Хайчилбар

September 3, 2007

Панаал

Filed under: - Нийтлэл -,Б.Цэнддоо — haichilbar @ 12:47 pm

2017 оны хоёрдугаар сарын 30. (Киодо Цусин). Эсэргүүцлийн жагсаал болов

Өчигдөр Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гаднах давчуухан гудамжинд уурлаж хилигнэсэн япончууд жагсаал хийлээ. Тэд “Дархан аварга Ямота Накамураг барилдуулахыг шаардаж байна”, “Накамурагүй цагаан сарын бөх нь бөх биш”, “Арлын орны гарамгүй хөвгүүдийг гадуурхахаа зогсоохыг Монголын үндэсний бөхийн холбооны дарга Рэгжийбуугийн Нямдоржоос шаардаж байна” гэхчилэнгийн утга бүхий лоозонгуудыг монариэл (кириллик) болон ханз үсгээр бичин барьжээ. Жагсагчдын дунд Японы парламентын гишүүн ”Тод манлай уяач” Ямамато Мишима харагдана. Япон үндэсний хоргой кимоно дээр жанжин малгай асаасан энэ эрхэм Японы “Монголын үндэсний бөхийн холбоо”-ны тэргүүний албатай билээ. Тэрээр “Япончууд Накамурагаа цагаан сараар боорцог, поончиг цацлан дэвэхийг харахыг мөрөөдөж байна. Бид ард түмнийхээ энэ хүсэлтийг Монголын парламентад уламжлаад байна” гэж ярив.

Ямомато сан цааш хэлэхдээ, цуглаанд оролцогчид “Монголын тал нааштай хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Нэрт үймээнч Баасаныг урьж авчирна” хэмээн мэдэгдэж байна. Хэрэг явдал Монгол Улсын далай даяарчлалын аварга (?), трансконтиненталь (?) дуурьсагдах, массыг баясуулагч их аварга Ямота Накамурад Монголын үндэсний бөхийн холбоо арга хэмжээ авснаас үүдэлтэй. Сүүлийн таван жил дараалан улсын наадамд завсаргүй тав түрүүлсэн Ямотагийн больчимгүй зарим үйлдэл монгол ёс заншил, үндэсний бөхийн ёс журамд харшилж байна хэмээн Монгол үндэсний бөхийн холбоо үзжээ. Ингээд Монголын бөхийн голлох байгууллага болох үндэсний бөхийн холбоо саяхан “Накамураг цагаан сараар барилдуулахгүй хэмээн” гэж мэдэгдсэн юм.

Салтаа уужим, ташаа өндөртэй цэвэр цусны япон хархүү Ямота Накамура монголчуудын бахархлыг эзэмдэж байсан цаг саяхан. Зургаан жилийн өмнөөс Монголын үндэсний бөхийн торгон ногоон дэвжээн дээр аманд гарч байсан энэ хүү алдар цуугийн оргил өөд цаг минутаар бус, секунд, дольоор хурдлан өгсөж билээ. Монголын төр, засаг ч гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд түүнд зохих хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Хамгийн гол нь монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг нэгэнт эзлээд байсан япон бөхчүүдийн тэргүүн Монгол Улсын дархан (state blacksmith & champion) аварга Ичихарагийн найраа голлох үүрэг гүйцэтгэсэн гэгддэг. Монголчууд бяр дагаж цол нэмэхгүй, харин цол дагаж бяр нэмнэ гэж ярьдаг, нэмүүлдэг ч билээ. Монгол заншлаар цолондоо эхлээд хүрсэн Накамура үнэхээр бяр нь нэмэгдэх мэт болоод удаа дараа түрүүлж эхэлсэн билээ. Монголчууд барилдсаныг нь бус түрүүлснийг нь хайрлан хүндэлдэг зангаараа Накамураг бүчин авлаа. Энэхүү оргил цагтаа Накамура “Монголд өнөөдөр Буддаг шүтдэгээс олон хүн намайг шүтэж байна” хэмээсэн алдарт афоризмаа хэлсэн удаатай. Түүнийг монгол бүсгүйтэй гэрлэсэн явдал ч дуулианы гадна үлдсэнгүй. Нэгэн солиотой генетикч “хайран сайхан самуурайн цусыг тал нутгийн хоньчны цустай ээдүүллээ” хэмээн хашгичсан боловч олон нийт доог тохуу хийгээд өнгөрөөжээ. Тэрээр уул нь самурай ч байгаагүй, жирийн тариачин айлын хүүхэд билээ. Харин энэ бүхнийг нэгэн овжин бармен ашиглаж чадсан билээ. Тэрээр Токиогийн Гинза хороололд “Гоо хөөрхөн япон охидыг байсаар байтал гол гаргаж монгол хүүхэнтэй хуримласанд дургүйцсэн” гэх 10000 орчим бүсгүйг цуглуулж Накамурад гомдсон “Түмэн охины мэгшилт” зохион байгуулаад Гиннесийн номд оруулсан байдаг. Үүгээрээ чамгүй мөнгө олсон гэдэг.

Түрүүлсэн бөхөө ухаан алдан хайрладаг монголчууд Накамурагийн хөлсийг хусан долоож, шээсийг нь хулгайлан ууж байлаа. Бөх хүний хөлсийг хусаж долоовол сайн бөгөөд гарах хүүхдэд эерэг нөлөөлнө гэж монголчууд итгэсээр яваа аж. Накамурагийн ид манддаг үед алмаазан гахай жил тохиосон сон. Гахай жил төрсөн хүүхэд тарган цатгалан амьдардаг гэж итгэсэн монголчууд тэр жил олноороо жирэмсэлжээ. Жирэмсэн байхдаа бөхийн хөлс амсвал бяртай алмаазан гахай… гэнэ ээ хүүхэд гардаг гэж нот итгэсэн олон хүүхэн Накамурагийн хөлсөнд оочерложээ. Чухам энэ жил төрсөн олон мянган хүн Японы Хоккайдогийн “Эгзээм сувилал”-ын байнгын үйлчлүүлэгч болсон аж. Накамура сан төрөлхийн айхавтар эгзээмтэй, тэрийгээ Хоккайдогийн рашаанаар аргацааж явдаг байсан тухай болон Монголоор нэг тарсан “япон цистит” зэргийг энд ярих нь илүүц биз ээ.

