэлбэр” болгож мөхлийн ирмэгт хүргэсэн гэмтнүүдийг улс төрийн тав­цан­гаас зайлуулахгүйгээр МАХН-д ямар ч шинэчлэл болохгүй. МАХН-аас Н.Энх­баярын нөлөөллийг шахан зайлуулж, түүний хуучин болон шинэ багаас нэг ч хүнийг МАХН-ын удирдлагад оруулж болохгүй. Эднийг МАХН-ын гишүүд нэр устай нь сайн мэдэж байгаа. Олон тэнэг дарга нарынхаа хэн нэгнийг түшиж байж хямра­лаас гарна гэвэл тун их эн­дүү­­рэл болно. Тулгамдсан асуудлыг шийдэлгүй арга­лаад, торгоогоод байх тэнэг цаг дуусч байна.

Одоо МАХН-д удирдлагын цоо шинэ баг хэрэгтэй. Хэрэв лидер хайгаад байгаа бол миний мэдэж байгаагаар С.Баяр, Н.Багабанди нараас өөр найдах хүн МАХН-д байх­гүй. Дашрамд дурдахад, тэд­ний сул талыг би сайн мэднэ, гэхдээ л энэ бол одоо байгаа цорын ганц боломж гэдгийг бас мэднэ.

Би мундаг сайндаа биш, шинжлэх ухааны судалгаа, системийн шинжилгээний үр дүн, хандлагыг хэлж сануулж байснаараа МАХН-ын Удир­дах зөвлөлийн гишүүнээс эхлэн намын бүх албан ту­шаал, мөн төрийн албанаас дөрвөн удаа нохой шиг зай­луулагдаж, дараа нь бүр намаас хөөгдөж, адаг сүүлд нь шүүхээр шийтгүүлж, бараг арван жилийн амьдралаа МАХН-д индүүдүүлсэн билээ.

Гэхдээ би МАХН-ын удирд­­лагын тэнэг, мулгуу, мэдлэггүй, арчаагүй аран­шингаас болж Монголын нийг­мийг донсолгохгүй гэсэндээ ёс суртахууныхаа сүүлчийн боломжийг шавхан энэ өгүүл­­лийг тэрлэж байна. Авах эсэх нь та нарын хэрэг бөгөөд миний мэдэж байгаагаар та нар бараг чадахгүй дээ. Хэ­рэв үүнийг хийхгүй юм бол МАХН гарцаагүй сөнөж, ой­рын үед улс төрийн цоо шинэ хүчин гарч ирнэ гэдгийг би баталгаатай хэлж чадна. Мон­голчууд идэвхгүй үзэн ядалтаас идэвхтэй тэмцэлд ороход ганц алхам л үлдээд байна.

Энэ тохиолдолд надад “ХОХЬ ЧИНЬ” гэхээс өөр үг үлдэхгүй биз ээ…

Өдрийн сонины 2007 оны 8 сарын 2-ны дугаар

August 1, 2007

ХОЙД НАСАНДАА Л УУЛЗАЖ ЯРИЛЦАХААС…

Filed under: - Нийтлэл -,Баабар — haichilbar @ 8:00 pm

Эрдэнэ гуайн амьдралыг өнөө үеийн бичиг номтой болгон цээжээрээ мэддэг.

Хэнтийн буриад, арав орчим насандаа эцгээсээ өнчирсөн, тухайн үеийн их хядлагын золиос төдийгүй амьд гэрч, багадаа Улаанбаатарт орж ирэн офицеруудын сургуульд суралцсан, дараа нь МУИС-ийн анагаахын ангид орж суралцаад эмч болсон. За тэгээд офицерын сургуульд байхын шүлэг оролдож эхэлсэн, тавиад оны сүүл­чээс богино өгүүллэг бичих болж энэ төрөл дээрээ шууд л нэгдүгээр ангилалд багтсан. Шинэ үеийн утга зохиолын монгол хэл буй болоход голлон нөлөө үзүүлсэн хэд­хэн хүн­ий нэг. Тэрээр нүдээр үзсэн, сэтгэлээр мэдэрсэн амьдралаа зүйрлэшгүй урнаар дүрслэн үзүүлдэг байлаа. Ийм л учраас түүний амьдралыг хүмүүс цээ­жээрээ мэддэг болсон хэрэг.

Бичлэг болгон их хөдөлмөр, ав­ьяас шаарддаг. Томрох тусмаа илүү хөдөл­мөр, бог­ин­осох тусмаа илүү авьяас нэхнэ. Онигоо, афоризм, дөрвөн мөрт, богино өгүүллэг бол юун түрүүн авьяасаас л хамааралтай. Тиймдээ ч богино өгүүллэгийн түүхэнд төрсөн хамгийн гигант нь гэж нэрлэгддэг Чехов “богино бичлэг гэдэг авьяасын дүү нь” (краткость – это сестрица таланта) гэж тодорхойлжээ. Арай ч дутуудуулчихаа юу! Богино бичлэг бол авьяасаас төрөн гарч буй үр хөврөл нь мэт. Өөрөөр хэлбэл, авьяасын хүүхэд нь богино бичлэг! Эрдэнэ гуай богино бичдэг байсан. Тэрхүү богино бич­лэгт нь бүхий л хорвоо багтдаг байлаа. Хоёрхон нүүр өгүүлэлд нь Библи, Коран, Дар­мапад гур­вуулаа багтана. Түүний баатрын ганц харцанд төрөх, үхэхийн хоорондох орчлон тэр чигээрээ. Хуланд дурлах залуугийн цээжинд хүн төрөлхтний бүхий л түүх, амьдралын хамаг л утга учир агуулаатай.

Зөвхөн шинэ юм л аугаа байдаг. Хуулбар хичнээн лут байгаад ч оригийнхоо дээр гарахгүй. Өнөөдөр Хамлет, Макбэтийг илүү урнаар, илүү сэтгэл татмаар урлах хүн бишгүй л биз. Гэхдээ тэр олон залуу Шекспирүүдийг хэн ч санадаггүй юм. Эрдэнэ гуай давтагдашгүй шинэ бүтээл хийсэн учраас хэзээ ч мартагдахгүй. Магадгүй тэрээр Монгол­­ын утга зо­хиолд төрсөн цорын ганц ориг ч байж магадгүй. Бид үндэс­ний юмаа магтан дуулах дуртай. Хоёр зууны өмнө амьдарч байсан математикч Мянгатыг дурсдаг. Яахав үндэсний бахархал. Гэхдээ тэрээр мянган жилийн өмнө лалын математикчдын нээж олсон алгебраар л оролдож байж. Хонь хариулж яваа нүүдэлчний хувьд бол гай­хамшиг, гэхдээ тоондоо онц сайн хүүхдийг өдгөө дэлхийн математикийн түүхэнд орлоо гэдэггүй шүү дээ. Харин Эр­дэнэ гуай бол од. Огторгуйд олон мянган од бий ч од болох хувь заяа бичиглээч болгонд олддоггүй. Ингэж од болоход ийм болж төрөх хэрэгтэй. Эрдэнэ гуай ингэж төрсөн ажгуу.

Эрдэнэ гуай өөрийн амьдрал, мэдрэмжээ зурагла­хад нэг сэдэв үргэлж дутаад байдаг байлаа. Энэ бол Монголын түүхэнд тохиосон хамгийн аймшигт явдал болох гучаад оны их хядлага билээ. Эрдэнэ өөрөө энэ хядлагыг туулан гарсан. Үүнийгээ хэлэх гэж тэрээр насаараа хүчилсэн юм. “Хрущев­ийн уярал” хэмээх хэдхэн жилийн үүлэн чөлөөн нарны туяанд үгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэ гуай байлаа. Эр­гээд энэ бүтээл нь хаагдсан боловч үзэл санаа галд шатдаггүй аж. Ерэн он харанхуй нийгэмд гэрэл тусгамагц тэрээр хэлэх гэхээр бол­омж ол­годоггүй бай­сан сэдвээ дахин хөндлөө. Аль дал наяад оны үед зориг гарган хэвлүүлсэн “Сэрүүн дуганы мөхөл” дэл­гэцэнд шилжлээ. Удалгүй их хядлагын тухай түүний роман хэвлэгдэв.

“Хойд насандаа уулзъя” бол түүний сүүлчийн, цорын ганц эмгэнэлт роман. Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урьд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага нас­ны гомдол, үнэнийг хайсан урт цөхрөл, олон жил хураасан нулимс, үй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хилэн, үнсэн нурман дунд өөрийн хөшөөг босгож чадсан омгорхол багтаж ядан чихэлдэх аж. Энэ бүхнийг хоёр хуудсанд багтаах боломж­гүй, учир нь зохиолч хүний эмгэнэлээс гадна түүхэн учир шалтгааныг нь гаргах гэж хичээжээ.

Энэ жил хэлмэгдэлтийн 70 жилийн ойн баяр болж байна. Есдүгээр сарын 10-нд болно. үнэндээ ийм нэршил ч хэлмэгдүүлэлт юм. Хэлмэг­дүүлэх гэдэг нь хэн нэгнийг эндүүрээд юм уу хэтрүүлээд шийтгэчихийг хэлдэг. Гэтэл энэхүү сүүлийн хориод жил тэмдэглэдэг болсон баяр нь ямар ч хэлмэгдүүлэлт биш, цуст аллага юм. Оросууд үүнийг репрессия гэнэ. Ийм төрлийн хувьсгалт аллага анх хийсний хувьд францчууд grand pourge гэж нэрлэх аж. Их хядлага гэсэн үг. Энэхүү хядлагад Монголын насанд хүрсэн бүх эрчүүдийн таван хүн тутмын нэг нь амиа зольсон. Үүнийг гадаад хэлээр геноцит гэнэ. Энэ нь үр үндсээр нь хүйс тэмтэрнэ гэсэн үг. Хэлмэгдлийн баяраас арай лавшруу юм болсон байгаа биз?

Нөгөө талаас хэлмэг­дүүлэл гэгч энэхүү үр үндсээр нь хядсан аллага 1937 оны есдүгээр сарын 10-нд эхэлсэн юм биш. Өч төчнөөн мянган лам хядаж байх явцдаа чухам энэ өдөр Монголын төрийн удирдагч­дыг бөө­нөөр нь баривчилж гарсан. Өөрөөр хэлбэл, энэ өдөр Монголд өрнөсөн хядлага ид дундаа л орж байсан хэрэг. Хядлага 1921 оны эцсээр “Саж ламын хэрэг” гэгч нэрээр эхэлсэн юм. Нэг үгээр хэлбэл энэ 2007 он бол ардын хувьсгалын ба их хядлагын яруу алдарт 86 жилийн ойн баяр юм. Далаад оны үед хот ороод ирсэн хөдөөний өвгөнөөс сонин юу байна гэж асуухад “үхсэн оросын 100 жил, үлдсэн хэдийн 50 жил, өмч хураасны 10 жил гээд хөөрцөглөсөн амьтан л их байх шив” гэсэн гэдэг. Ингэхээр өдгөө хэдэн арван жил үр­гэлжилсэн “хэлмэгдүүллийн” дараа үлдсэн хэдийнх нь 86 жилийн ойн баяр болж байна ч гэж хэлж болом.

Эрдэнэ гуайн роман хувьсгалын жилүүдийн ер­дийн нэгэн оныг хамарна. 1934 он. 1932 онд ард түмний бослогыг цус асгаруулан дарж, бороохой шийдмээр зэвсэглэсэн малчин ардын эсрэг аэроплон, их буу танк бүхий байнгын арми оруулан хядсанаас хоёр жилийн дараа. Шинэ эргэлтийн гэх хувьсгалт бодлого хэрэгжиж байсан тайван нэгэн жил. Тэр жил буриад ястныг үр үндсээр нь хяджээ. “Улаанбаатарын”, “Хэнтийн”, Дорнодын” гэсэн гурван зохиомол хэрэг үүсгэж нийлүүлээд “Лхүмбийн хэрэг” гэж нэрлэсэн аж. Бар­ив­ч­лагсдыг дундад зууны инквизаторын аргаар эрүү шүүлтээр тамлан зовоож байв. үй олон хүнийг цааш нь харуулсан даа. Эрдэнэ гуайн төрсөн сум Дадалын засаг дарга агсан эмэгтэйг жирэм­сэн байхад нь буудан хороосон.

Хядлагын он жилүүд нийт­дээ далаад жил үргэлжилсэн. Үүний сүүлийн дөчин жил нь магадгүй үнэхээр аллагын бус харин ердөө л хэл­мэгдүүлэлтийн жилүүд бай­сан байх. Намын хурал дээр даргыг шүүмжилсэн хэрэгт нь буудан өгөлгүй ердөө 25 жил цөлж нийгмээс гадуурхана гэдэг аллага биш хэл­мэгдүүлэлт л дээ. Ийм хар дарсан аймшигт урт удаан тамыг хүмүүс мартах учиргүй юм. Дахин давтагдуулахгүйн тулд мартахгүй байх ёстой. Хэргийг зохион байгуулсан нүгэлт институци өдгөө бурхан буян суртчилсан шигээ оршсоор байна. Энэ хэргийнхээ төлөө ард түмнээс ууч­лал гуйх байтугай өөрснийгөө хэлмэгдсэн гэсэн шүү юм ярина. 1932 оноос Монголын хэрэгт огт оролцохоо больсон Комин­тер­нийг буруутгана. Намын нэр хүндэд муу гэдэг шалт­гаанаар энэ талаар гарсан судалгааны номыг “хэлмэг­дүүлэл­тийн 70 жилийн ойг” тохиолдуулан бөөнөөр нь шатаасан байх юм. Манай ард түмэн ч уужуу сайхан сэтгэл­тэй юм болохоор хар буруу санадаггүй, харин хядуулсан өвөг дээдсийнх нь амь болгонд нэг сая төгрөг төлөхөд хэд хоног сайхан цадсан даа. Буудуулсан 20 мянган ламын хойд дүр болох өнөөгийн улаан шарыг хослуулагсад МАХН-ыг бурхны ша­шинд хамгийн ээлтэй улс төрийн хүчнээр шал­гаруул­сансан. Хамбын овоо­ноос хэдэн мянган ламын ясны овоолго гарч ирдгийн урьд өдөр шүү. Хувь заяа мөн ч шоглоомтойёо!

Бузар хэргийг мар­туулахгүй, өөрөөр хэлбэл, давтагдуулахгүй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Мон­гол­­ын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримал сүүлийн нээлттэй болсон хориод жилд энэ талаар юу бүтээв? Хоосонгүй л байх. Нэгийн зэрэг хөшөө бий, лав. Оргүйд орвол охинтой төдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хий­хээр хөөцөлдөн төрд ханджээ. Ердөө сэтгэл санааны л дэмжлэг хүссэн байна. Арай ч салаавч үзүүлсэнгүй, гэх­дээ үгүй л гэж дээ. Ийм киног санхүүжүүлж орхиход хич­нээн л юм гарав гэж. Харин үр дагавар нь түүх давтагдахгүй нөхцөлийг бүр­дүүлнэ шүү дээ. Ц.Доржготов “үр ач танаа” нэгэн роман бичсэн. С.Эрдэнэ гуай “Хойд насандаа уулзъя” гэж болзсон. Ингээд л бараг энэ хоёроор нүүр тахлаад дуусна. Ичмээр юм, үндэсний энэ гамшиг зовлонд хандаж бай­гаа монгол хүний гүндүүгүй сайхан чанар! Адгууслаг чанар юм болов уу? Өнгөрснийг санахгүй, ирээдүйг төсөөлөхгүй, харин өнөөдрийн үмх махны төлөө биенээ ч барьж идэхэд бэлэн.