Монгол бөхөд япончууд манлайлах болсон цагаас хойш “бөхийн фен”-үүд арлын орноор дүүрсэн юм. Монгол бөхийн япон фенүүд “Монголын алдартай хүмүүс заавал төрийн цолтой байдаг” гэдгийг иш үндэс болгон Накамурад улсын ямар нэг цол олгохыг төрөөсөө завсаргүй шаардаж билээ. Эзэн хаан зарлиг гаргаж тариачны хүү Накамурад “самурай” цол олгов. Монгол бөхийн засуул, морины уяач нараар дүүрсэн парламент үүнийг нь голсон билээ. Хаан зарлигаа шинэчилж “Япон улсын гавьяат самурай” цол бий болгоод анхныхыг нь түүнд хайрласан удаатай.

Япончуудын зарим нь талын нүүдэлчид эхлээд Накамурагийн хөлсийг долоож, шээсийг ууж байгаад улмаар амтанд ороод идчих вий хэмээн айх болов. Хэтэрхий санаа зовомтгой зарим нь хүний махыг жигшүүртэй муухай амттай болгодог лосьон зохион бүтээснээ түүнд явуулсан удаатай. Дээр нь японы нэрд гарсан хүний мах судлаач, өндөр настан Сагава сан “Хөлсний амтаар дамжин хүний махны амтанд ордгийг биеэр амссан” хэмээн Токиогийн зурагтаар ярьсан нь ёстой дайран дээр давс нэмсэн нь мэдээж.

Хамгийн гол нь Накамура сан амжилт гаргахын хажуугаар зан ааш нь монголжин эвдэрч эхэлсэн нь хоёр орны түмнийг зовоож эхэлсэн юм. Уржнангийн цагаан сарын барилдаанаар нутаг нэгт бөх, улсын арслан (State owned lion) Номурад өвдөг шороодоод, тахимаа өгөхийн оронд бөлдөгдөн ухаан алдуулсан юм. Энэ мэхийг Монголд хориглоод найман жил болж байгаа юм.

Ингээд зогссонгүй зуны наадмаар шал согтуу туг тойрсноо дэргэд нь зогсоод морь харчихжээ. Тэр үүнийгээ монгол хүн овоон дээр буугаад морь хардаг, тэрэнтэй андуурлаа хэмээн зүтгэсээр байгаад хэрүүлийг арайхийн намжаасан юм. Харин өвөл Японд амралтаараа ирээд байхдаа “Гейша Эммануэль” гэдэг цадиггүй завхуул киноны гол дүрд тоглосон нь монголчуудын тэвчээрийг бүр баржээ. Ингээд Монголын үндэсний бөхийн холбооны дарга Р.Нямдорж арга буюу “Накамураг цагаан сарын барилдаанаар өнжүүлэх” шийдвэр гаргасан байна. Үүнээс үүдэн Япон даяар эсэргүүцлийн давалгаа дэгдлээ. Тэдний дунд “Монгол бөхийн холбоог япон хүн тэргүүлэх цаг болсон” гэсэн чиг шугам баримтлагчид ч бас байгаа юм.

* * *

2017 оны хоёрдугаар сарын 30. (Жи Жи Цусин агентлагийн тайлбар). Монгол бөх яагаад японжив Монголчууд саяхныг болтол гадны хүнийг үндэсний бөхдөө хавьтуулдаггүй байлаа. ХХ зууны дундуур Зөвлөлтийн мэргэжилтэн, дасгалжуулагч нэг удаа барилдаад улсын начин (Someone state owned bird) цолонд хүрдгийн даваан дээр хуйвалдан зайлуулсан байдаг. Зөвлөлтийн дагуул улс байж, тэдний мэргэжилтний үг тэнгэрийн зарлиг байсан цагт болсон явдал шүү дээ.