Өдрийн сонины 2007 оны 8 сарын 1-ны дугаар

July 25, 2007

ЭЛСНИЙ АРВАН ГУРВУУД (Тэдний арван жилийн ойд)

Filed under: - Нийтлэл -,Баабар — haichilbar @ 8:00 pm

Дээр үед “Элсний арван гурав” гэдэг Зөвлөлтийн кино гардаг байлаа.

Юуны ч төлөө юм бүү мэд байлдсаар бай­гаад бүгд үхдэг 13 комму­нистын тухай эл бүтээл урла­гийн хувьд нойль, хүн сонир­хохоор юу ч үгүй, тэр үеийн ердийн нэг фанатик мангар кино. Одоогоос яг 10 жилийн өмнө Төрийн эрх барьж бай­сан Ардчилсан эвслийн дотор 13 эсэргүү гэнэт тодорсныг “элсний арван гурав” гэж нэрлэсэн нь ердөө л эл кино­ны нэрний тоо таарсантай л холбоотой. Түүнээс тэдэнд ямар ч үзэл суртал, ядaхнаа коммунист ч болохноо чиг баримжаа байгаагүй юм.

Өөрснийгөө тэд “элсний” гэж дуудуулах дургүй, “хө­дөө­ний” гэж тодотгож байлаа. Үнэхээр ч хөдөө суманд багш, эмч хийж байсан, улс төрийн ямар ч туршлага байх­гүй, хотод ч цөөн ирж үзсэн арваад хүн гишүүнээр сонгог­дон орж ирсэн нь улстөрчид гэхээсээ сайн дурынхан мая­гийн бай­лаа. Тэдэнд УИХ-аас бөөнд нь нэг дор байр олгосон нь нэг маягийн хамт олон үүсгэжээ. Бүгд тэр хэдийг дэмжинэ, тусална, гол нь өхөөрдөнө. Хэн нэгний санаа­чилгаар айл болгонд хөргөгч, зурагт гээд наад захын та­вилга үнэгүй тавьж өгөв. Гар утас дөнгөж гарч байсан учир тансаг хэ­рэг­лээ байв, гэхдээ л бүгдэд нь утас үнэгүй олж өгөөд ярьсан төлбөрөө өөрс­дөө хариуцахыг сануулав. Харин сарын дараа сая төг­рөгөөр яриад хаячихсан хэд маань утас өгсөн эзэн рүү “ийм их мөнгө нэхээд байхдаа яад­гийм” гэж агсарцгааснаар анхны зөрчил үүсэн хэн хү­ний сэтгэлд юм хийж орхив. Хэл ус ч үгүй тэднийг удирд­лагаас зориуд санаачлан хамгийн ихээр гадаад явуул­на. Шагнаж дэмжиж байгаа байдал нь. Гадны сургалтын хуваарьт юун түрүүн ха­мааруулж үр хүүхдийг нь төлбөргүй сургуульд явуулж байлаа. Германд төрийн айлч­лалаар очсон тэр хэд санал сэтгэгдлийн дэвтэр дээр нь алга дарам том хас тэмдэг зурчихаад “Манай Чингэс, танай Гитлер хоёр ийм тэмд­гийн дор дэлхийг эзэлж бай­сан” гэж гайхсан герман­чуудыг улам цочирдуулж байв. Согтуу галзуугаараа нэг бус удаа эх орныхоо нэрийг мандуулж явсан олон жишээ сонсогдоно.

Тэднийг дэмжиж эрх­лүү­лэх тусам зан нь огцом ху­вирч байв. Бизнес эрхэлдэг, амьдралд хэдийнэ хөлөө олчихсон бусад зарим ги­шүүд­тэй тэд юун түрүүн мө­чөөр­хөж эхэлсэн юм. Зурагт, гар утас төдийхнөөр ма­ний­гаа хуурчихаад өөрснөө аль л өрөмтэй өөхтэй хэсгийг нь түүж байна гэсэн хардлагатай болоод авав. Банк, пиво, худалдаа, ноолуурын чиглэ­лээр бизнестэй гишүүдийг энэ салбараа дагнаад өмчил­чихсөн гэж ойлгоод өөрсдө­дөө аль нэг салбарыг ху­ваа­рила­хыг шууд тулгадаг боллоо. “Аятайхан эвээр ярил­цаад сектор сектороор нь хэрүүл амгүй хуваагаад авъя!” гэсэн хачирхам санал улаан ца­гаан­гүй хэлж байсан юм. Удал­­гүй тэд улаан шан­тааж­чин болж мэргэшив. Ха­маат­ны хүүхдээ гадаадад сур­гуульд явуулах, эсвэл угалз агнуурын лиценз эзэм­шихээр холбогдох яамыг дарамтлах ба эс зөвшөөрвөл дорхноо УИХ-ын шалгалтын групп гэгчийг зохион бай­гуулна. Тэдний нэг нь Ерөн­хий сайд дээр орж ирсэн нэг тохиолд­лыг санаж байна. “Солонгост машин мөн хям­дарчээ. Би сая ердөө 12 мянгаар нэг Сонато ачуу­лахаар болчих­лоо” гэж хөө­рөв. “Сайн л бай­на, тэгээд яаж туслах вэ?” гэ­тэл “Мөнгийг нь дарга та төл­чих юм байгаа биз дээ. Хө­дөөний надад тийм мөнгө хаана байх билээ” гэж хээвнэг туудаг юм!

Монгол-Малайзын Зас­гийн газрын хүрээнд Эгийн голд 350 орчим сая доллараар усан цахилгаан станц барих тухай яриа хэлэлцээ өрнөж байлаа. Аварга хөрөнгө оруу­лалт, аварга бүтээн байгуу­лалт! Гэтэл хов хотын, бив бизнисч, ав ардчилсан нэг гишүүн гар мөнөөх станцыг Чехийн жижигхээн гар хоосон компаниар бариулах санаа­чил­­­­­­га өрнүүллээ. Уг нь эрүүл хүн гаднаас нь хараад үл бүтэх зүйл байсан юм. Гэвч цаад чехүүд нь төсөл өгвөл 20 сая доллараар гар цайл­гана гэжээ. Аварга Японы Ерөнхий сайд Танака Аме­рикийн Лок­хид хэмээх аварга компанид төсөл олж өгөөд ердөө ганц сая долларын хахууль өгсөн нь баригдаж байсан. Тэгэхэд ийм өчүүхэн орны ийм өчүү­хэн гишүүнд тийм жижиг Че­хийн тийм жижиг компани хорийн хорин сая төгрөг биш доллар амлаж ч байдаг, наа­дах нь итгэж ч байдаг. Алаагүй байтугай огт байхгүй баавгайн арьс ху­ваагдлаа! Хүн болгонд сая доллар, тэгээд цаана нь илүү гарч байна! “Их хурлын ги­шүүн байхдаа ганц сая дол­лар хийчихээд бууя” хэмээн тас хөдөөний нэг эр хэлээд суниаж байсныг санаж байна. Сая доллар “хийхэд” түүнээс хавьгүй ухаантай боловс­ролтой америк, япон хүн хич­нээн жил хүнд хөдөл­мөрлөх бол? Мэдээж тэдний сая дол­лартай байтугай төг­рөг­тэй болох ч гэж хаашаа харсан юм байхав. Яригдаж байсан Эгийн голын төсөл нуран унаж бөөн хардлага сэрдлэг л хоцорлоо. Харин хотын удирдагчтай хэд маань өөрсдийгөө хөдөөний угшил­тай шударга арван гу­рав гэж нэрлэн зохион бай­гуулалттай бүлэглэл болон хувирлаа. Уг нь хөдөөнөөс угшилгүй мон­гол хүн гэж хаа байх вэ дээ. Ийм угшилтай байхаараа шударга болдог нь ч юу билээ?

Хувьсгалт нам 25 ги­шүүн­­­­тэйгээр сөрөг хүчин байлаа. Мань элсний 13 тэд­ний үнэнч холбоотон болов. Эрх баригчдын хурал зөвлөл­гөөн бүрийн дараа хот угшил­тай удирдагч хөдөө­нийх­ний­гөө төлөөлөн сөрөг хүч­ний удирдлага дээр очиж өөрс­дийнхөн нь юу ярилцаж юу төлөвлөснийг тайлагнаад тэр­нийг нь хэрхэн унагах тухай хамтарсан төлөвлөгөө боловсруулна. Хожим сөрөг хүчний нэгэн ярихдаа “Танай тэр хүн мөн ч увайгүй шаар даа. Бидэнд сөрж байх нь хэрэгтэй байсан учраас л нүүр рүү нь нулимчиж чадах­гүй тэсээд хамтарч хуйвалд­даг байж билээ” гэсэнсэн. Тэдний нөгөө нэг хамтрагч нь тэр үеийн Ерөнхийлөгч байв. Чухам тэдний хүчээр Ерөн­хийлөгч үндсэн хуульд зааг­даагүй том эрх эдэлж чадаж байлаа. Юуг ч гацааж, юуг ч юу ч гэж тайлбарлаж, оролцох ёсгүй юмандаа хутгалдан эрх мэдлийг эдэлсэн шиг эдлэн жаргаж байв. Тэдний буянаар парламент дахь цөөнх үнэн хэрэгтээ шийдвэр гаргагч болон хувирч намын дарга нь улс орныг жинхэнээрээ ал­бан бусаар удирдах болов. Тэдэнтэй ажиллан бужигнаан үүсгээд завших санаатай бүлэглэл, хүмүүс Их хурлын гадна дотно санасныг бодвол олон байлаа.

“Сэргээн босголт” бан­кинд томоохон луйвар гарс­ныг Засгийн газар илрүүлэн арга хэмжээ авч эхэлсэн нь мөнөөх 13-ын хувьд өнгө оруулсан сайхан тоглолт бол­лоо. Ард түмэн, эх орон, шударга ёс гэхчилэнгийн үгс тэдний ретуаль маягийн маань мэгзэм болов. Банк шалгах УИХ-ын бүрэлдэ­хүүнд тэд идэвхийлэн нэрээ бичүүлээд хүн болгонд 10 сая төгрөг өгөхийг шалгалтын явцад шаардаж, чингэвэл шалгалт цэвэр гарна гэж ам­лаж байлаа. Тэрийг нь өгөө­гүй учраас л АХБ-ны 35 сая долларын зээлээр хийгдэж байсан банк, санхүүгийн реформ будаа боллоо! Үнэ цэнэт аж ахуйг хувьчлах хөтөлбөр таг зогслоо! Төр тэр чигээрээ параличд орон, тө­рийн механизм гацан ямар ч хөдөлгөөн хийх аргагүй бо­лов. Муу тусмаа сайн гэдэг хууль Монголын төрд үйлч­лэх болсон юм. Яам тамга, төрийн бүх байгууллагуудад “шударгадах” өвчин халд­варлаж, ердийн зувчуулал, хулгай, хариуцлагагүй үйлд­лээ “шударга үнэний төлөө” гэж тайлбарлах болов. Ололт, хөгжил, дэвшил талаас нь яривал тэр үед ид цэцэглэж байсан шар хэвлэл л хөгжлийн гайхамшгийг үзүүлж байлаа. Цуу яриа, гүтгэлэг, увайгүй доромжлол ердийн норм болж адгийн шаарууд тэнгэрийн од шүүрцгээх болсон юм. Шар хэвлэлүүд харин мань хэдийг догиож өгнө дөө. Шударга л гэнэ, эх оронч л гэнэ, ард түмэнч л гэнэ. Одоо л март­чихсан болохоос тэр үед олон хүн тэдний нэрийг тогтоосон юм шүү!

Зоригийн гэнэтийн үхэл мань хэдийг тосолсон гутал шиг өнгө оруулж дараагийн мөнхийн оргилд дуудлаа. Гэмгүй гурван нөхрөө шоронд явуулж амь насаар нь тоглож орхив. Тэдний нэг болох архиндаа түлэгдчихсэн гай­хал нэгэн, аллага казино хоёр хэрхэн холбоотой болохыг нүдээр харсан тухайгаа гэрч­лэн тодорхой хүмүүсийг гүт­гэн шүүх цагдаагаар гүйж байв. Өөрийг нь гаргаж ирсэн улс төрийн хүчнийг хараан зүхэж, тэгснээрээ өөрийгөө хэрхэн шударга хүн болохыг харуулах нэг маягийн со­циалист уралдаан тэдний дунд өрнөжээ. Уралдаанд дээгүүр байр эзэлсэн хэд нь Их хурлын орлогч, байнгын хороон дарга болцгоож улсын машин унан, давхар хаал­гатай тусгай контоорт заларц­гааж, Шариков ч мөрөөдөмгүй язгууртан болцгоолоо. Шу­дарга гээч юмны үлгэр эсгүүр болсон тэд аль болох гэдийн алхацгаах боллоо, харин гэ­дийх тусам сүүл нь газар шүргэж тоос бужигнуулна.

Засгийн газрыг огцруулах эсэх нь зөвхөн тэднээс л хамаардаг боллоо. Засгийн газрын ээлжит огцролтоор тэд өөрснөө төрийн эрх авах гэж оролдсон юм. Хэдүүлээ цуг­лан булаацалдаж булаацал­даж удирдагчийгаа дараагийн Ерөнхий сайд болгохоор арай гэж нэг юм тохироод нэг­нийгээ төлөөлөгчөөр томилон намын даргад саналаа хүр­гүүлэхээр явуулжээ. Өнөөх нь замдаа Ерөнхий сайдад горилогчийн нэрийг баллаж сохлоод өөрийнхөө нэрийг тавьж орхив. Бүтэн сайны хар өглөөгүүр намын даргын гэрт унтлаганы өрөөнд нь тавьж орсон мань эр “дарга та итгэвэл би зүтгэхэд бэлэн” гэж рапортлодог юм. Дээд сургуулийн нэгдүгээр курсээс хөөгдсөн мань хөлхи эр “Нам надад итгэл хүлээлгэн Ерөн­хий сайд болговол төрөлх намынхаа төлөө би сүүлчийн дусал цусаа дуустал зүтгэхэд бэлэн байна” гээд засвартай сонуурдлагаа хөнжил дээр нь тавих нь тэр. Машины дон­сол­гоонд яаруу сандруу зас­сан бичигт жинхэнэ гори­логчийн нэрийн хэсэг цоорсон байх ба өөрийнх нь нэр татал­даад дөнгөж гаргагдахаар муухай сарайна.

2000 оны сонгуулиар ард түмэн тэр хэдийн маань үл­гэр жишээ шударга байдлыг ойшоож үнэлсэнгүй. Зайлуул, амь амихандаа энд тэнд хэр чадлаараа голоо зогоогоод л яваа дуулддаг юм. Нэг нь дипломат паспортоо авч үл­дээд түүгээрээ гул барин Солонгост хүн бөөнөөр нь гаргаж яваад баригдан шо­ронд орсон л дуулдсан. Хонь хариулдаг хүнийг хоньчин гэдэг шиг түүнийг хүнчин гэх болсон гэнэ лээ. Нөгөө нэг нь уурхайд жолооч гэсэн. “Та нарыг бодвол би Их хурлын гишүүн байсан” гэж агсарч байгаад жолооч нарт салмай­тал зодуулсан дуулдсан. Нэг нь зайлуул бүр архинд орсон гэнэ лээ. Юм үзэж газар таньсан юм болохоороо ихэнх нь эхнэрээ сольсон гэсэн. Намаа ч бас сольцгоосон байх. Зарим нь гайгүй яваа юм билээ. Хувийн сургууль байгуулсан ч гэх шиг. Тэр байтугай тэр сургуульд нь оюутан сурдаг гэсэн шүү!

Өдрийн сонин 2007 оны 7 сарын 25

Арван дөрөв, баялаг хараал уу, ерөөл үү?

Filed under: - Нийтлэл -,Х.Баттулга — haichilbar @ 2:04 pm

Баялгийн хараал

“Баялгийн хараал” гэж нэрлэсэн хүчин зүйл байгалийн баялагтай орнуудыг дайрдаг гэсэн санааг Ж.Соросын санаачилгаар хэвлэсэн шилдэг эдийн засагчдын бүтээлийн товхимолд (”‘Escaping the resource curse” 2007) дурджээ. Байгалийн асар их баялагтай 36 улсыг судлаад 34 нь нэн ядуу байгаагаас тэд ийм дүгнэлт хийсэн байна. Монголчууд бид ч энэ дүгнэлтээс нэг их гажсангүйг түүх харуулна.
1920 он. Сэцэн хан аймаг. Хөвчийн Жонон вангийн хошуу. “Балт минь сайн газарчлаарай. Газарчин Балтын зүтгэлээр алт олж чадвал Жонон вангийн хошуу байтугай Сэцэн хан аймаг даяараа, сохор гуйлгачин хүртэл баяжина” . Хошуу ноён нь газарчин Балтыг алтны оросуудтай явуулахын өмнө ийн захив. Энэ бол “Төөрсөөр төрөлдөө” кинонд бууж үлдсэн баримт.
1972 он. “Эрдэнэт” үйлдвэрийг оросуудтай хамтарч ашиглахын өмнө МАХН-ын Улс төрийн Товчооноос “Дэлхийд аравт орох энэ үйлдвэр ашиглалтанд ороод бид коммунизмд орж хутга тавилгүй мах иднэ” гэж сурталдав. Ядаж Эрдэнэт хот гайхахаар хөгжилд хүрсэнгүй.
1996 он. Тамсаг булаг. Ерөнхийлөгч П.Очирбат шинэхэн дээлэндээ тос нялж шоудангаа “Хай, ингээд монголчууд баяжив аа” гэж тунхаглав. Тамсагаас холгүй Матад сумын төв гэж яйжийсан хэдэн байшинтай хүн ам цөөнтэй, гэрэл гэгээ ч үгүй сум байна. Нефтийг нь хятад руу зөөсөөр л… Үе үеийн ноёдууд ингэж ухуулж байгаад гадныханд ашигт малтмалаа өгч байсан ч ард түмэнд юу ч нялзаж байсангүй. Өчнөөн уурхай баялаг байгаад иргэдийнх нь 70 орчим хувь ядуу байгаа нь үүний илрэл биш үү? Цөөн тооны эрх мэдэлтэнүүд л хагартлаа баяжаад, баялаг минь гадагшаа урсдаг нь жам болов. Бороо Гоулд, Цайрт минерал, Нарийн сухайт бүгд энэ жишгээс гажсангүй. Одоо Оюу толгой, Таван толгой дахь асар их баялагийг Улсын Их Хурлаар оруулж батлуулаад араас нь оруулахаар яаруулж байна. Өнөө үед дэлхий дээр газрын баялаг дахь алт, мөнгөнөөс илүүтэй эрчим хүчний түүхий эдийг чухалчлан үзэж байна. Нефть, нүүрс бол газрын баялаг гэхээсээ эрчим хүчний эх үүсвэр юм.

Эрчим хүчний хямралууд

Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн эрчим хүчний 38 хувийг хангаж буй нефть 60 жилийн дараа дуусах гэж тооцоолжээ. Эрчим хүчний таван томоохон хямрал тохиолдсон нь бүгд нефтьтэй холбоотой. Үүнээс хоёр удаагийнх нь Иракт гарчээ. 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер монголд айлчилж байтал Иракууд Кувейт руу дайран орох нь тэр. Ж.Бейкер айлчлалаа зогсоон санд мэнд буцсан бөгөөд нефтийн гурав дахь том хямрал ийнхүү эхэлжээ. /Бид бодохдоо ертөнцийн хязгаарт байгаа хоёр улсын асуудал энэ хүнд ямар хамаатай билээ гэж бодсоор хоцорсон / Венесуэль нөөцөөрөө 6-рт ордог) гэдэг нефтийн ихээхэн нөөцтэй орнуудад авторитар дэглэм тогтсон нь хямралыг гааруулж, урьдчилан төлөвлөх боломжгүй нөхцөлийг бий болгоод байна. Хятад, Энэтхэг зэрэг улсад эдийн засгийн өсөлт гарч байгааг дагалдан эрчим хүчний хэрэгцээ нь өссөөр байна. Одоо тэгээд нефть дуусахаар яах вэ?

Ирээдүйн түлш

Нефть дуусчихаар амьдрал зогсчих юм шиг сэтгэх хэрэггүй. Нүүрс гэж эн тэргүүний орлогч байгаа юмсанж. Аль 1923 онд Германы эрдэмтэд Фишер, Тропш нарын туршилтаар нүүрснээс шингэн түлш /CTL/ гаргаж авч болох туршилтыг нотолсон байна. Хямд, хялбар энэ технологийг Гитлер онцгой анхаарч, Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы хуягт танкууд энэ шингэнийг хэрэглэжээ. Тэр үед Японд ч CTL хэрэглэж байв. “АНУ-д В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц нүүрснээс гаргаж авсан шингэн түлш (CTL) хэрэглэх туршилтыг амжилттай хийлээ” гэсэн мэдээ цацагдсанаар нүүрс стратегийн бараа болов. Пентагон 2016 он гэхэд америкийн нисэх хүчний онгоцнуудын 50 хувийг ийм төрлийн түлшээр ажиллуулах зорилт тавьжээ. 2008 он гэхэд Пентагон 400 сая литр CTL үйлдвэрлэхээр шамдаж байна. CTL нь дизель түлшнээс дөрөв дахин хямд юм байна.Ингээд нүүрс л хамгийн найдвартай эх үүсвэр боллоо гэдгийг дэлхийд тодорхой боллоо. Гэтэл монголд “арван жилийн дараа нүүрс үнс болох юм” гэсэн мунхруулга ид хүчээ авч байдаг. Муу ёр уу?

Их гүрнүүд ба эрчим хүчний стратеги

Их гүрнүүд эрчим хүчний нөөцийн асуудалд туйлын ултай, хашир хандаж байна. АНУ гэхэд өөрийн нутагт байгаа нефть, нүүрсний ордуудыг бараг ашиглахгүй байгаа. Тэд зайлшгүй ирэх “хар өдрүүдэд” баялагаа нөөцөлж байна. Өмнөд хөрш маань нүүрснийхээ нөөцөөр дэлхийд гайхагддаг ч ашиглах гэж яарахгүй байна. Монголд сул шахуу үнээр авчих асар их нүүрс байхад яарах юун. Хойд хилийн цаана Тувад Элээтийн орд, Сахад Эльгиний орд гэж мөн л Тавантолгойгоос дутахааргүй ордууд нээгдсэн ч “үнс болчихоос өмнө зараад авъя” гэж яарахгүй л байна. Тэд муу ёрлосонгүй. Оросууд маш их хэмжээний коксждог нүүрс, Ж маркийн ховор чанар бүхий нүүрстэй эдгээр ордыг 2012 оноос л ашиглая гэж шийджээ. Тэд яагаад алгуурлана вэ? Дэлхийн дайнууд урьд өмнө нь материал баялагийн хомсдол, үзэл суртлын ялгаа, эдийн засгийн хямрал зэргээс үүдэж байсан. Одоо бол эрчим хүчний хэрэгцээнээс үүдэж л дайн гарах нөхцөл үүсээд байна. Эрчим хүчний найдвартай эх үүсвэр, нөөцийг эзэмшсэн технологи, эдийн засаг, цэргийн хүчин чадал бүхий улсууд л санаачлагыг атгах болно. Үүнийг алсаас харж, тооцож байгаа их гүрнүүд стратегиа хэрэгжүүлж эхэлжээ. Америкчууд бусдаас түрүүлж хөдөлсөн байна. Иран-Иракийн дайны үеэс Саддам Хусейнд дэмжлэг үзүүлж түүний дарангуйлагч болох замыг засч байгаад том Бушийн үеэс Саддамыг “хадны мангаа” болгож харагдуулсаар бага Бушийн / Бушийг эцэг, хүү гэдгийг бид сайн мэднэ./ үед “нугаслаж” улмаар Иракийн нефтийг нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт орж буй) хянах боломжийг олж авчээ. Үүгээр ч зогсохгүй Оросын нутаг дээрхээс бусад нефть дамжуулах хоолойнуудыг америкчууд хяналтандаа авч чадлаа. АНУ бодлогоо дэлхийд тулгаж чадаад байгаагийн хүч нь энэ. ОХУ гэхэд нефть олборлолтоороо долдугаарт ордог чамлахааргүй нөөцтэй ч баялагаа үр дүнтэй ашиглах үүднээс хүчин чадал, нөөц боломжоо нэгтгэж төвлөрүүлж чадлаа. Тэд 1993 онд байгуулагдсан Газпром Хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааг 51 хувьд хүргэж, төрөөс гадаад, дотоод бодлогоор дэмжсэний үр дүнд өөрийн хөрөнгөний хэмжээгээр Микрософтоос давж гарсан том компани болгожээ. Газпромд 400-аад мянган хүн ажиллаж байгаа бөгөөд төрийн мэдлээс гадуурх хувьцаа эзэмшигчдийн тоо 500 мянгад хүрээд байна. Ажиллагсдын дундаж цалин 15 мянган ам.доллар. В.Путин сонгуульт хугацаагаа дуусгамагц Газпромын Ерөнхий захирал болохоор бэлтгэж байгаа нь одоо нууц биш болжээ. Д.Медведев /ОХУ-ын дараагийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа /Улс орны эдийн засгийн 40 хувийг дангаараа эзэлж байгаа компанийг удирдана гэдэг Оросыг удирдсаар байна аа л гэсэн үг. Оросууд Путиныг гурав дахиа сонгох хүслээ ийм замаар биелүүлж байх шиг. Тэд АНУ-ыг сөрөх холбоотноороо Европыг сонгож Германы канцлер асан Г.Шрейдерийг компанийнхаа зөвлөхөөр авчээ. Урд хөрш нефть багатай болохоор нүүрсэнд ач холбогдол өгч байна. “Триллион юань буюу 128 тэрбум ам.долларыг CTL үйлдвэрлэхэд зориулахаар боллоо” гэж үндэсний Хөгжил, Шинэчлэлийн хорооноос мэдээллээ. Төслийн зорилго нь 2020 он гэхэд 30 сая тонн CTL, 20 сая тонн DME (диметилийн эфир) гэсэн түлшнүүдийг нүүрснээс гаргаж авахад орших юм. Энэ зорилгоор аж үйлдвэрийн долоон районд нүүрснээс шатахуун гаргах том хэмжээний үйлдвэрүүд барих болно. Шинжаанд барих үйлдвэр нь 10 сая тонн CTL гаргах бол өвөрмонгол дахь үйлдвэр 10 сая тонн метанол гаргах чадвартай юм байна. Мөн өвөрмонголд таван сая юаны зардлаар зүүн хойд муж Ляонин руу хоолой татаж байгаа бөгөөд түүгээр шингэн түлшээ зөөвөрлөх гэнэ. 2006 оны долдугаар сард Хятадын Засгийн газар нүүрснээс жилд гурван саяас доош тонн шингэн түлш гаргаж авах үйлдвэрт зөвшөөрөл өгөхгүй гэж мэдэгдэв. Хятадын Засгийн газар нүүрсний салбар дахь бүх боломж, хүчийг нэгтгэж Шинхуа хэмээх компанийг байгуулсан нь Оросын жишгийг дагасан хэрэг. Шинхуа нь байгуулагдсан даруйдаа дэлхийн нүүрсний “мангас” гэгдэх АНУ-ын Peabody-той зиндаархаж байна. Хятад дэлхийд хамгийн томд орох армитай ч АНУ-ын Батлан хамгаалах яамны үнэлгээгээр байлдах чадвар султай орон ажээ. Учир нь хятадын нефтийн нөөц хоёр сарын хэрэглээг хангах төдий юм. Ийм нөхцөлд дайнд орвол хоёр cap болоод бүх зэвсэг техник нь зогсоход хүрнэ. Нефтээр тасралтгүй хангах боломжийг нь АНУ хаачихсан. Тэдний мэдэлд бүх нефть дамжуулах хоолой байгаа шүү дээ. Эрчим хүчний нөөц гэдэг ийм хүчтэй. Энэ бол стратегийн зэвсэг. Уго Чавес их гүрнүүдтэй мөчөөрхөн цор цор хийгээд яваагийн тулгуур нь дэлхийд долоод орох (Орос, АНУ-аас ч их) нефтийн нөөц нь юм.