Гэтэл шинэ мянганы эхээр монгол бөхчүүд дэвжээнээсээ илүү албан тушаал, бизнес сонирхох болов. Эхэн үедээ бөхийн цолыг дуудахдаа “Монгол Улсын парламентын гишүүн”, ”Монгол Улсын сайд” гэдгийг нь гуншингийн өмнө хийх үү, ард нь оруулах уу” гэдгээс үүдэн маргаан дэгдэж байсан нь гай зовлонгийн дөнгөж эхлэл. Удалгүй монгол бөх журмаа “яльгүй” өөрчилж “цолоор дээгүүр нь барилдах бөхөө амлана” гэсэн заалтыг “Албан тушаалаар дээгүүр нь бусдыгаа амлах” болгосон нь сүйрлийн өрнөл байв. Ингээд бөхөд амжилт олохын тулд эхлээд албан тушаал ахидаг болов. Улсын баяр наадам нь төрийн албан хаагчдын ноцолдоон болон хувирав. Нэг удаа улсын заан (State owned elephant) цолтой, аймгийн засаг дарга бөх, дэд сайд бөхийн аманд очин барилдахдаа тэр үед ихэд дэлгэрсэн “бөлдөгдөх” мэхээр унагажээ. Гэтэл албан тушаалаар ахмад бөхийн нөхөн үржихүйн асуудалд хүндрэл учирсныг эмч нар тогтоосон байна. Тэд шүүхдэхдээ тулав. Шүүгчид хуулийн дагуу “албан тушаалаар ахмад заалдагчийн талд” хэргийг шударгаар шийджээ. Шударга явдалд дассан монголчууд хэл ам хийсэнгүй. Гэтэл шүүгчид ингээд зогссонгүй. “Төрийн албан хаагчдын генофондод хохирол учруулж буй “бөлдөгдөх” мэхийг барилдаанаас хасах санал гаргасан нь түймэр дэгдээжээ. Олон бөхчүүд үүнд дургүйцэж “бөлдөгдөхгүйгээр яаж барилдах юм”, “хулгар чихгүй, хугархай хуухнаггүй ямар бөх байдаг юм бэ” гэхчилэн заалджээ. Чухам энэ үеэс монгол бөхөд учраад байгаа сүйрэл, дампуурлыг олж харсан хэсэг хүн Японоос бөх авчирч барилдуулах санаачилга гаргасан юм. Хариуцсан ажлаасаа өөр юм руу ордоггүй, ажлаа гүйцэд сайн хийдэг япон хүний чанар монгол бөхийг аварсан гэхэд болно. Учир нь Монголын үндэсний япон бөхчүүд их хуралд нэрээ дэвшүүлэхгүй, зээл хөөцөлдөж давхихгүй, авлигад ороолдохгүй, хүний юмыг зүгээр авч байх учиртай гэж бодохгүй байв. Учир нь тэд зөвхөн барилдаж, бөхөөрөө л үлдэж байв. Учир нь тэд бусдыг мөлжихгүйгээр шударга хөдөлмөрөөрөө амьдрах ёстой гэж итгэдэг байв. Монголчууд япон бөхчүүдээ үлэмж халуунаар хүлээн авч, “үндэсний бахархлыг маань аварлаа” хэмээн мэхийж байсан цаг саяхан. Гэхдээ саяхан болтол шүү. Эхэн үедээ монголчуудын хайр халамжинд умбах тэднийг харсан олон мянган япон залуус сургууль соёлоо орхин хээр талыг зорьж, манай арлуудаар дүүрэн “монгол бөхийн фен”, “Монголд очиж морь уядаг уяач” нар төрөн гарсан юм. Харин тэр үед ухаалаг, сонин дүгнэлтээрээ гоц ялгардаг, сэтгүүлч Нагасаки сан “Монголчуудад хорлогдоно гэж айх хэрэггүй. Тэд бусдыг хорлох гээд өөрийгөө хорлочихдог улс. Харин тэдэнд хайрлагдахаас ямагт болгоомжлох хэрэгтэй. Тэд хүнийг элийртэл дураар нь тавьж, ухаан нь сохортол эвийлдэг. Сохорсныг нь мэдүүтээ шидчихдэг” хэмээн бичиж байсныг тухайн үедээ анзаарсан нь юу бол. Арваад жил өнгөрөхөд хатуу чанд дэг журам, моралын кодекстэй өсч торнисон япончууд “тал нутгийн хайр” ба энхрийлэлд согтож өөрсдийгөө манай эзэн хаанаас дээгүүр тавьсан сагсуу, хөлчүү амьтас болсон. Тэдний нэг улсын харцага (Someone state owned bird) Конзэбурэ бээр NHK-гийн сурвалжлагчийн “Та жирийн загасчны хүүхэд биз” гэсэн асуултад “Би угаасаа заяа сайтай, хувилгаан хүн” хэмээн хариулсан удаатай. Ингээд эцсийн эцэст монголчууд өөрсдийн “Үндэсний бөхөө аврах”, япончууд өөрсдийн “Япон монгол бөхөө аврах” хоймсон асуудал босч иржээ. Дээр нь олон япон хүн Монголын үндэсний бөхийн “япон бөхчүүд эзэгнэх ёстой” гэж үздэг болсныг хэлэх үү?

* * *

2017 оны хоёрдугаар сарын 30. (Асахи Шимбуны спортын тоймч Кавабата). Сумод цолны ханш өсөв.

Өнгөрсөн сард сумогийн түүхэнд байгаагүй олон хүн магашира цол хүртлээ хэмээн Японы сумогийн холбооны дарга Цэрэнбатаа сан мэдэгдлээ. Сумогийн гол дэвжээ болох “Мөөгий аварга”, “Баагий аварга” хоёр дэвжээнээс нийтдээ дөрвийн дөрвөн уугуул япон бөх зодоглосон нь үнэхээр сонин үзэгдэл байлаа. Сүүлийн арваад жилд япончууд сумогоосоо хасагдаж, аажмаар монголчуудын мэдэлд шилжсэн билээ.

Олон хүн үүнд дургүй байдаг ч тэнд нь япончууд очиж барилдахгүй, монголчуудыг хөөх гэхээр башё тасарчих гээд яалт ч үгүй болсон хэрэг. Өөрөөр хэлбэл сумочид хөлөөрөө дэвэхээ болиод гараараа дэвж эхэлсэн, барилдах бөхөө өөрөө сонгодог болсон зэргийг япончууд тэвчихээс өөр замгүй болжээ. Нэг удаагийн барилдаанаар найман хүн шинэ цол авах боломжтой байсан уламжлалыг монголчууд өөрчилж 16 болгов. Илүү наймыгаа “хий мөргүүлэх” гэдэг монгол аргаар төрүүлнэ. Цэрэнбатаа сан үүнийгээ “үнэхээр чадалтай хүн олшроод байхад танай үхширмэл дүрэм саад болоод бид дундын хувилбарыг олсон нь энэ” хэмээн байн байн тайлбарлана. Гэвч шар сонинууд “Нэг давааг 10-40 сая иенээр үнэлэн зардаг”, “Ноднингийн ёкүзона дөнгөн данган 40 кг жинтэй, төрөлхийн рахиттай хүн байсан” гэхчилэн шуугисаар ирсэн ч япончууд чихнийхээ гадуур өнгөрөөнө. Гол нь сумо нэртэй, хэдэн хүн ноцолдсон газар нь байж байвал болох нь тэр. Энэ удаагийн Магаширагийн 66 шилдэг бөхөд багтагсад хэдийг төлөө бол? Хий мөргөхөд 33 сая иен, аргагүйдэж барилдахад 22 сая иений ханштай байна гэж дуулдах юм. Хэрвээ үнэн бол ханш нь ноднингийн мөн үеийнхээс 25 хувиар өсчээ.