Стратегийн ордуудад стратеги дутагдаж байна

Стратегийн орд газруудын жагсаалтанд Таван толгой хамгийн түрүүнд багтжээ. Гэтэл уг ордыг эзэмших асуудлаар байгуулах гэрээ, ашиглах төлөвлөгөө зэргззс нь ямар ч стратеги үнэртэхгүй байна. “14:36:50 гэсэн харьцаагаар хувьцааг хуваана” гээд үүнийгээ маш мэргэн шийдэл гэх маягийн сурталчилгаа нэвт явлаа. Үнэндээ бол бизнесийн ашиг орлогын хувьд ч, улс төр, тусгаар тогтнол, аюулгүй байдлын хувьд ч, үндэстний эрх ашгийн хувьд ямар ч ашиггүй, алсын хараагүй, ямар ч стратеггүй шийдэл юм.
36 хувийг авах компанийг олон улсын нээлттэй тендер зарлаж тодруулна гэжээ.Энэ тендерт ялах компани тодорчихсон. Хятадын нүүрсний салбарыг атгагч Шинхуа хэмээх төрийн өмчит, аварга компани. Тендерийн нөхцөлийг тэдэнд тохируулж зарлахаар Монголын төрийн түшээд тохирсон гэх агаад хятадууд “урьдчилгаа” мөнгөө тарааж түүгээр нь монголчуудын тархийг угаах ажиллагаа явагдаж буй. Хятадууд 36 хувьтай болсноор сэттэл ханахгүй, үлдэж буй 14 хувьд санаархах нь ойлгомжтой. Манай 14 олигархид нүүрс ухаад амьдрах чин хүсэл үгүй тул гэрээ байгуулсны маргааш л Шинхуагийн захирлын өрөөнд өөрт ногдох хувиа зарах талаар ярьж суух болно. Ингээд хятадууд 50 хувийн эрх мэдлээ даруй тогтоож авна, Монголын төр 50 хувийг ззэмшдэг юм гэхэд өөртэй нь эн тэнцүү эрх мэдэлтэй нөгөө талаа хянаж, жолоодож чадах уу? Төрийн мэдлийн “Эрдэнэс Монголиа” компанийн удирдлага хятадуудын цутгах авлига, хээл хахууль, зусардлагыг тэвчээд өнгөрч чадах болов уу ? Бизнесийн алтан дүрэм 51 хувьтай нь эрх барьдаг юм. Улсын стратегийн нөөц баялаг харийнхны бүрэн хяналтанд орчихоор эдийн засгийн тусгаар тогтнол юу болох вэ? Үүнээс улбаалаад улс төр маань хаашаа чиглэх вэ? Тэр цагт монгол үндэстний эрх ашгийн талаар дуугарах боломж олдох болов уу? Хамгийн гол аюул. Маш их мөнгө (250-300 тэрбум ам.доллар) учраас ардчилал шууд няцлагдана. Сонгууль мөнгөөр шийдэгдэж, ард түмний бус гадныхны эрх ашгийг дээдлэх хүмүүст эрх мэдэл шилжинэ. Тэд бүх сонгуулийг хятадуудын мөнгөөр шийдвэрлэдэг болно. Бүх улстөрчдийг нь худалдаад авсан ч хүрэлцэх мөнгө болохоор сөрөг хүчин байхгүй болж мөнгөний дарангуйлал тогтоно. Брунейн султан гэх ойгүй баян хүн бол эх орныхоо баялгийг Англичуудад / Petroleum) эзэмшүүлж, хувь эзэмших замаар эрх мэдэл, баялагт хүрсэн хүн бөлгөө. Ардчилсан улс гэгдэх Англи өөрийнхөө эрх ашгийн талөө бусад ард түмний эрх ашиг, тусгаар тогтнолыг нулимж чаддаг байхад Хятад яах нь дэндүү ойлгомжтой. Тэгэхээр стратегийн асуудал маань 14 хувийг өгөх үү, байх уу биш, тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал монголд байх уу, үгүй юу болоод байна.

Балт шиг хоосон хоцрохгүй юмсан

Газарчин Балт алттай газрьг заагаад амар сайхан амьдралд хүрсэнгүй. Ноёдод адлагдан ууланд гарч, урвагчдын гайгаар мөглөнд сууж, гэр бүл, сайн сайхан бүхнээ алдан улмаар алагдана. “Таван толгойг бидэнд өгчихвөл бүгдээрээ баяжина,үгүй бол үнс болно шүү” гээд байгаа хүмүүс ард олньг Балтын араас явуулах гэж байгаа. Уг нь арван дөрвөн эрхэм бол нүүрс үнс болохгүйг түүнээс шингэн түлш гаргадгийг сайн мэдэж байгаа, маш өндөр боловсролтой хүмүүс. Ингэхэд үнс болохоос өөр боломж байхгүй юм уу? Байгаа зөндөө бий. Олох мөнгөндөө урьдчилж согтчихоод, яарч байгаа улстөрчид л яаруулж байгаад бушуухан гэрээгээ хийгээд авахаас өөрийг хүсэхгүй. “Монголчуудад уурхай барих мөнгө байхгүй гэнэ. Ухаад урагшаа эөөгөөд байя л гэнэ”. Хэний эрх ашиг гэдэг нь ойлгомжтой. Монголчуудынх л лав биш. Нүүрсийг ухаад зөөснөөс шингэн түлш болговол жинхэнэ стратегийн орд гэдэг утгандаа дүйх бус уу? Хөрөнгө мөнгө байхгүй гэдэг асуудал биш. Үнэн хэрэгтээ нэгэнт бодитойгоор байгаа, нөөц нь тогтоогдчихсон ордыг хөндлөнгийн шинжээчдээр үнэлүүлээд, дэлхийн хөрөнгийн биржүүд дээрээс мөнгө босгох боломж байгаа шүү дээ. Бид анх удаа нүүрс ухах гэж байгаа биш. Өчнөөн л нүүрсний уурхай, хангалттай туршлага байна. Шаардлагатай хөрөнгө нь босоод ирэхээр олон улсын шилмэл мэргэжилтнүүдийг хөлслөөд ажиллуулж болно. Оросууд германы канцлерыг хөлсөлж болоод байгаа биз дээ. Технологи, ноу хау, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаж авах нь эх орноо харийнханд худалдахаас илүү хялбар, нэр төртэй хэрэг. Нүүрсээ зарлаа гэхэд өртөг шингээж баяжуулаад, ангилаад худалдвал нэмүү өртөг нь монголд л үлдэнэ. Гэх мэтээр тал бүрээс нь бодьё, хэлцэе. Яарах хэрэг юу байна. Нүүрс үнс болох цаг хэзээ ч ирэхгүй. Ямар ч тохиолдолд монголын ард түмэнд ашигтай гэрээг л байгуулах хэрэгтэй. Ирээдүйд бий болох нөхцөл байдлыг, үндэсний эрх ашигт нийцүүлэн тооцож байж л Балт шиг юу ч үгүй үлдэх, үндэстнээрээ үгүй болох бодит аюулыг зайлуулна. Баялагаа эхэнд дурдсан шиг хараал, ерөөл болгох уу эсвэл хөгжлийг хурдасгах технологи болгох уу гэдэг салаа зам дээр тулж ирлээ. Арван дөрвөн монголын үйл хэдлөлийг ард түмэн анхааралтай харж, хүлээж байна. Зөв шийдвэр гаргаж ардын баатар болох уу, амиа хичээж амьдралынхаа туршид хараал хүртэх нь үү өөрсдөө шийдэх бас нэгэн салаа зам дээр иржээ.

Ардын эрх, 2007 оны 7 сарын 25

July 18, 2007

Cosa Nostra буюу МАХН-ын бүтэц, үйл ажиллагаанд хийсэн егөө ажиглалт

Filed under: - Нийтлэл -,Х.Баттулга — haichilbar @ 2:13 pm

Италийн цагдаа, тагнуулынхан Сицили арал дээрээс мафийн есөн толгойлогчийг баривчилсан нь баруун Европ даяар дуулиан тариад байна. Сицилийн мафийн “Загалмайлсан эцэг Бернардо Провенцанотой хамтран ажиллаж байсан гэх тэднийг Италийн хууль хяналтынхан 43 жил чармайсны эцэст сая баривчилжээ. Тэд өмнө нь баригдсан Бернардо Провенцанотой хамтран ажилладаг байсан ба баригдах хүртлээ үйл ажиллагаагаа явуулсаар удирдагчдаа ногдол ашиг төлсөөр явсан юм. Баривчлагдсан толгойлогчдын дотор Томмазо Канелла, Винчензо Саллетро, Жузеппе Либрери нарын зартай гэмт хэрэгтнүүд байгаа тухай цагдаагийнхан мэдээлсэн байна.
Мафийн толгойлогчид тус улсад гарсан бүхий л гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцдог ч хэзээ ч баригдаж байгаагүй аж. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхнаар маш сайн хамгаалагдаж байсан ажээ. Мафийн толгойлогч Б.Провенцано ч “Авлигад автагдсан улстөрчдийн ачаар олон жил нуугдаж чадсан” гэж мэдүүлжээ.

Mafia гэж юу юм бэ?

Мафи гэж монголчууд ярих дуртай. “Өө, цаадах чинь тэр, энэ мафийн гишүүн” гэж ирээд л захын бацаан цуурах бөгөөд “мафи” гэсэн нэр, хочийг дуртай хүндээ наана. “Хотын газрын мафийн босс М.Энхболд, Т.Бадамжунай нар ….” гэж бичсээр удав. XIX зууны Сицилиэс гаралтай энэ нэр, байгууллагын түүх урт, ойлголт олон янз байсан ч эдүгээ нийтээрээ “mafia” гэдэгт шүүх, цагдаа, төрийн бүтцэд нөлөөлөх, тэднээр өмгөөлүүлэн хамгаалуулах боломж, чадвар бүхий хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг гэмт хэргийн зохион байгуулалттай бүтцийг ойлгож байна. Үнэн хэрэгтээ Монголын эрүүгийн ертөнцөд түүхэндээ mafia гэж үзчихээр бүлэглэл үүсч байсангүй. Зохион байгуулалттайгаар дарамтлах, сүрдүүлэх (рэкет) маягийн зүйлс цухалзмагц хуулийнхан даруй учрыг нь олж байлаа. Нэвтэрхий толь, бусад мэдээллүүдээс мафийн бүтэц, үйл ажиллагаа шинж төрхийг харж байхад МАХН-д мафийн сонгомол бүтэц, үйл ажиллагаа хэрэгждэг болох нь тодорч, анзаарсан зүйлсээ уншигчидтай хуваалцахаар шийдлээ.

Cosa Nostra ба МАХН-ын бүгцийг харьцуулахуй

Mafia гэдэг нэрийн гарал үүслийн талаар хэл шинжээчид, түүхч, судлаачид маргаантай байдаг ба бидний мафи гэж яриад байгаа гэмт бүлэглэлүүд өөрсдийгөө “Cosa Nostra”-(”Maнай юм гэсэн утгатай гэнэ) гэж нэрлэдэг ажээ. МАХН-ыг ч монголчуудын нэгээхэн хэсэг нь “манай нам” гэж дуудах дуртай. Хэвлэлийнхэн болоод энгийн иргэдийн дунд л mafia гэсэн нэршил түгээмэл хэрэглэгддэг юм байна. Энэ бүхнийг орхиод мафийн бүтцийн асуудлыг авч үзье. Америк маягийн бүтэц бүхий мафийн удирдлагын оройд “Boss” байх ба түүнийгээ Don эсвэл God Father (загалмайлсан эцэг) гэж дууддаг ажээ. МАХН-ынхан удирдагчдаа “Эцэг болсон Чойбалсан”, “Ард түмний эцэг”, “үндэстний удирдагч” гэх зэргээр дууддаг нь боссоо авгайлах монголжин хувилбар гэлтэй. Boss нь Caporegime(ахмад) буюу аравтын дарга нарын саналаар сонгогддог гэх агаад МАХН-ын босс нь ч бага хурлаасаа үүрийн дарга нар хэмээх Caporegime сонгогддог. Сонгогдсон босстоо мафийн гишүүд олсон орлогооооо хувь хүртээдэг бол сонгуулийн дараа МАХН-аас томилогдсон төсвийн байгууллагын дарга нар энэ ёсноос гажихгүй. “Хандив” нэрээр хувь өгөх гэж байгаад баригдаж шоронд суусан хүн ч бий.
Мафийн хоёр дахь хүн нь Underboss бөгөөд Ху намынхаар бол Ерөнхий нарийн бичгийн дарга юм уу даа. Энэ хүн аравтын дарга Caporegime-үүдийг удирдан чиглүүлж, өдөр тутмын ажилд нь менежмент хийнэ. МАХН-ынхаар бол Ерөнхий нарийн бичгийн дарга юм уу даа. Хэрвээ босст ноцтой асуудал тохиолдвол хамгийн түрүүнд орлох хүн нь мэдээж Underboss. Мафийн дараагийн маш чухал албан тушаалтан бол Consigliere буюу зөвлөх. МАХН-д бол ийм зөвлөхүүд нэг биш. Чиглэл чиглэлээрээ байх жишээтэй. Үндсэн хуулийг ноцох бол тэр, иргэдийн хөдөлгөөнийг унтраах бол энэ гэх мэт. МАХН-ын consigliere -нүүд хууль бус ажлуудыг хууль ёсны болгож харагдуулах, хууль хяналтынхантай холбоотой байж шаардлагатай дэмжлэг авах, нөлөөлөл үзүүлэх үндсэн үүрэгтэй. Энэ мафийн ийм албан тушаалтны хийдэг үндсэн ажил юм. МАХН-ын хуулийн зөвлөхүүд сүүлийн нэг жилд гэхэд л УИХ дахь МАХН-ын үйлдсэн хууль бус ажиллагаанууд, МАХН-аас бүрдүүлсэн Засгийн газрын гэм нүглийг цайруулах ажлыг ихээр хийсэн нь хангалттай шуугиан тарьж, эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Capo, Caporegime гэж дуудагддаг зуутын дарга нар бол мафийн хөдөлгөгч хүч, дайрагч отряд мөн. Эд нар нь өөрсдийн бүлэглэлүүдийг мафийн үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглүүлэн удирдах бөгөөд МАХН-ын Caporegime-үүд янз бүрийн холбоо, жигүүр, хөдөлгөөн гэж нэршсэн арваад бүлэглэлийг чиглүүлдэг. Олонд зартай Caporegime-үүд нь бүгд ямар нэг холбоо, хөдөлгөөн, жигүүрийг толгойлдог ба ТББ байгууллагагүй зарим нь “Энержи ресурс” г.м бизнес бүлэглэлүүдээр хүрээлүүлнэ. Capo нар бүгд өөрсдийн хариуцсан салбартай. Нэг нь улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг (Борсю, Тавантолгой г.м) завших, цөлмөхөд мэргэшсэн бол нөгөө нь бусад улс төрийн хүчнүүд рүү шууд галлаж, дайрах, ноцох, хараах зүхэх даалгавартай. Баг нэг нь ирээдүйн төсвийн хөрөнгө завшигчдыг сургах, зааварлах, тархаан байрлуулах ёстой. МАСЗХ бол жишээ нь иймэрхүү байгууллага бололтой. Тэд улсын банк, санхүүгийн байгууллагуудад гишүүдээ шургалуулж тэд нараар дамжуулан мөнгө зувчуулж байсан нь хууль хяналтынханд илэрхий болсон билээ. Soldier(цэрэг), Buttons (кноп, товчлуур) гэгдэх жирийн гишүүд нь дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гардан гүйцэтгэх үүрэгтэй. Дарга нарынхаа шийдвэрийг биелүүлэхээс бус шүүн хэлцэх эрх байхгүй. Ц.Түмэнгэрэл олонхийн боддог шиг Сарэ бус МАХН-ын жирийн нэгэн кноп байсан бололтой юм. Тэр шүүх хурал дээр “Д.Бадраа агсныг МАСЗХ-ны гишүүн байсан” гэж хэлэхэд шүүгч “МАХН-аас түүнийг манай намд ямар ч хамаагүй гэсэн бичиг ирүүлсэн” гэж хариулжээ. Ц.Түмэнгэрэлийн царай цайсхийснээ намуухнаар “Аа тэгвэл нам тэгэж хэлэхээр шийдэж л дээ” гээд таг болсон байна. Кнопнууд удирдлагын шийдвэрийг зөрөх эрхгүй бөгөөд omerta буюу “амаа хамхих ёс” энд үйлчилдэг. Кнопнууд огцом дээш хөөрч албан тушаал ахиж цойлох үзэгдэл цөөнгүй агаад тэдний нэг нь өнөөх Ц.Түмэнгэрэл байв. Тэр жирийн цэргээс асар хурдацтай ахиж намын дарга нартай шадарлах болсон бөгөөд намын даргатайгаа хүндага тулган зогсох түүний зургийг үзсэн МАХН-ын гишүүн бизнесмэн “Би арван жил намд хандив өргөөд, ажилд зүтгээд ийм завшаан олж чадаагүй юм. Тэгэхэд энэ…” хэмээн сүүрс алдаж байж билээ. Boss өөрт нь таалагддаг кнопнуудын төлөө өгөөмөр ажил хийх нь ч бий. МАХН-ын УИХ дахь бүлгээс Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөн дунд “Сэтгэл санаа давчдаж, цочирдсон үедээ хүн албал хэргийг хөнгөрүүлэн үзэх” тухай заалт оруулахаар зүтгэж байгаа. Ц.Түмэнгэрэл “Миний сэтгэл санаа их цочирдсон байсан. Би юу болсныг 10 хоногийн дараа л ухаарсан…” гэх маягийн мэдүүлэг өгсөн зэргээс харахад Boss -ын зүгээс цэргээ авч үлдэх арга сэдсэн бололтой. Ц.Түмэнгэрэлийн давж заалдсан өргөдлийг хэлэлцэх явц хууль өөрчлөлт орохын хүлээн сунжирч байгаа билээ. МАХН-ын гишүүд хоорондоо муудалцсан, талцаж үзэлцсэн, бүр алалцсан тохиолдлууд цөөнгүй бөгөөд тэд нарын зөрөлдөөны цаана их төлөв Capo нарын амбици, мөчөөрхөл байдаг бололтой. Ц.Түмэнгэрэлийн өдүүлсэн хэрэг нь МАСЗХ-ны удирдагч Capo нарын талцал, зөрөлдөөнөөс эхтэй гэсэн утга бүхий ярилцлагыг уг холбооны идэвхитэй гишүүн, нэгэн дүүргийн дарга(бас нэгэн Capo) өгч байлаа. Associate – түнш, холбоотон гэх маягийн хүмүүс хамгийн доор байна. Эд бол яг мафийн гишүүн биш. Эд нар тодорхой ажиллагааны үед дуудагдан ашиглагддаг, чухал бус үүргүүдийг гүйцэтгэдэг. Сонгуулийн үеэр ухуулах хуудас тараах, давхар санал өгөх, эсрэг өлсгөлөн, эсрэг жагсаал, цуглаан, хөдөлгөөнд оролцох гэх мэт. Жишээлбэл: МАСОХ гэж тоглоомын байгууллагын идэвхтэй гишүүн А.Дамдинням гэгч ийм албан тушаал дээр өөрийгөө гайхалтайгаар нээн харуулсан учир Capo С.Ганхуягийнхаа тодорхойлолтоор их удалгүй button болж “Эрс шинэчлэл” хөдөлгөөний эсрэг жагсаалыг зохион байгуулах үүрэг авч байжээ. Тэрээр сүүлийн хоёр жил бух мэт зүтгэж залуу кнопнуудад үлгэрлэсэн учраас саяхнаас Capo болон дэвшиж Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвд дэд даргаар тохоон томилогдохоор яригдаж байна. Түүний үүрэг нь эртнээс иргэний үнэмлэхний ард наадаг наалтыг “хангалттай тоогоор нөөцлөх”, сонгуулийн үеэр давхар санал өгөх associate – түншүүдийг “ажиллах нөхцлөөр хангах” гэнэ. Намд онцгой хандив өргөсөн түншүүдийг улаан шугамаар дээшлүүлэн харж үзэх тохиолдол ч бий. Сонгуулийн өмнө хэдэн зуун саяар нь намдаа хандивласны эцэст сайд, газрын дарга болох үзэгдэл түгээмэл. Хандив өргөгчдийн ихэнх нь намын гишүүд бус түншүүд байдаг. Намын дотор оролгүй гаднаас нь санхүүжүүлж олон тооны тендерт ялдаг, энэ чиглэлээр дагнасан компани ч байдаг. Хоёр жилд 96 тендерт ялсан нэг компани байх ба тэд үндсэндээ МАХН-ын өнөөгийн үйл ажиллагааг тодорхойлж байгаа.