Өдрийн сонин, 2007 оны 9 сарын 3

Хагарал

Filed under: - Нийтлэл -,Х.Баттулга — haichilbar @ 12:37 pm

Чонотой нийлсэн нохой чононоосоо ч хомхой байдаг юм шvv. /Ардын vг/

ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИ

XX зууны туршид Монголын асуудлыг Орос, Хятад бидний толгой дээгүүр шивнэлдэн шийдэж байлаа.
“Ардын алч” киноны хяналтын хувилбарыг Улс төрийн Товчооныхонтой Хятад, Зөвлөлтийн Элчин сайд хамт үзэж гэнэ. Кино дуусмагц Зөвлөлтийн Элчин босч “Оо, сайн. Зөвлөлт – Монголын найрамдлыг гайхамшигтай харуулсан байна. Гаргахад татгалзах зүйлгүй” гээд суув. Хятадын Элчин сайд “Хай, Зөвлөлт – Монголын найрамдлыг харуулсан талаасаа бол зүгээр юм. Хятад -Монголын найрамдлыг ер харуулаагүй юмаа даа ” гэжээ. УТТ яаралтай хуралдаж, найруулагч Д.Жигжидэд Хятад, Монголын сайн харилцааг кинондоо тусгах үүрэг өгснөөр бидний мэдэх “сайн” хятад өвгөний дүр “Ардын элч” кинонд орсон түүхтэй. Энэ мэтээр монголчууд ч аливаа асуудлыг толгой даан шийдэж чадахгүй, “хоёр хөрш юу гэх бол..” гэсэн өнцгөөс тавьж шийдвэрлэдэг, шийдвэрлүүлдэг байсан он жилүүд бий.
1989 оны төгсгөл үеэс Монгол Улс социализмын хүлээснээс ангижирч, нээлттэй нийгэм рүү хийх шилжилтийн явц ч хоёр хөршийн харилцаа, тохиролцооноос ихээхэн хамаарч байсныг түүхийн баримтууд улам бүр нотолсоор байна.
Хятадын Ши Нинбо гэж Орос судлаачийн бичсэнээс үзэхэд “1980-аад оны эхнээс Хятад, Зөвлөлтийн харилцаанд байсан хүндрэлүүдийг даван туулах, зөөлрүүлэх чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гаргаж эхэлжээ. Хятадууд харилцааг сайжруулахад гурван саад байна гэж дурдсан нь Афганистан, Вьетнам, Монгол байлаа. ЗХУ-ын удирдагчдын зүгээс ч Монголд хийсэн айлчлалынхаа үеэр ЗХУ, БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа дурдаж эхэлсэн байна”
Хятадууд өөрсдийн байр суурин дээр хатуу байсан бөгөөд ЗХУ-ын зүгээс гурван саадыг арилгахгүй бол “БНХАУ-ын зүгээс ЗХУ-ыг цэргийн заналхийлэл учруулж байгаа, дайсагнагч гүрэн гэж үзэх болно” гэж анхааруулсаар байжээ.
М.Горбачев ЗХУ-ыг удирдах болсныхоо дараа “БНХАУ-тай сайн хөршийн харилцаа тогтоох нь бидний хувьд АНУ болоод бусад улстай харилцахаас дутуугүй ач холбогдолтой юм. Бид БНМАУ-аас цэргээ гаргах талаар ярилцаж эхлэх болно” гэж мэдэгдсэн нь асуудлыг түргэсгэв. Ингээд 1989 оны тавдугаар сарын 15-18-нд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн дарга М.Горбачев Хятадад айлчлан Цэргийн Зөвлөлийн дарга Дэн Сяопинтай уулзаж ярилцлаа. Үр дүнд нь “хоёр талын найрсаг харилцааг үндэслэсэн” хамтарсан мэдэгдэл гэдгийг гаргажээ.
Энэ мэдэгдлийн дагуу Зөвлөлтийн цэрэг хэсэгчилсэн байдлаар Монголоос гарч, 1992 он гэхэд Монголд нэг ч орос цэрэг байхгүй болох ёстой юм.
Тэгэхээр Зөвлөлт Хятадын хамтарсан мэдэгдлийг энгийн хэлэнд хөрвүүлбэл бид ахиад л хөршүүдийнхээ хоорондын наймаанд явчихсан хэрэг. Гурван гүрний гэрээний орчин цагийн загвар. Оросууд Монголоос савраа татаад хилээ хаана(визийн чанга журам нэвтрүүлэв). Харин Хятадууд хилээ нээж(визгүй зорчих болгов) алхам алхмаар Монголын эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал урдаас хамааралтай болно. Нүүдэлчин монголчуудад аж ахуй эрхлэх чадвар суугаагүй, үйлдвэрлэл хөгжөөгүй зэрэг нь эдийн засгийн хараат байдал руу автоматаар түлхэх нигууртайг тооцож байжээ.
М.Горбачевын үлээсэн өөрчлөлтийн салхи өөр лүү нь хүчтэй шуурч эхэлснээс Монголтой манатай юм болж, зөнд нь хаяжээ. Монголчууд ч завшааныг ашиглан тусгаар тогтнолоо баталгаажуулж авахаар шийдэж, өндийн босов. МоАХ-оор удирдуулсан энэ тэмцэл түүхийн ховорхон, давтагдашгүй боломжийг ашигласнаараа үнэтэй.

МоАХ БА АЮУЛААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГУУД

Эрх чөлөө, тусгаар тогтнол, хүн төрөлхтний нийтлэг эрх, нээлттэй нийгэм рүү хийсэн монголчуудын алхам эргэлт буцалтгүй болохыг анхнаас нь Орос, Хятадын аюулаас хамгаалах албад мэдэрч байлаа. Шууд нухчин дарах, дарангуйлах боломж нэгэнт үгүй байсан учир тэд өөрсдийн хүмүүсийг шургуулж, байдлыг мэдэхтандах, алсдаа жолоодох санаа өвөрлөсөн байна. Монголын НАХЯ ч зүгээр суусангүй, хүмүүсээ шургуулаад авч. Үйл явдлын өрнөлийг урьдчилан харах, жолоодох боломжгүй болж эхэлсэн бөгөөд МАХН-ын УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон учир НАХЯ болон Оросын албадаас шургалсан хүмүүс удирдлагагүй болж, “вандан тас” гэдгийн үлгэрээр чигээрээ хувьсгалчид болон хувирчээ.
Харин Хятадын Амрыг хамгаалах яамнаас шургуулсан хүмүүс ардчилсан хувьсгалын төрхийг өөрчилж, “нэг мөсөн өөрчлөх, гүйцээх” нэрийн дор цус урсгахад турхиран иргэний дайн өдөөхөөр шамдуулж байлаа. Тэд улс төрийн өс хонзон авах, УТТ-ны гишүүд, Цэдэнбалыг тойрон хүрээлэгчидтэй тооцоо бодохыг хатуу шаардаж байсан юм. Гэвч эх орон, ардтүмнээ гэсэн чин сэтгэлтэй хүмүүс “нэг ч монгол хүний хамраас цус гаргахгүй” гэсэн байр суурин дээрээ хатуу зогсч хэрэгжүүлж чадсан билзэ. МАХН-ын тэр үеийн удирдлагууд ч үндэстнээ хагаралдуудахын эсрэг байсан учир бид хүн төрөлхтнийг гайхуулсан аядуу хувьсгалаа хийсэн юм.
Харин эрх чөлөөний хөдөлгөөнийг самуун болгох, монголчуудыг хооронд нь алалцуулах сонирхолтойгоор шургалсан бүлэг этгээдүүд санаархлаа биелүүлэх боломжгүй болсонд уурсан хараал, ерөөл тавьсаар МоАХ-ноос холдон одсон билээ. Энэ бүлгийнхэн захиалгаар хагалах, бутаргах ажил хийдэг нэг ёсны үйлчилгээний захиалга гүйцэтгэгч компани маягийн юм болж хувирсан юм.
Тэд 1997-1999 онд МАХН-ын зарим удирдлагын хатгаасаар “Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газрыг эсэргүүцэх хөдөлгөөн байгуулж, өлсгөлөн зарлан. монгол хүний цус урсгах хүслээ бага боловч биелүүлж, үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдааг өвгөн Баасан гэгчээр хутгалуулж байсныг олон нийт тодхон санаж байгаа байх.
Одоо ч тэд “нэн тэргүүнд 450 албан тушаалтныг буудаж алах , 1500 хүнийг 25 жилээр, 5000 хүнийг 20 жилээр, 10 000 хүнийг 10 жилээр хорих ёстой” гэсэн жагсаалт маягийн юмаа ном болгон (Ж.Нэргүй. “Монгол улсын ээдрээт замнал”) хэвлэж тараасан байгааг үзэж болно.