Omerta

Omerta буюу “амаа үдэх” ёс нь мафийн оршин тогтнолын үндэс болдог байна. Associate -түншээс өгсүүлээд бүх шатны гишүүд, босс хүртлээ дотоод үйл ажиллагаа, үйлдсэн хэргүүдийн талаар дуугарах ёсгүй. МАХН-ын нэгдэл, хүч чадал гэдэг үлгэрийн уг үндэс нь ердөө л энэ юм. Дуугарвал… “If Hive, I’ll kill you. If I die, I forgive you” “‘Хэрвээ би амьд байвал чамайг ална, үхвэл чамайг өршөөнө” гэх маягийн заналхийлэлтэй тулгарна. Гаалийн хэмээх Х.Баатар хуулийнхны гарт ормогц Omerta -г умартах шинжүүд гаргасан тул намынх нь Underboss, Capo нар шоронд эргэж очжээ. Үр дүнд нь Х.Баатарын ухамсар дээшилж, omerta-r сахиж эхэлсэн бөгөөд “би захиа бичээгүй”, “намын удирдлагууд буруугүй” гэх маягийн мэдүүлгүүд өгөх болжээ. Удалгүй ХБаатарын эхнэр МАХН-ын Бага Хурлын гишүүн болсноор удирдлагуудын авсан арга хэмжээ олон нийтэд тодорхой боллоо. Omerta-r дан ганц заналхийллээр сахиулдаггүй, наймаалцдаг ажээ. “Загалмайлсан эцэг II” кинон дээр дүрсэлснээр “Five Angels” хочтой Frank Pentangeli Оmerta -г зөрчиж pentiti буюу илчлэх үйл ажиллагаа явуулж эхэлмэгц мафийнхан Сицилээс төрсөн ахыг нь авчирч “амаа үдэх” тангаргыг сануулж чаджээ. Consigliere Tom Hagen шоронд очиж түүнтэй уулзан гэр бүлийг нь ивээлдээ авч байгааг уламжилснаар Pentangeli omerta -г сахиж амиа хорлоно. Мафийнхан Omerta -г сахисан гишүүдээ харамгүй шагнадаг, үр хүүхэд хамаатан садныг нь ивээлдээ авдаг жамтай гэнэ. Харин сахиж чадаагүй гишүүд наад зах нь цөлөгдөн, хог дээр үсэрч, хэзээ ч өөдлөхгүй явсан цаг саяхан. Амь нас хохирох нь энүүхэнд байлаа. Төр, нийгмийн зүтгэлтэн А.Төмөр-Очирын амь насыг хороосон хэрэгт ийм шинж төлөв ажиглагддаг. Тэгээд бэлэвсэн эхнэр нь 2007 оны эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нөхрийг МАХН алсан. Өөр хэн тийм юм хийх вэ дээ” гэсэн нь бий. Цагтаа МАХН-ын тамгыг сийлж, хожим нь дарга нь явсан Бодоо агсан Omerta-r сахина гэдгээ илэрхийлсээр намын ажлаас хөндийрөхөд итгэлгүй хилс хэрэгт унагаж амийг нь хороожээ. Ю.Цэдэнбал Omerta-r чанд сахиж байсан хэдий ч болгоомжлох үүднээс түүний амыг үүрд үдсэн бололтой. Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга агсны амь насыг хөнөөсөн хэргийн дараа талийгаачийн ахыг мөн МАХН-ын Бага Хуралд дэвшүүлжээ. Omerta -г сахиулах арга уу? Алуурчин нь ч амаа хамхих ёсыг давгүй сахив.

Мафийн эрхэлдэг бизнес

Тэд их төлөв хар тамхи, мөнгө хүүлэх, барьцаагүй зээлэх, далд мөрийтэй тоглоом, авлига, айлган сүрдүүлэх, дарамтлах гэсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн уул уурхай, газрын наймаа мэт ашигтай салбаруудад гараа дүрэхээс буцахгүй. МАХН ч энэ зарчмаас гажсангүй. ХЗХ хэмээх мөнгө хүүлэх, цөлмөх байгууллагуудыг дэлгэрүүлсэн бөгөөд намын удирдлагууд, Capo нар ХЗХ олноор нь байгуулж байсан нь тодорхой болоод байгаа билээ. Сэргээн босголт, Ард банкны дампуурал нь барьцаагүй зээлэх бизнесийнх нь хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа байсан бол ХЗХ-оодоос цөлмөсөн мөнгийг МАХН-ын хязааргүй хаанчлалын үед цэцэглэсэн мөрийтэй тоглоомын газруудаар дамжуулан гувчуулжээ. Бүтээн босголт, хөрөнгө оруулалт ХЗХ-ны “эзэд” гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө хийснээ хүлээсэн байна. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ хэмээх мөнгө хүүлэх байгууллагын удирдлага нь МАХН-ын бага хурлын гишүүн, Нийслэлийн ИТХ-н гишүүн байлаа. “CMC” хэмээх ХЗХ-ны хамаг мөнгийг тоноод бултсан хүн нь МАХН-ын тэргүүлэх албан тушаалтан асан Лантуугийн хүү Дамдинсүрэн гэгч байлаа. Хар тамхины хэрэглээ Монголд байхгүй болохоор жирийн тамхийг хязгааргүй дэлгэрүүлэх үйлст энэ намын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан хүмүүс ч зүтгэж буй. Уул уурхай болон газрын наймааны талаар энэ намын удирдлага, Capo нарын өдүүлсэн хэргийг тоолоод баршгүй. Авлигыг цэцэглүүлсэн, албан тушаалтныг дарамталж мөнгө саадаг зэрэг нь нэгэнт ил болохоор нуршаад утгагүй. Эцэст нь хэлэхэд мафийн дотоодод зөрчил самуун ихтэй байдаг гэнэ. Boss гэнэт алга болчих, сураг тасрах нь олонтаа бөгөөд энэ нь дотоод хямралын үеэр амиа тавьдагтай холбоотой болов уу гэж таамагладаг ажээ. Мафийн боссууд өөрсөд нь таалагдаагүй нэгнийг шууд буудчихдаг үө аль хэдийнэ ард хоцорч золгүй осолд өртүүлэх, хүнд өвчин, гэнэтийн хурц тохиолдлыг сонгохыг эрхэмлэх болжээ. Өөрөөр хэлбэл “сэжиг ажиггүй тонилгох” нь үр дагавар сайтай гэжүздэгбайна.
МАХН-ын дотоодод зөрчил хурцадсан үед сөргөлдөгч талаас гол толгойлогчид нь гэнэтийн золгүй осолд өртөх, цочир өвчин дайрах нь цөөнгүй. Улс төрийн өрсөлдөгчид нь гэнэтийн халдлага, дайрлагад өртөх нь нь ч нэг бус. Энэ бүхэнд хэнийг ч буруутгаж, сэжиглэж байсангүй. Зохион байгуулалтай гэж сэжиглэсэн ганц хэргээ илрүүлэх сонирхол муутай. Шүүх цагдаа бүхэлдээ тэдний талд үйлчилдэг нь тод харагддаг. Энэ мэт харьцуулалтаас үзэхэд МАХН Cosa nostra буюу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тун төстэй байгаа шинжүүд тодорсоор байна. Мафи нь нийгмийн хөгжил, эдийн засгийн хурдцыг асар их хэмжээгээр сааруулж хойш татаж баадаг. Энэ жамаас Монгол ч гажсангүй. МАХН улсынхаа 17 жилийн хөгжлийг хойш татлаа. Сицили гэхэд засаг захиргааны есөн нэгжид хуваагддаг, хүн амын дийлэнх нь газар тариалан эрхлэн амьдардаг, үйлдвэрлэл бага хөгжсөн. Цаг уурын үлэмж таатай нөхцөл, газар зүйн ашигтай байрлалд байдаг хирнээ олигтой хөгжсөнгүй. Нутгийн залуучуудын дийлэнх нь ажил эрхэлснээс “хангамж” сайтайгаар нь цагдаа болохыг илүүд үздэг. Учир нь цагдаа төрөөс цалинжихын хажуугаар мафиас шан харамж авч, иргэдийг дарамтлан хахууль нэхдэг учир орлого сайтай ажээ. Манайд ч замын цагдаа болчихвол “жаргалаа” гэсэн залуучууд олон байдаг. Олон улсын мафийн эсрэг форум Италийн нийслэл Ром хотноо болох гэж байна. Гурван өдөр үргэлжлэх олон улсын чуулганд 200 гаруй улс оролцож зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэх талаар яриа өрнүүлнэ. Судалгаанаас харахад мафийн сүлжээ хүчтэй хөгжсөн гэх Италид сүүлийн 10 жилд мафийн үйл ажиллагаанаас 2500 гаруй хүн хохирогч болж захиалгат аллагын бай болсон гэсэн судалгаа гарчээ. Улстөрчид эрх баригчид мафийн эсрэг тэмцэж чадахгүй байна, зарим оронд эрх баригчид нь өөрсдөө мафи маягийн зохион байгуулалтад ордог гэж ВВС-ээс мэдээлжээ. Монголын нийт иргэд зохион байгуулалттай луйвар, хөрөнгө цөлмөх үзэгдлийн хохирогчид болсоор байгаа бөгөөд захиалгат аллагын золиосонд нэртэй улстөрчид өртсөөр байна. Асар их мөнгөний дүн бүхий гэрээ хэлцэл, хууль УИХ-аар батлагдахын өмнө ард олны эрх ашгийг дээдэлж, сөрөг байр суурь баримталсан улстөрчцд халдлагад өртдөг нь ч зуршил боллоо. Тавантолгойтой байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхийн өмнө янз бүрийн асуудлууд босч, улстөрчдийг хуйгаар нь худалдан авах нь гаарлаа. “Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэн тохиолдолд танд 100 саяыг өгье гэх амлалтаар МАХН-аас 30 гишүүн, бусад намын гишүүдээс 15 гишүүн элсүүлчихлээ” гэж “Энержи ресурс”-ын Удирдлагын гишүүн нөгөөдүүлдээ илтгэсэн тухай сул яриа ордноор тэнүүчлэн байна. Үнэн эсэхийг ард түмэн харах цаг айсуй. Энэ бүхнээс үзэхэд бид мафийн хараа хяналтанд бүрэн ороо юу даа гэж бодогдлоо. Тэднээс салах, сөрж зогсох эрмэлзлэл харин нийгэмд байгаа болов уу?

Ардын эрх, 2007 оны 7 сарын 18

July 17, 2007

Ардчилсан хувьсгал дуусаагүй, үүнийг иргэний хувьсгалаар дуусгана

Filed under: - Ярилцлага -,Д.Энхбат — haichilbar @ 8:00 pm

Иргэний холбооны тэр­гүүн Д.Энхбаттай ярилцаж уг холбооны цааш­дын үйл ажиллагааны талаар ярилцсан юм.