ХАГАЛАГЧИД

Түүхийн бүх л үеийн туршид нанхиадууд монголчуудыг хагалж иржээ. Орчин цагт тэд энэ зорилгодоо эрлийзүүдийг овжноор ашигладаг. Хүний цус, элэг гэдэг өөр ажээ. МоАХ-г цус урсгасан тэмцлийн хэлбэр лүү түлхэхээр чармайж байсан хүмүүс цөм эрлийз байсан юм.
Тэд тэртэй тэргүй гарч байсан Оросын цэргүүдийг харааж, зүхэн Орос, Монголын харилцааг муутгах ажиллагааг эрчимтэй явуулсан бөгөөд энэ нь тодорхой хэмжээнд амжилт олсон билээ. Орос, Монголын харилцаа эрс хүйтэрч, нөлөө бүхий улс төрч В.Жириновский монголчуудыг ил тодоор доромжилж, харааж зүхэв. Г.Каспаров гэгч шатарчин хүртэл Монголыг хятадад наймаалах боломжийн талаар ил ярих болсон юм.
17 жил өнгөрөхөд “Хүний угсаа гарвал нь 50 нас хүрэх үеэс гадаад төрх, алхаа гишгээн дээр нь тодрон гарч ирдэг” гэсэн ардын үг биеллээ олов. Өнөөдөр МоАХ, Монголын ардчиллыг цуст яргалалд түлхэхээр санаархаж байсан хүмүүсийг олон нийт гаднаас нь хараад л урд зүгээс ирсэн гэдгийг нь ялгахаар болжээ. Хүний генетик мэдээлэл, удамшил яалт ч үгүй цагийн аясаар тодордог л юм байна. Даравч дардайна гэж ухаант ард минь үнэн хэлжээ.
Хэрвээ эрлийзүүдийн хүсэл биелсэн бол яах байсан бол. Тэд хүсэлдээ хүрээгүй ч сумаа тавьж чадсан. 1990 оноос хойш монголчуудыг салбар бүрээр, байгууллага бүрээр нь шахуу хагалав. Томоохноос нь дурдъя.
1990-1996 он. Амрыг хамгаалах яамны төлөөний этгүүд ажлаа идэвхжүүлсээр ардчилсан хүчинд нэлээд хэдэн ан цав суулгаж дөнгөв. С.Зориг агсан хүртэл явуулгад автан АН-аас өрх тусгаарлаж, БНН-ыг байгуулж байлаа. Энэ мэт хэд хэдэн бутрал явагдсаны эцэст учраа олж буцаж нэгдэх явц өрнөсөн нь сумаа тавиад нумаа нуусан эрлийзүүдийн тарыг таньсных байсан юм. Гэвч олигтой сургамж авсангүй.
1996-2000 он. АХ эвсэл сонгуульд ялж, засаг барих нь тодорхой боллоо. Ялсан намаас Ерөнхий сайд томилогдох болоход үл ойлгогдох байдлаар Ардчилсан намын удирдлагад огт байгаагүй, ардчилсан хувьсгалд гар бие оролцоогүй, тэр ч бүү хэл МАХН-ыг шинэчлэгч, ирээдүйтэй боловсон “хүчин гэгдэж байсан нэгэн томилогдчихжээ. Энэ нь дараагийн маш том хагарлын үүдийг нээх учиртай хэрэг байсан юм. Тэнгэрээс буусан хагас монгол эр хагалах үүргээ амжилттай биелүүлээд хоёр жил гаруй болоод буулаа. Энэ богинохон хугацаанд тэрээр импортын гаалийн татварыг тэглэснээр үндэсний үйлдвэрүүд бүрэн дампуурч, бид жинхэнэ утгаараа эдийн засгийн хувьд хараат болсныг бүгд санаж байгаа байх.
Өнөөх эр Ерөнхий сайдын суудлаа өгмөгцөө л оройноос нь хагалан бутаргах ажлаа бүр эрчтэй хийж эхэлсэн билээ. “Элсний 13″ гэж АХ эвслийг яайруулсан луйварчдыг тэр турхирч эхэллээ.
Өмнө зүгээс хил давуулан шидсэн чулууг овилгогүй улс төрчид өлгөж аван, “хагалах бизнесийг” цэцэглүүллээ. Бутарсан шаазан шиг болсон ардчилсан хүчин хагарлын үр дүнд сонгуульд навс ялагдав.
2000 – 2004 он, МАХН-ын ойворгон удирдагч хагалах мэхийг дадамгай эзэмшсэн болохоо нотлон харууллаа. Сөрөг жагсаал, сөрөг хөдөлгөөн гэж юм үүсгэн хагаралдуулдаг жишиг тогтоов. Жижиг эмнэлэг, сонины газраас өгсүүлээд намаа(86 жилийн түүхтэй гэж бахархан ярьдаг) хүртэл хөгшин, залуугаар нь хагалж авав. Одоо МАХН доторх жигүүр хөдөлгөөнүүдийн тоо 86 хүрэх гээд байх шиг байна, тийм үү.
Гол хагарлыг эрлийзүүд Ардчилсан нам дотор үргэлжлүүлэн хийсээр… Тэд арайхийн нэгдэж авсан намыг элдвээр оролдсоор байгаад “Алтан гадас” ба Энхсайханыхан гэсэн хоёр бүлэглэлд хувааж дөнгөв. Ингээд сонгуульд ортол “Эх орон Ардчилал” эвсэл, МАХН хоёр тэнцчихлээ. М.Энхсайхан нам дотроо хэлэлцэж амжаагүй байтал яаран Эвслийн Засгийн газар байгуулахаар МАХН-тай тохиролцов. Энэ нь урдаас тооцоолчихсон мэх байсан нь жил гарангийн дараа тодорхой болсон билээ.
2004-2007 он. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар хуйвалдаанаар “Эх орон-Ардчилал” эвслийг тасар татан хаялаа. Эвслийн засгийн газар огцорч, МАХН-ын Үндэсний эв нэгдлийн гэх Засгийн газар байгуулагдлаа. М.Энхсайханыг Ардчилсан намаас хөөчихсөн учир ахин энэ намыг хагалах боломж үгүй болсон ч хагалж болох илүү том нам цаана нь үлдсэнийг ойлгохтойгоо байлаа. Яг тэр үед хагалагчдыг мэдэхийн дээдээр мэдэх хашир туршлагатай улс төрч Э.Бат – Үүл “Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн УИХ-ын чуулган дээр шогширч байсан нь тун удалгүй биеллээ олсон юм. МАХН-ын угшилтай хагалагч, урд зүгийн угшилтай хагалагч хоёр нийлж аваад бүр өргөн хүрээний “хагалгаа” хийж эхэллээ. Хагалагч, хагалагчдаахайртай. Бүр нэгэндээ зориулж хайрын шүлэг тэрлэнэ. Ил, далд янз бүрийн аргаар МАХН-ыг хэдэн хэсэг хувааж дөнгөлөө.
Тэд иргэний хөдөлгөөнүүдийг ч зүгээр орхисонгүй. МАЧХ, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Эх оронч фронт” зэргийг хагачив. “Зууны мэдээ” сонины ч хагарах өвчин тойрсонгүй. Эрхлэгч нь байсан хүний ярилцлагаас харахад их том хүмүүс жирийн нэгэн сониныг “хагалаад” л явж байсан байх юм.
Хачирхалтай нь, МАХН-ын хагалагч өөрийнхөө мэдлийн “Зууны мэдээ” сонин (sonin.mn) дээр 2005 оны тавдугаар сарын 30 -нд нөгөө хагалагчийнхаа талаар ингэж бичүүлж байжээ “М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан “За, та нар аавын маань төрсөн газрыг “зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа, Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хүн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагуй зовдог байсан гэнэ. Хятад гэхээр толгойтой үс өрвийдөг байсан тэр үед хөөрхий жаал хүүг яаж чичилж байсан нь ойлгомжтой”
Энэ мэдээг батлах гэсэн мэт тэрээр 2007 оны зургадугаар сарын 1-ний “Өдрийн сонин”-д (sonin.mn) “Засгийн газрын гишүүдтэй гадаадын ажиллах хүчний тухай асуудал яригдаж, 40000 айлын орон сууцны хүрээнд баахан хятад ажилчид орж ирэх гэж байгаа тухай, монголчууд шавраа зуурчихна, шороогоо ухчихаж чадна гэх зэрэг яриа болохом би “Монголчууд тэнгэр заяатай ард түмэн” шавар ч зуурахгуй, шороо ч ухахгүй, харин шавар зуурдаг, шороо ухдаг 10 хүнийх нь монгол байя гэж хэлээд инээд болж байсан” гэж өөрийн бичсэн нийтлэл дээрээ бичиж үлдээжээ. Монголчууд энэ үгнийх нь далд санааг ухаж ойлгоод эсэргүүцэх үед харин “би огт тийм юм бичээгүй” гэж мэлзсэн билээ. Цагаан дээр хараар бичсэн зүйл нь харин түүхийн гэрч болон дурайж байна. Нэг монголд арван хятад ногдохоор болоод ирэх цагт захирагдаад байх уу гэсэн энгийн асуултын хариуг олоход Шадар сайд байх ч албагүй. Захын тэнэг хэлээд өгнө. Хүний олон нь цөөнхөө барьдаг юм.
Хагалагчийг биширч явдаг нэгэн эмч түүгээр бахархах сэтгэлдээ хөтлөгдөн “… Монголын улс төр, эдийн засгийн лидерүүд ямар ямар улсын эрх ашиг сонирхлыг төлөөлж, хэн хэний эрх ашиг Монголын өндөрлөгт мөргөлдөж байна вэ?
1. ProRussia (оросын баримжаатай) гол төлөөлөгчид нь: Н.Энхбаяр, С.Баяр, талийгаач С.Зориг г.м
2. ProChina (хятадын баримжаатай) гол төлөөлөгчид нь: М.Энхсайхан, Б.Эрдэнэбат (зоос дагаад элгээ сольж буй), г.м …Irgen.mn үз) гэж бичсэн удаатай.
Таван толгой, Оюу толгойн тогтвортой байдлын гэрээг ард түмэнд ашиггүйгээр шийдвэрлэх гэж яарч сандарч эхлэх үед МоАХ гэрээнүүдийн цаана нуугдаж б-айгаа санаархлыг илчлэн, тэмцэх үед “коммунизмыг санагалзлаа, 850 000 доллар гаднаас авсан” гэх мэтээр гүтгэж эхлэв. Энэ нь огт нотолгоогүй зүйл хэдий ч дараагийн ярих зүйлд нь “баримт” тулгуур болж өгөх учиртай байжээ.
Хагалагчид хагачих зуршилдаа хөтлөгдөн одоо МоАХ-г хагалж хаяхаар улайрч байна.” Азаар МоАХ хагаралтад тэсэх дархлаатай ажээ. Иймд энд тэндхийн архичин, нүүрсчин, хаягдмал, гологдмол, гомдсон хөрсөн улсуудыг(70 орчим) цуглуулаад МоАХ-г “ахин байгуулж” маанагтав. Сониноор тэднийхээ тоог 300 гэж өсгөж хэлэхээ ч мартсангүй. Энэ бол тун ядарсан мэх. Хагалж дөнгөхгүй болохоороо хагарсан мэт харагдуулах гэсэн оролдлого. Үүнийг хийгчид нь өнөөх л эрлийзүүд. Аль 90 онд МоАХ-г хагалах, цуст яргалалд турхирахаар санаархагчид. Он цаг тэдний нүүр, гадаад төрх дээр хэн болохыг нь сийлээд дурайлгаад өгч дээ, аз гийхэд. Гэлээ ч дотор хүний хагалах ухааныг монгол бид гүйцэхүй бэрх. Тийм учраас цаг үргэлжид сонор сэрэмжтэй, ухаалаг байхгүй бол залгихаар завдагч ойрхон байгааг анхааруулахад илүүдэхгүй биз ээ. Оросууд визгүй зорчих Монголын саналд хойрго хандаж байгаа, Далай ламыг нутгаараа дайруулах дургүй байгаа зэрэг нь Монголыг Хятадын нөлөөллийн бүсэд “хаяж өгснийг” л илтгэж байгаа хэрэг. Үүлэн чөлөөгөөр амжиж олсон тусгаар тогтнол, эрх чөлөөг минь чонотой нийлсэн ноход тасчихад бэлэн байгаа.
Монголын ард түмэн тэдний хэн нь хэн болохыг тод харж, ялгаж байгаа болохоор тэд дараагийн бүр том хагалгаанд бэлтгэж байгаа.
“Ар монголыг эрхшээлдээ оруулах алтан арга бол хагалах бөлгөө” гэж нанхиад төрийн бодлоготнууд хэдэн зуунаар ярьж иржээ. Хагалж ч ирсэн. Хагалсаар ч байна.

Өнөөдөр сонин, 2007 оны 9 сарын 3

August 22, 2007

Монголын нууц түүх

Filed under: - Нийтлэл -,Баабар — haichilbar @ 8:50 pm

Нүүдэлчдийн үүх түүх гол төлөв аман хэлбэрээр хадгалагддаг. Үүнээ тогтооход амраар нь шүлэглэсэн хэлбэрээр үлдээнэ. Түүхийн явцад янз бүрийн уран сайхантай холилдсоор домог хэлбэрийг олно. Гадны өөр үлгэр домгоор ч баяжина. Буриад монголчууд өөрийн утга зохиолын эхийг Гэсэр, халимаг монголчууд болохоор Жангар гэж өдгөө нэрлэдэг боловч уг язгуур нь Энэтхэг, Төвдөөс гаралтай туульс билээ. Монголын утга зохиолын их өв Нууц товчоо ч хэдэн зуунаар хэлэгддэг байсан аман домгийг бичгийн хэлбэрт буулгасан нь илт. Харин Чингэс хаанаас хойш хориодхон жилийн дараа бичгээр буусан болохоор ойрмогхон үйл явдлууд төдийлөн их хэмжээгээр домогжин үлгэржиж амжаагүй байсан болов уу.

Ийм уламжлалт сэтгэлгээ үйл явдлыг хэрхэн уран сайханжуулж, домогжуулж, үлгэржүүлж чаддагийн сонгодог жишээ бол Навааннамжилийн 1940-өөд оны үед туурвисан Чойбалсангийн намтар юм. Зэрлэг барууны ковбойн адалт явдал санагдуулам, сүпэрмэн, Жэймс Бонд, Рэмбо нарын хувилбар энэхүү “баримтат тууж” нь тэр үеийн монгол хүүхдийн заавал унших сурах бичиг нь байлаа. Сталинизмын тахин шүтлэг, үзэл суртал нөлөөлсөн л биз, гэхдээ л болсон үйл явдлыг зохиомжлон сүр оруулж танигдахгүйгээр үл барам антифакт болгож чаддаг монголчуудын бишрэм авьяас нэвт шингээстэй. Бичиг үсэгтэй боловсролтой болох тусмаа баримт цаасан дээр суух боловч нөгөө талаас улам боловсронгуй домог зохиодгийн нэг жишээ бол 1955 онд зохиогдсон БНМАУ-ын түүх, 1956 онд зохиогдсон МАХН-ын түүх юм. Хаанаасаа юун Сүхбаатар гарч ирээд ямар хувьсгалыг толгойлоод хэн хэнтэй тэмцээд унав аа?! “Солиорол хүртэл дэс дараалалтай” гэж Шекспир өгүүлсэнчлэн Монголын түүх удах тусмаа улам “чансаажин” буурь сууж, улам “боловсронгуйжин” өнгө орж байлаа.