Тэр­бээр ярилцлага эхлэхийн өмнө нэг юмыг тодруу­лахыг хүссэн. Энэ нь Ир­гэний холбоо, хөдөлгөө­нүүдийн хийлгэсэн Оюу толгой гэх зэрэг ашигт малтмалын талаарх хэв­лэлийн хурал дээр хийсэн мэдэгдлүүдэд буруу зө­рүү зүйл яригдсан тухай байлаа. Тэрбээр хэлэхдээ, Иргэний холбоо, хөдөл­гөө­нүүд Оюу толгойн та­лаар хэвлэлийн хурал хийж мэдэгдэл хийх үед хэд хэдэн алдаа гарсан. үүнд “Айвенхоу майнз” бо­лон гадаадын хөрөнгө оруу­лагчдыг хөөж гаргах, 18 сая ам.долларыг улс төрийн намуудад тараа­сан гэх зэрэг зүйл яригд­сан. Энэ бол тухайн хуралд оролцсон зарим хүмүү­сийн хувийн бодол бо­лохоос Иргэний холбооны байр суурь биш. Эдгээр мэдэгдэл нь Иргэний хол­бооны байр сууриас зөрсөн. Бид уул уурхайн салбарт хариуцлагатай бизнес хөгжихийн төлөө байгаа. Дэлхийн том том уул уурхайн компаниуд­тай хамтран ажиллахын төлөө байна. Харин юу шаардаж байгаа вэ гэхлээр хариуцлагатай бизнес хөгжих ёстой гэж үздэг. Асуудал ганцхан зүйлд байна. Ашигт малтмал ард түмний өмч, зөвхөн Засгийн газрын асуудал биш. үүнийг дэлхийн уул уурхайн компаниуд авли­гад өртсөн засгийн­хан­тай төдийгүй ард түмэн­тэй хэлэлцэх хэрэгтэй байна. Ингэж байж л ажил урт удаан тогтвортой явна. Мөн манай орон чинь хариуцлагатай уул уурхай, ил тод байдлын дэлхийн конвенцид нэгдсэн улс. Анхнаасаа л энэ замаараа яваач гэж Иргэний холбоо шаардаж байгаа. Иргэний холбоо бол иргэний хөдөлгөөнүүдээс бага зэрэг ялгаатай. Бид байнгын үйл ажиллагаа­тай байдаг. өөрийн мөрийн хөтөлбөртэй, байр савтай. Магадгүй цаашлаад өөрийн улс төрийн нам­тай болно. Иргэний хөдөлгөөн бол тодорхой зорилготой, тодорхой хугацаанд байгуулагддаг. Тиймээс бидний хооронд ажлын тодорхой арга барилын зөрүү гарч байна. Яагаад бүгдээрээ хэлэл­цэж тохирсныхоо дагуу биш, дур дураараа дээрх мэдэгдлийг хийсэн нь харамсалтай байна гэж манай холбоо үзсэн гэв.

-Иргэний хөдөлгөөн, холбоо хоёр хоорондоо өөр гэж та хэллээ. Тухайлбал, ямар зүйлээр хоорондоо ялгаа­тай гэж үзэж байна вэ?
-Иргэний холбоог хөдөл­гөө­нөөс учиргүй илүү гэж хэлээгүй. Бид хөдөлгөө­нүүдийн туулж ирсэн турш­лагыг дүгнэж үзээд, дараагийн шатанд гарах хэрэгтэй юм байна л гэж бодсон. Зөвхөн нэг удаагийн зүйлийг эсэргүү­цэж, болоод өнгөрсөн зүйлийн хойноос явах биш. Бид улс төрийн намуудтай өрсөлдөж, санаа­чил­гыг гартаа авч, зөвхөн эсэргүүцэх биш. өөрийн мө­рийн хөтөлбөр, программтай санаачилгатай байж дараа­гийн түвшинд гарах ёстой гэдэг л байгаа юм. Холбооны давуу тал нь сүүлдэж гарч хүмүүсийн туршлагыг судал­сан­даа байна. Иргэний хөдөлгөөнүүд ч үүнийг ойлгож дараагийн шатандаа орж байх шив дээ.

-Иргэний холбоо ой­рын үед ямар ажил хийхээр төлөв­лөсөн бэ? Танай холбооны гол зорилго юу байх вэ?
-Ойрын зорилт бол 2008 оны сонгууль шударга болж, Монголын ардчиллыг бэхжүү­лээсэй л гэж хүсэж байна. Энэ сонгуульд МАХН, АН-ын доторх нэг халаастай олигархи бүлэглэлүүд ялбал энэ нь ардчиллын сүүлчийн сонгууль болно хэмээн үзэж байна. Энэ талаар АН-ын дарга Ц.Элбэгдоржийн хэлээд байгаа үнэн. 2012 онд Оюу толгой, Таван толгойн мөнгө засагт орж хүмүүст мөнгийг миллиард миллиардаар нь тараана. Өөрөөр хэлбэл, саналыг мөнгөөр худалдаж аваад эрх баригчдын нам үүрд тогтох болно. Нөгөө Монголын ардчилсан хөгж­лийн нам үүсэх бүрэн боломжтой. 2008 оны сонгууль ганцхан асуултад хариу өгөх сонгууль болно. Цаашдаа иргэний ардчилсан улс байх уу, олигархийн мэдлийн улс болох уу гэдгийг энэ сонгууль шийднэ. Ерээд онд ардчилсан хувьсгалыг монголчууд эхлүүлсэн. Гэвч одоо хүртэл энэ хувьсгал дууссангүй. Европын орнууд коммунист намаа татан буулгасан. Коммунист бүт­цийг эвдсэн. Бид тэгээгүй. МАХН бол одоо коммунист биш болсон. Гэсэн хэдий ч энэ нам өнгөрсөн 80 жилийн нийгмийн бүтцийг маш их агуулж байна. Энэ бүтэц нь бидний ардчилал гэх зэрэг зүйлтэй зөрчилдөөнд орсон. Нөгөө бидний дутуу хийсэн зүйл нийгмээ дахиад намын ноёрхолд түлхэн оруулж байна. Манай нийгэм буцаад нам төвтэй төрийн мэдэлд орлоо. Ардчилсан нам, Ард­чилсан холбоо энэ бүгдийг хийж чадсангүй. Бид АН-ыг учиргүй шүүмжлэх нь хаашаа юм. Харин дэмжиж байсан учраас харамсаж хэлж байна. Дүгнэлт юу вэ гэхэд Ардчил­сан хувьсгал дуусаа­гүй бай­на. үүнийг Иргэний хувьс­галаар солих хэрэгтэй. Яа­гаад Иргэний хувьсгал гээд байгаа юм гэвэл ардчиллын улс төрийн байгууллагууд байгуулагд­чихсан. Харин ир­гэний оролцоо, төрийн хяналт хариуцлагын тогтолцоо үүсээгүй байна. Тэгэхлээр ардчиллын энэ дутуу баганыг хийж байж жинхэнэ ардчил­сан нийгэм үүснэ. Нэг талаас улс төрийн багана, нөгөө талаас иргэний багана бий болсноор ардчиллын шил­жилт дуусна. Энэ шил­жилт дуусахгүй байгаагаас л бид хямралт байдалд байсаар байна. Засгийг олигархиуд авах, төрийн бүх шатны албан тушаал намын мэдэлд орших гэх зэрэг. Ийм ардчиллыг бид хүсээгүй. Бүх шатны иргэдийн хурал (ИТХ) аль нэг намын мэдэлд байсаар байна. Яагаад ийм байна вэ гэхлээр нийгмээ өөрчлөх зүйлийг бид сайн хийсэн мөртлөө намуудаа ардчилж чадсангүй. Намууд хэвээр үлдсэн гэх зэрэг.

-Та сонгуулийг шударга болоосой хэмээн хүсэж байна. Тэгвэл сонгууль шударга явагдах ямар арга замыг та харж байна вэ. Нийгмийн бүх л шударга бус зүйл сонгууль булхайтай явагдсанаас эхэлдэг гэдэг?
-Сонгуулийг бид анх­наасаа намуудын сонгууль гээд ойлгочихсон. Гэтэл сонгуулийн систем нь иргэд бидний сонгох эрхийн систем юм. Зүйрлэж хэлбэл тендерт өрсөлдөж байгаа компани нь шалгаруулах комисс, үйл ажиллагааны дүрмээ өөрөө байгуулаад өөрсдийгөө шалгаруулж байгаатай адил. Өнөөдөр сонгуульд оролцож байгаа намууд сонгуулийн хуулиа өөрсдөө батлаад, сонгуулийн комиссоо өөрсдөө байгуулаад сонгуулиа өөрсдөө дүгнэж байна. Ийм байхад бид шударга байх тухай ярьдаг. Энэ бол бүтэхгүй.

-Тэгээд сонгуулийг яаж шударга явуулах юм?
-Онолын хувьд иргэний хяналтын нэгдсэн тогтолцоо оруулах хэрэгтэй. Энэ нь сонгуулийг явуулах процесс, хянах процессыг улс төрийн намаас салгана гэсэн үг. Мөн улс төрийн намуудыг ардчилах хэрэгтэй. Намын санхүүжилтийг ил болгох нь энэ тал дээрх том алхам болно. Хамгийн их бохир мөнгө цуглардаг байгууллага болох намуудын санхүүг бид хянаж чадахгүй байна. Бас намыг иргэний хяналтад байлгах нь зүйтэй. Намын дотоод хэрэгт битгий оролц гэсэн буруу хэвшмэл ойлголт байдаг. Үүн шиг дэмий яриа байхгүй. Монгол төрийг барилцаж байгаа, түүнийг бий болгоход оролцож байгаа ямар нэгэн субъектын дүрэм дотоод хэрэг ард түмэнд хамаатай байхгүй бол өөр хэнд хамаарах билээ. Намын санхүүжилт томилгоо гэх зэрэг нь 100 хувь ард түмний хяналтад байх хэрэгтэй. Монголын төрд шургалж байгаа муу муухай бүхэн ямар ч хяналт байхгүй энэ нам гэдэг газраар л дамжин орж байна шүү дээ. Нам гэдэг байгууллага ардчилалгүй, хяналтгүй хуулийн гадна үлдчихжээ.

-Одоо тэгвэл намуудыг хэрхэн ардчилалтай, хяналт­­тай ил тод хуулийн дагуу байгууллага болгох вэ?
-Хамгийн радикал зам бол 2008 оны сонгуулиар улс төрийн намд цөөн суудал өгмөөр байна. Тэгээд сонгуулийн дараа Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулиудыг өөрчлөх хэрэгтэй. үндсэн хуульд өөрчлөлт оруулахын зэрэгцээ намуудыг иргэний хяналтад хийж өгөхгүй бол болохгүй.

-Намуудад хэдэн суудал өгөхийг ард түмэн мэднэ. Тэдэнд цөөн суудал өгнө гэхлээр ард түмэн өөр хэнд суудал өгч төр бариулах юм бэ?
-Үүнийг зохиомлоор хий­хэд хэцүү л дээ. Гэхдээ л үүний төлөө Иргэний холбоо явж байна.

-Иргэний холбоо өөрөө нэр дэвшиж суудал авна гэж тооцоолж байна уу. Хөдөлгөөн чинь нэр дэвшүүлэх субъект биш шүү дээ?
-Бид улс төрийн тэргүүлэгч хүч болохын төлөө явна. Иргэний холбоо өөрийн гэсэн нам байгуулна.

-Нам байгуулсан ч намуудын тухай хуулиар 18 сар болж байж УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлдэг эрхтэй болдог биш бил үү?
-Цэцийн шийдвэрээр тэр заалт чинь гарсан дороо л хүчингүй болчихсон. Тэр үеийн “Төрийн мэдээлэл” сэтгүүл дээр байгаа.

-Та бүхэн өөрсдөө сонгуульд оролцоно гэж байна. Ингэхэд Иргэний холбооны төлөө санал өгөхдөө тулбал АН-ыг дэмжиж сонгуульд оролцдог иргэд л та нарын төлөө байх болов уу. Яагаад гэвэл таны түрүүний хэлснээр урам хугарсан иргэд. Харин МАХН-ыг дэмжигсэд та нарын төлөө санал өгөхгүй нь мэдээж. АН, Иргэний хөдөлгөөн хоёр гуч гучин хувийн санал авахад үлдсэн дөчин хувиар МАХН ялахад бэлэн болчихоод байгаа юм биш үү. Ийм дээрээ хүрэхэд монголчууд буцаад л 2000 ондоо очих болно. Энэ байдал хэнд ашиг авч ирэх юм бэ?
-Энэ байдлыг АН биднээс илүү ухамсарлах ёстой.

-Та нар биш үү?
-Бид ч бас бодох ёстой. Гэхдээ АН-ыг хоёр гурван сонгууль дамжуулан бид ингэж итгэж байсан. Ялах байх, хариуцлагатай байх болов уу, шударга ёсыг тогтоож өгнө дөө гэж. Гэвч тэгсэнгүй. АН сонгогдсон байтлаа ардчиллын зарчмаас ухарч байна. Ардчиллыг авч явсан зохион байгуулалттай хүчний хувьд нь бид хүндэтгэдэг. Гэвч АН өнөөдөр олигархиудаасаа салах ёстой. Бидэнд хоёрхон зам байна. Нэгдүгээрт, өөрсдөө сонгуульд оролцох. Хоёр­дугаарт, АН-аас ольгар­хиудаа зайлуулаач гэж шаардах. Хэрэв АН олигар­хиудаасаа салахгүй юм бол бид яахаараа тэдний төлөө сонгуулиас татгалзах ёстой юм бэ.

-АН болон хөдөлгөө­нүүд мэдээж сонгуульд оролцоно. Тэгээд та нар бүгдээрээ ялагдал хүлээх болно. Ардчилсан хүчинд очих ёстой 60 хувь танай хоёрт хуваагдана гэж үзье. Энэ хэнд ашигтай юм бэ л гэж би асуугаад байна?
-Ялагдалд бидний буруу байхгүй. Тэр АН-д шургалсан ольгархиудын л буруу шүү дээ. АН яагаад намаа цэвэршүүлэх процесс явуулахгүй байна. Олигар­хиудын хувьд АН-ынх байна уу. МАХН-ынх байна уу ард түмний хувьд ялгаа байхгүй. Бид АН-ыг цэвэршиж олигар­хиу­даасаа салах байх гэж хүлээгээд одоо цөхрөнгөө бараад л сонгуульд оролцоно гэж шийдэж байна. Ийм алхмыг бид биш АН л эхлүүллээ. Бид бол хийх ёстой зүйлээ хийнэ. АН ардчиллынхаа процессыг эхлүүлээч гэсэн хүлээлт нийгэмд байна. Гэвч АН-тай дүйцэхүйц өрсөлдөгч нийгэмд бий болгохгүй бол энэ нам ольгархиудаасаа салахгүй юм байна гэдэг нь ойлгогдоод байна. Ганц АН ч биш, МАХН ч бас ардчилагдаасай хэмээн хүсэж байна.

-Хөдөлгөөнүүдийг ард түмэн харахдаа нийгмийг шударга, хариуцлагатай болгох хүчин хэмээн дээдлэн хүлээн авдаг. Ард түмний амьдралыг түргэн зуурт дээшлүүлэх ямар арга зам байна вэ. Ний нуугүй хэлэхэд хөдөлгөөнүүд энэ талаар юу бодож байна. Та бүхэн төрд очоод мөн л энэ нам хүчнүүд шиг болчих юм биш байгаа гэсэн болгоомжлол ч бас байна.
-Хүний мөн чанар хаана ч адил. Хулгайч бол Монголд ч Америкт ч адил хулгайч. Авлигач дарга нар ч адил манайд ч бий, Америкт ч бий. Энд харин ганцхан ялгаа байдаг. Америкт авлига аваад баригдаа л бол дуусаа. Харин манайд бол баригдахад яадаг ч үгүй. Хариуцлагын тогтолцоо л өөр өөр байдаг. Өнөөдөр хариуцлагын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. үүнийг иргэний нийгэм л хийж чаддаг. Бид төрд гараад бусадтай адил болохгүй. Бид хяналтын тогтолцооны төлөө л явна. Энэ бол амлалт биш. Одоо цаг нь ийм болчихсон шүү. Үүнээс өөрөөр байх арга байхгүй.

-Нэг ийм бодол санаа нийгэмд байна. УИХ-д ганцхан олонхийн засаглал тогтчих­лоо гэсэн. Энэ нь олонхи цөөнхийг хэлж байгаа юм биш. Ашиг гарвал УИХ бүгдээрээ нийлж байгаад хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаа. Аль нэг талд нь ашиг муутай байвал намаараа салаад л улс төр хийн бие биенээ шүүмжлээд байна. Тиймээс УИХ-ын дэргэд Ардын Их Хурлыг байгуулъя. Нэг ёсондоо загнаж байдаг аав бий болгосон нь дээр гэсэн санаа. Энийг та юу гэж бодож байна?
-Хувийн бодлоо хэлэхэд ямар ч зүйлийг сайн хийвэл сайн байдаг. Муу хийвэл ямар ч сайн систем биднийг аврахгүй. Анхнаасаа л Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол бид парламентын засаглал гэж гүйхгүй. Аливаа зүйлийг “халтуурдчихаад” л түүнээ муу гэцгээгээд байна. Хичээлдээ муу хүүхэд даалгавраа хийж чадахгүй болохлоороо л шинэ дэвтэр нээдэг шиг байж болохгүй. Би бол өнөөдөр Монголын ардчиллыг чанартай хийх тухай ярьж байна. Чанартай хийхгүй юм бол ямар ч засаглалтай байгаад нэмэр байхгүй. Энэ бол хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх л юм.

-Хоёул сэдвээ өөрчилье. Хөдөлгөөнүүд гадаадын хөрөнгө оруулагчтай яаж ажиллавал зүйтэй хэмээн бодож байна. Тэднийг ард түмэнтэй ярилцаач гээд байсан. Хэрхэн ард түмэнтэй ярилцах юм бэ?
-Маш энгийн. Тэдний хэлэлцэж байгаа зүйл ард түмэнд нээлттэй байхад л болно. Хуулийн дагуу тэр баялгийн эзэн нь Монголын ард түмэн шүү дээ. Ямар ч компанийн эзнээс нуугаад ком­панийнх нь талаар хэлэлцээр хийгээд унавал тэр дургүйцнэ биз дээ. Уул уурхайн асуудал бол манай ирээдүй мөн. Бүх иргэд өөрсдийнхөө ирээдүйн хэрэгт оролцох бидний асуу­дал. Тэгвэл яагаад бидний асуудлыг биднээс нуугаад байгаа юм. Монголын Засгийн газар “Айвенхоу майнз”-тай бид­ний баялгийг яаж ашиглах талаар маш нууц гэрээ хий­гээд л байна. Нуух бол бидний сонгосон ардчиллын зам биш. Бид юу хэлж байгаа вэ гэвэл Та нар зарчмын асуудалдаа байр суу­риа барь. Мөн улс төр, бизнесээ салга гэж байна. Оролцох нь улс төрийн асуудал иргэдийн, бизнес нь бол харилцан ашиг­тай байх хэрэгтэй. Бидний байр суурь маш энгийн. Ирээдүйн зуун жилийн төсвийн асуудлыг ард түмэн мэдэх эрхгүй юм бол бид өөр юу мэдэх эрхтэй байх вэ. Таван үеийнхээ идэх хоолны талаар ярих эрхгүй юм бол өөр ямар эрх бидэнд үлдэх юм. Хэдэн гишүүдийг л сонгох эрх үлдэх юм уу. Онгоц унаж бай­гаа, хууль засварлаж байгаа, Оюу толгой дээрх алдаа зэрэг нь нэг хоёр жилийн алдааны үр дүн биш. Олон жил алдаатай харлаган бодлого явуулж ирс­ний үр дүн юм. Бид сүүлийн мэдэгдэл гаргахдаа “Цайрт минераль”, “Бороо гоулд” зэрэгт алдаа гарчээ. үүнийг хэлэлцээд дүгнэлт гарсны дараа Оюу толгойг хэлэлцье гэсэн. Энэ бүх алдаа бол зүй тогтолын үзэг­дэл. Уг зүй тогтол нь авлигыг өөгшүүлснээс, бүлэглэлийн тогтолцоо, шударга бус байд­лаас үүсэлтэй. Бид Тогтвортой байдлын гэрээг битгий зур гээгүй шүү дээ. Харин энэ тогтолцоогоо өөрчлөөч гэж л байна. Одоо Оюу толгой, Таван толгойг алдвал эргэж засах юм байхгүй. Энэ үед хариуцлагатай байгаач гэж шаардаж байна. Хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй. үүнийг зөөгч элемент нь идэвхтэй иргэд байдаг. Мөнгө улс төр хоёр нийлэхлээр маш заваан юм болдог гэдгийг дэлхий нийт мэддэг болжээ. Үүнийг л салгаач гэж бид шаардаад байна.

-Улс төр мөнгө хоёрыг яаж салгах гэж. Жишээ нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат сайдыг битгий сонго гэж хэлж болох уу?
-Үүнийг улс төрийн намууд өөрсдөө янзлах ёстой. Эрдэнэ­батын нам яагаад шахагдахгүй байгаа юм бэ гэвэл АН, МАХН хоёр өөрсдөө адилхан ялзарсан болоод л шахагдахгүй байна. Энэ хоёр нам үнэхээр сайн байсан бол дараагийн нам гардаггүй байхгүй юу. Ёс сурта­хууны асуудал нийгмийнхээ лиде­рүүдээс эхэлдэг. Хэрэв хаан хулгайч бол доошоо бүгд хулгайч. Лидер гэдэг нь тухайн нийгэмдээ ёс суртахууны эталоныг авч явдаг хүнийг хэлдэг.Тийм хүн одоогоор алга. Эрдэнэбатыг сонгохгүйн тулд түүнийг битгий анхаар, өөрсдөө зөв байх хэрэгтэй.

Ярилцсан Ж.Сандагдорж, Өдрийн сонин 2007 оны 7 сарын 17

July 5, 2007

Стаатийстэг буюу охид ариун бол төрийн түшээд ариун

Filed under: - Нийтлэл -,Б.Цэнддоо — haichilbar @ 8:00 pm

Отгонтэнгэр хайрханаас юм нэхэх ёслол болж гэнэ. Этгээд явдлын толь бичигт өгүүлэхдээ “Уул овоо тахих гэдэг нь хүн өөрийн хэрэг­цээнээс нэгэнт гарсан яль шальгүй юмыг лусын эзэнд бариад хариуд нь дааж давш­гүй юм нэхэх ёслол” юм.

Төрийн тахилга гэдэг нь төр нь ард түмэнтэйгээ үгсэн “үнэгүй юм авах” асуудлаар санал нэгдээд уул усандаа шаардах бичиг өргөж, тайван жагсаж байгаа хэлбэр гэж ойлгож болно” гэмээн гөрдөн бичсэн байна. Гүтгэж байна. Хамгийн балиар нь үндэсгүй гүтгэдгээ больчихоод үндэс­тэй гүтгэж заваардаг болсныг нь яана аа. Төрийн тэргүүнийг маань оруулаад уул овоог хүртэл гүтгэж байна.

Сураг мэдээгээр бол тө­рийн тэргүүн таван (50?) лангийн (алтан, маниа­дан, мөнгөн, пойлоосон ???) ем­бүү өргөжээ. Хүсэл биелүү­лэгч түм түмэн овоотой ч иргэн нэг бүрийнхээ хүсэлтэй харьцуулахад тэд нар нь үргэлж цөөддөг манай оронд ерөнхийлөгчөөс дээш албан тушаал байхгүй. Дахиад дэв­ших зай дээр нь үлдээгүй энэ хүн юу хүссэнийг таашгүй… Нэгэнт таагдахгүйгээс хойш одоо гүтгэгдэж л таарах нь.

Бусад хүмүүс ч зүгээр байсангүй, өргөсөнтэйгөө харьцуулшгүй их хэмжээний эрдэнэс баялаг, эрх мэдэл нэхэмжлэн өргөл барьсан гэх. Суурин хүнд түмпэн будаа хэрэг болоход будаа­тай хүн рүүгээ зоосоо бариад гардаг. Тэд зоосыг шүтээнээ болгосон муу улс. Харин нүүдэлчид бид зоосонд дур­тай боловч түүнийг хэзээ ч оройдоо залдаггүй сайн улс тул овоон дээр очоод тэнд байсан чулуунаас нэгийг өөрт нь өргөөд, үнэгүй юм хүр­тэхээр хүлээгээд суудаг. Тэр арга маань морьтон ард байхаа больж мобикомтон ард болсон хойно ч үргэлжил­сээр, ач буянаа хайрласаар байгаа хэрэг. Одоо байгаа төр, засгийн түшээдийн эрдэм чадлыг хашдаг албатай нь дүйцүүлэн бодохлоор энд хүрэхдээ “далдын хүчний дэмжлэг авсан байхаас зай­лахгүй” гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг билээ.

Гэхдээ уул усандаа та­хигч-нэхэгчдийн орхисон юмыг өргөл төдийхнөөр хэмж­вэл нүгэл болно. Хувийн стаа­тийстэгээр бол тэнд 4000 машин очжээ. Нэг машинд таван хүн суусан байх учир­тайг мөн л стаатийстэг хэлж байна. Ингээд харахад дунд­жаар 20,000 хүн Отгон тэнгэр уулын тахилгад очсон байна. Тахилга өглөөнөөс орой бол­тол буюу багаар бодоход 12 цаг үргэлжилжээ.

Жинхэнэ стаатийстэг одоо эхэлнэ. Хэвийн эрүүл хүн уусан шингэнээсээ ха­маарч гурван цаг тутамд 499 грамм шээс гаргана. Тухайн өдөр нарлаг байсан ба хүний юм уух хүсэл ердийн бай­далтай байжээ. Эндээс хара­хад нэг хүн 12 цагийн хуга­цаанд дунд­жаар 299400 литр мочивин бүхий шингэнээ уулан­даа өргөжээ. Хүний өтгөн нь мөн идсэн хоолноос хамааралтай ба өдөрт нэг удаа 612 грамм орчим гардаг гэнэ. Ингэхээр тэнд 122400 кг хүний гаралтай органик га­рал­тай бордоо үлд­лээ гэсэн үг. Бидний тахил­тын зангар­гийг уул ус маань даадаг л байгаа даа гэж бо­догдох боллоо.

Ахиад стаатийстэг рүүгээ оръё. Нүүдэлчин хүн нэг удаа адаглаад гурваас доошгүй юмыг үнэгүй олох хүсэлтэй байдааг гэж тэд судалжээ. 20.000 хүн хамгийн багаар бодоход 60 мянган хүсэлтийг энэ өдөр Отгонтэнгэр хайр­ханд тавьжээ. Нэхэгч иргэд аливаа өргөдлийнхөө хариуд төрөөсөө сонсдог “хариуг нь жич өгнө”, “зохих журмын дагуу шийдээд хороон дар­гаар чинь уламжилна” гэхчи­лэнгийн цус харвамаар бү­тэлгүй үгийг дуулаагүй бо­лохоор горьдлоготой ч байж. Үнэхээр ч миний дуулсан санагдах мэдээгээр бол От­гон­тэнгэр хайрхан ч өөрийг нь тахин нэхэмжлэгчдийн хүсэлтийг их уриалгахан сонсч, санал тус бүрт пайль нээж байжээ. Ер нь ч бүгдийнх нь хүсэлтийг биелүүлсэн ч яах вэ гэж бодож байж. өмнөх тахилгад олон хүн Ерөнхий сайд болохыг хүссэнээс болоод Засгийн газар байн байн огцорсон явдал гарсан тал бий. Мөн чамгүй хүнийг парламентын спийкер болго­хоор амласан явдал ч бас байна. Яахав дээ дараа да­раа­гийн сонгуульд намтартаа “Ерөнхий сайд байсан”, “Их хурлын дарга байсан” гэж бичих хүний тоо л олон болно биз гэсхийн төрийн тэргүүн нь юм хүсэх мөртлөө өргөдөл бичсэн торгоо устгаад хая­чихыг гайхасхийн харж суужээ.

Гэтэл нэг золиг хамаг юмыг баллажээ. Цалингаа нэмүүлэхийг хүсэхээ мэдэх­гүй тэр тэнэг, авгайдаа гутал нэхдэггүй тэр маанаг, хүүх­дэдээ маруужан санадагүй тэр дураак юу гуйсан гээ. “Төрийг минь хулгайчдаас цэвэрлэж хайр­ла” гэж өөртөө нялзахгүй юм гуйж тэнэгтсэн байгаа юм даа. Хоногийн хоол нь баяр наа­дам, цагаан сар бүгдийг нь орлодог, дарга нь аваанзыг нь өгөхгүй болохоор хажуугийн ТҮЦ-нд иргэний үнэмлэхээ тавьж байгаад замын зардал олж очсон тэр маанагт төрд шүглэсэн авлига ямар хамаа байдаг байна аа.

Уучлаарай, таминь буруу ойлгочихов доо. Стаа­тийс­тэгээс харахад Отгонтэн­гэрийн тахилгад нэгч хулгайч оролцоогүй, нэг ч хүн хулгай­гаа бүтэлтэй болгооч гэж гуйгаагүй гэдэг шүү. Хамгийн гол нь Бурхан, Тэнгэр өөртөө бус өрөөл бусдын төлөө юм гуйсан хүний хүсэлтийг эх­лээд биелүүлдэг дүрэмтэй юм гэнэ ээ. Яая гэх вэ? Дараа­гийн тахилгыг хүлээе. Аргыг нь мэдээд авсан хойно учир­тай ш дээ. “Намайг хэлтсийн дарга болгоод аль” гэхийн оронд “Манай хэлтсийн дар­гыг Яам руу дэвшүүлээд аль” гэж гуйгаад дав дээр орон тоо гаргаад авах учиртайг ухаар­чихлаа ш дээ. Дөрвөн жил юухан байх вэ? Сүнгэнээд өнгөрнө.

Сэтгэл сатааруулах юм зөндөө байна. Үгүй дээ л цаана чинь Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн “Охид ариун бол төрийн тү­шээд ариун” гэсэн логиктой нь аргагүй уриан дор зохиогдож л байна ш дээ.

Өдрийн сонин 2007 оны 7 сарын 5

July 4, 2007

ХУУЛЬ ГУУЛЬ БОЛОХЫН ЦАГТ

Filed under: - Нийтлэл -,Баабар — haichilbar @ 1:25 pm

Нүүдэлчдийн өлгий нутагт өдгөө мэдэгдэж буйгаар 2200 жилийн өмнө анхны нэгдсэн төр буй болжээ. Монгол үн­дэс­тэн энэ нутгийг дангаар эзэгнээд лавтайяа мянга гаруй жил болж байна.

Чингэ­сийн төр үүссэний 800 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэг­лэлээ. Англи, Франц, Орос гээд Европын голлох орон мянган жилийн л түүхтэй. Этиоп, Либери гээд ганц хоёр орныг эс тооцвол Африк тэр чигээрээ 50 жилийн түүхтэй. АНУ 250 нас хүрээгүй бол Латин Америк 200 жилийн ч түүх үгүй. Гурван мянгаас дээш жилийн түүх уламж­лалтай Хятад, Энэтхэг, Из­раил гэсэн гуравхан иргэншил үлдсэн. Ингэхээр Монголын төрийн түүх дэлхийд ахмадын нэгд багтана.

Гэвч орчин үеийн төр хэмээх бараг л тэс өмнөө шахам нэг ойлголт байна. Таван мянган жилийн түүхтэй хя­тадууд орчин үеийн төрийн системийг дөнгөж 1912 онд буй болгосон гэхээр энэ нь харьцангуй ойлголт юм. XII зуунд Магна Картын гэрээ­гээр Англид эхэлсэн төрийн тухай шинэ ойлголт хэдэн зууны турш төлөвшсөөр АНУ болон Францад XүIII зууны эцсээр амьдралд нэвтэрч эхэлжээ. Орчин үеийн төрийн систем буй болгоход На­полеон их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Наполеон ч өөрөө эзэн хаан болж байсан, тэгэхээр энд ардчилал, бүгд найрам­дах ёс, фашизм, коммуниз­мын тухай яриагүй, зөвхөн орчин үеийн төрийн систе­мийн тухай өгүүлж байна.

Орчин үеийн төрийн сис­тем байгуулах анхны оролд­лого Монголд 1911 онд тусгаар тогтнолоо олуут буй болжээ. Гэвч 1915 оны Хиагтын гэрээ­гээр энэ оролдлого дуусгавар болсон. Ингээд цаашлаад Зөвлөлтийн хяналт тогтов. Ингэхээр монголчууд 1691 оноос 1990 он хүртэл яг 300 жил өөрийн төрийг барьж бодлогоо тодорхойлж бай­сангүй. үүнээс 220 жил Манж Чин улсын эздийн вассал улс байсан бол 70 жил нь Зөв­лөлтийн дагуул улс байлаа. Нүүдэлчдийн уламжлал бич­гэн бус аман хэлбэрээр хадгалагддаг. Аман яриа яв­цын дунд есөн шидийн зүйл­тэй холбогдчихдог учир ба­римт гэхээсээ домгийн зүйл аймагт хамрагдана. Тэр дун­даа төр барих домгон уламж­лал 300 жилийн завсартай болчихоор энэ нь бүр ч дом­гоос халиад үлгэрийн агуул­гатай болж орхино. 1911 онд байгуулагдсан төр нь дээд доод хурал, таван яам, төрийн одон гэх зэргээр орчин үеийн төрийн гадаад хэлбэрийн зарим элементийг дуурайсан тал бий боловч мөн чанарын хувьд мөнөөх домгийн төрийн агуулгатай автократ, теократ маягийн бүтэц байлаа. Эн­дээс “бид төр барих туршлага үгүй” гэсэн энгийн мөрдлөг гарч ирж байна.

Үнэн чанартаа монгол­чууд бараг хэзээ ч гадны дарлал эрхшээлд байгаагүй улс. 1691 оны Долоннуурын хэлэлцээ нь монголчууд Манж гүрэнд дагаар орно, хариуд нь манж нар мон­голчуудыг хятад үндэстний түрлэгээс хамгаална гэсэн вассалын гэрээ юм. Үүнээс хойших 220 жилд Монголд тусгай зөвшөөрөлтэй, эргээд жилийн дотор гарах болзолтой хятад худалдаачнаас өөр хэн ч нэвтэрч байсангүй. “Ман­жийн дарлал” гэж ярьдаг бо­ловч Амбаны газар цөөн манж хүн үүрэг гүйцэтгэж байсан болохоос тэрхүү дарлаад байгаа манж нарыг малчин ард хэдэн үеэрээ огт олж хараагүй. 1921 онд хийгдсэн хэлэлцээрээр Зөвлөлт Орос Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй боловч мөн л дээрхийн нэгэн адил вассал маягийн харилцааны тогтоцыг буй болгожээ. 1946 онд хоёр аварга хөрш Мон­голын тусгаар тогтнолыг хү­лээн зөвшөөрсөн авч Зөв­лөлтийн дагуул гүрний статус хэвээр үлдсэн юм. өөрөөр хэлбэл мөнөөх 300 жилд бие даасан бодлоготой төрийн систем байгаагүй боловч нөгөө талаас протектрат мая­гийн гадны хамгаалал өм­гөөлөлд оршсоор иржээ.

Гадны дарлал, түрэм­гийлэл, эзэрхийлэлд байсан ард түмэн хуулийг үл ойшоох, болбол зөрчих эр­мэлз­лэлтэй байдаг. Гаднаас тулгасан хууль, дүрэм, цааз аргагүйн эрхэнд хүчээр да­гахыг шаарддаг авч үндэст­ний тусгаар тогтнолын мэд­рэмж нь аль болох зөрчих хүслийг хар аяндаа дотор нь суулгаж өгнө. Протектрат, вассаль, дагуул орны иргэд гадны дарлалыг шууд бие дээрээ мэдэрдэггүй ч гэсэн үзэл санааны хувьд мөн л хуультай эвлэрдэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхээр хууль нь зөвхөн гадных уч­раас гэдэг утгаа алдаад ерөөс хуулийг үл хүндэтгэх ба­самж­лал үндэстний нийтлэг шинж чанар болно. Монгол хэлэнд байсан цааз гэдэг үгийг манж хэлний хавли буюу хууль гэсэн үгээр ор­луулах болсон нь ч ташуур болоо биз.

Хэн тогтоосноос үл ха­маа­раад хүний нийгэм ямар нэг гэж хэлэхүйц хууль жур­мын дотор хөдөлж байдаг. Энэ нь өөрөө ихэнх тохиол­долд байгалийн шалгарлын явцад буй болдог “шугуйн хуулиас” эрс ялгаатай. Чухам үүгээрээ хүн сүрэг нь био­логийн бусад сүргээс ял­гаатай. Хүний нийгэмд хууль үл үйлчлэх үе бий. Байгалийн гамшиг, нийтийг хамарсан тахал, хүний өөрийнх нь үүсгэсэн дайн байлдаан зэрэг нь хууль эс үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ, гэхдээ өөрийн хугацаатай, хууль дахин үйлч­илнэ, эсвэл шинэ хууль гарна. Хүний өөрийнх нь сэд­лээр буй болдог нийгмийн хувьсгал нь нэг хууль хүчин­гүй болж өөр хуулийн дэг тогтох шалтаг болно.

Төр барих залгамж хол­боо 300 жилээр тасарсан, орчин үеийн төрийн тогтоц урьд нь байгаагүй, вассаль төрийн тогтцод бусдын тул­га­сан хуулийн дор олон үе амьдрахдаа хуулийг үл хүн­дэт­гэх нийгмийн сэтгэлгээтэй болсон, сүүлийн 100 жилийн дотор эргэлтийн гэж то­мъёолж болох 5-6 янзын эсрэгцэл хуулийн тогтцод амьдарсан зэрэг шалт­гаа­наас болоод өнөөгийн монгол­чуудын хуульд хандах ханд­лага нь хүн сүргийн олон мянган жил дагаж ирсэн эмх цэгцийн ойлголтоос ихээхэн гажаад байгаа мэт санагдана. “Монголын хууль гурав хоног” гэж хэлэхдээ хүний нийгмийн ерөнхий зүй тогтоцтой таа­рахгүй байна гэхээсээ өөрийн үндэстний сайхан онцлог мэтээр өөрөөрөө бахархах өнгөтэй байдаг нь хуулийг гууль гэж үздэг дотоод сэтгэл­гээнийх нь илрэл биз. Монгол ардын дуунд “хуульгүй ч болоосой доо” гэсэн мөр тааралдана. Магадгүй энэ нь эхэндээ гадны тулгасан ша­хал­танд эсэргүүцэл илэрхий­лэх хэлбэртэй байсан байж болно, гэхдээ магадгүй энэ нь сүүлдээ ерөөс ямар ч хууль үл үйлчлэх нийгмийн байгуу­ламжийн мөрөөдөл болж ху­вир­сан ч байж болох юм.

Ямар хэлбэртэйгээсээ үл хамаараад Төр бол хуулийг тогтоогч, хэрэгжүүлэгч инсти­туци. Иймээс хууль нь нийг­мийн гишүүдийн ихэнхэд нь таалагдахгүй байлаа ч энэ нь нийгмийн хөдөлгөөнийг зохи­цуулахад чиглэсэн байдаг учир дээд эрэмбээс нь харах ахул муу буюу буруу хууль гэж байдаггүй. Орчин үеийн төр, тэр тусмаа ардчилсан төр бол нийгмийн зөвшилц­лийн институци. Зөвшилцөл нь хуулийн хэв хэмжээ, агуулга хэлбэр, норм нор­мативийг тогтооно. Хууль бол зөрчихийг хориглосон шугам. Хуулийг үл хүндэтгэх сэтгэ­хүйтэй ард түмэн чухам энэ шугаман дээр нь цугаараа гараад хэвтчихдэг. Ийм ний­гэмд эмх журам алдагдан, хүн хоорондын харилцаа нь хү­ний ёсоор явахаа болино. Ингэнгүүт “шугуйн хууль” гэсэн илүүтэй адгууслаг, байгаллаг зохицуулалт эмх замбарааг буй болгоно. Энэ нь хүчтэй нь хүчгүйгээ барьж иднэ гэсэн үг. Homo homini lupus гэж латинаар нэрлэнэ. Xууль гууль болохын эцсийн үр дүн энэ.

Өдрийн сонин 2007 оны 7 сарын 4

July 3, 2007

Гайхамшигт Амазон-Монгол бүсгүйчүүд

Filed under: - Нийтлэл -,Б.Болдсайхан эмч — haichilbar @ 1:52 pm

Сүүлийн 3-4 жил генети­кийн судалгаа, дэлхийн хэв­лэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа.

Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чүү­дийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, эр удмаа дага­даг, хүчирхэг амьдрах чад­вар­тай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна.

Энэ сенсаци намжиж ам­жаагүй байхад монгол бүсгүй­чүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүү сенса­ци болон тарж Европыг шо­конд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо.

Үүнийг тайлбарлахын тулд амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭӨ 5-2 дугаар зуунд эртний Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хүүхнүүд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүх­нүүд. Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүй­чүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэ­рэг­тэй болохоороо хөрш ул­суудыг уулгалан дайрч эр­чүүдийг нь олзолж хэрэг­лэчихээд алж орхидог, эрэг­тэй хүүхэд гарвал бас устга­даг заншилтай байлаа. Ама­зонууд хөрш улсуудын эрчүү­дээс хувь илүү дайчин эрэм­гий, хүчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон амазон бүсгүйчүүдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бүх Балкан, Газар Дундын тэнгисийн орнууд, Энэт­хэ­гийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгүй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг.

Гэтэл энэ бүхэн домог биш бөгөөд үнэхээр түүхэн үнэн байсныг Европын түүх­чид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бүсгүйн, магадгүй хатан хаа­дынх нь булшийг олж, ша­рилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бүх үеийн түүхчид шиг домогт амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуу­дын бүсгүйчүүдийн ДНК-тай харьцуулж үзсэн боловч таарч тохирсонгүй. үнэхээр л түүхэнд бичсэн шиг амазон бүсгүйчүүд алга болжээ. Гэх­дээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид түүх­чид­тэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шүү­сээр амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нүүн очиж үлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ түүхийг орчин үеийн генетикийн ар­гаар шалгах л үлдлээ.

Өнгөрсөн зун Германы Төв телевиз, генетикчид, түүхчдийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сураг­ласны эцэст Монголын говьд амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бүс­гүйчүүд илүү олон байдгийг сонсоод өмнөговь аймагт очиж. Илүү цайвардуу царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хүмүүс бишгүй л нэг байдаг даа) Те­ле­визийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал үстэй охиныг нь ирэхийг хүлээж. Гэрийн­хэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ.

Харин Германд буцаж очоод хонгор үстэй монгол охины ДНК-г амазон хатан хааны ДНК-тай харьцуулж үзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирлоо. Эртний сударт өгүүлсэн түүх үнэн болж эр хүний эрхэнд орж байгаагүй домогт амазонуудын үр уд­мыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бүх аялал, судалгааны явцаа Германы Төв теле­визтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь гене­тикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан та­рьсан нээлт болон бүх Евро­пыг гайхшруулаад байна.

Үе үеийн түүхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан монгол бүсгүйчүүд төр барьж байсан нь ч цөөнгүй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авахуулаад дараа­гийн Хаан хурилдайгаар сон­гогд­тол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн Хатан л бүх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж до­тоодын дайн тэмцэлгүй жар­гааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас үеийн үед хатан буулгаж явсан нь ч түүхэн гүн утгатай байсан биш үү? Хонгирад олгонуд овгийнхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан үеийн үед тоогоор цөөн боловч олноос дутахгүй дайчин хүчирхэг явсны нэг нууц ч энэ биз. Одоо ч Мон­голын эдийн засаг, нийгмийн хүнд ачааны илүүг нь биш юм гэхэд хувь дутахгүйг нь мон­гол бүсгүй өргөж явна.

Эртний түүхийн омог бар­дам, эрх чөлөөт амазонуудын удамт монгол бүсгүй өнөөдөр түүх генетикийн тайлагдашгүй нэгэн оньсого, амьд домог болон зогсож байна. Ертөн­цийн хамгийн гоо үзэсгэлэнт, ухаан төгс монгол бүсгүй таны өмнө гүнээ мэхийнэм.

PS: Гайхамшигт амазонуудыг эрхшээх заяа, чадал монгол эрчүүдэд л байдаг юм байна.

Өдрийн сонин 2007 оны 7 сарын 3

« Previous PageNext Page »

The Rubric Theme. Create a free website or blog at WordPress.com.

Follow

Get every new post delivered to your Inbox.