Гэтэл Монголын бүхий л түүхэнд тохиосон нэгэн чухал цэдэг үргэлж нууц байсаар өдий хүрлээ. Монголын түүхэнд тохиосон магадгүй хамгийн гэрэл гэгээтэй, хамгийн ололттой, хамгийн үр дүнтэй, хамгийн сайхан түүхэн хэсэг нь МАХН-ын өч төчнөөн олон сурах болоод Монголын түүхийн нэг, гурав, таван ботидч тун бүдэг дурдагдаад өнгөрдөг. Албан бусаар 1950-иад оноос 1970-аад он хүртэл, албан ёсоор 1959 оноос 1965 он хүртэл үргэлжилсэн соёлын их хувьсгал юм, Энэ богино хугацаанд монголчууд бичиг үсэг тайлагдаж, эрүүл саруул болж, боловсон ёсонд суралцсан билээ. Дундад зууны монголчууд энэ хэдэн жилд XX зууны дэлхийн иргэд болон хувирсан юм.

Бүх сайхан юм 1921 оны долдугаар сарын 11-нээс эхэлсэн гэдэг худлаа л даа. Боловсорч соёлжиж иргэнших хөдөлгөөн 1911 оны эцсээс эхэлсэн юм. Гэхдээ дэлхийн II дайн дуустал овойж оцойхоор амжилт олоогүй л явсан хэрэг. Өөрөөр хэлбэл монголчууд мянган жилийн өмнө яажамьдарч байсан бараг тэр хэвээрээ л байлаа. Тэнгэрт онгоц нисэхийг харсан, ганц нэг удаа машин үзсэн өөрчлөлт гарсаан. Тэглээ гээд л улсын нийслэл Улаанбаатар нь үнэндээ замбараагүй томхон тосгон л байлаа. Хүн амын дийлэнх нь бичиг үсэггүй, бараг гучин хувь нь арьс өнгөний өвчинд нэрвэгдсэн, ядуу зүдүү гэж тоймгүй, ахуйн наад захын соёл суугаагүй ард түмэн байсан юм. Боловсон эмнэлэг, сургууль дөнгөж эхлэлийн шинжтэй. Хот суурин огт үүсээгүй энэ орны. хүн амын бараг дөрөвний гурав нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байлаа.

Дундад зууны хоцрогдсон энэ орон 20-30 жилийн дотор үнэмшимгүй их амжилт олж олон орны хэдэн арваас зуун жилээр эүтгэж буй болгосон зэрэглэлд орж ирлээ. Алив үндэстний жинхэнэ баялаг бол хүн. Хүний хөгжлийн индекс гэж сүүлийн үед нэрлэх болжээ. Тухайн орны дундаж иргэн боловсрол эрүүл мэнддээ аль зэрэг хөрөнгө оруулалт авсан, жэндэрийн тэнцвэр, 10 мянган хүнд ногдох эмч, оюутан, эрдэмтэн, эмнэлгийн ор болон ДНБ, ой хүрээгүй хүүхдийн үхэл, дундаж наслалт, хоол хүнсний ногдох дундаж илчлэг гэх мэтээр энэхүү индексийн чанарыг хэмжинэ. Хүний хөгжилд хийж буй хөрөнгө оруулалт үр дүн нь их л хожим гардаг, эргэлт удаантай эд боловч эцсийн үр дүн нь тухайн үндэстний ирээдүйг тодорхойлох ганц найдвартай зүйл нь. Энэ хөрөнгө оруулалтад анхаардаггүй, эс бөгөөс анхаараад ч хөрөнгө хүрдэггүйгээс болоод Африк, Латин Америкийн олон орон хөгжлиин гарцаа олж чадахгүи ядуу зүдүү явсаар ажгуу. Гэтэл Монгол нь энэ богино хугацаанд дэлхийд зарим тоон үзүүлэлтээр тэргүүн эгнээнд хүрч чаджээ. Нэгэнт эрүүл, боловсролтой иргэдтэй болж чадсан алив орны хандах зүг хар аяндаа тогтоно.

Яаж ийм хурдан амжилтад хүрэв ээ? Яагаад энэ бахархам амжилтаа нуугаад байдаг байсан юм бэ? Өдий болтол энэ талаар хийсэн дорвитой байтугай дорвигүй ч судалгаа байхгүй байлаа. Мэдээж энэ кампанит ажил үзэл суртлын хүчирхийлэл, захиргаадал, нугалаа завхралтай холилдож байж бүтсэн. Хүний халдашгүй эрхийг хүлээн зөвшөөрдөг газар ийм богино хугацаанд энэ зэргийн энтэй алхам хийж чадахгүй “байсан. Гэхдээ л эцсийн дүн нь бахархам үзүүлэлт.
Энэхүү ичиж нэрэлхээд ч юм уу тас нуугаад байсан гайхамшигт түүхийг Б.Цэнддоо Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин бүтээлдээ “онгойлголоо”. Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр 7-8 жилийн өмнөөс барьж авсан ажил нь улам гүнзгий, улам сонирхолтой, улам өргөн хүрээг хамарсаар явж явж ийм нэртэй хоёр боть ном болсон байна.

Ном сонин уншдаг өнөөгийн хэн боловч Цэнддоог мэднэ дээ! Фөльетон, памфлет, элэглэл, хошигнолын мэргэжилтэн. Харин энэхүү судалгааны шинжтэй, түүхэн баримттай бүтээлийг памфлет элэглэлтэйгээр бичиж чадсан нь баримт бичлэг дэх нэгэн шинэ нээлт болжээ. Түүх бичлэг манай түүхэнд гунигт түүх байлаа, Нэг талаас гуйвуулж улайм цайм худлаа наагаад дургүй хүргэнэ, нөгөө талаас авах юм байхгүй уйтгартай, Түүх судлал хүнийг түүхээр залхаадаг байсан хэрэг. Тиймдээ ч аль сурлага тааруутай хуваарь олох найдваргүй болсон нэг нь “аргагүйн эрхэнд” түүхч болдог байв шүү. Харин энэ ном нэг талаас хөдлөх аргагүй баримтжсан, нөгөө талаас элгээ хаттал хөхөрч магнайгаа хагартал маасайж байж шинжлэх ухаан судалгааны бүтээлтэй танилцах боломж олгож байна. Хүүхдийг шинжлэх ухаанд дурлуулах гэж бичсэн “Зугаатай математик”, “Зугаатай хими” зэрэг ном байдгийг сонсоо биз. Тэгвэл май, өмнө чинь “зугаатай түүх” байна!

Нөгөө талаас манай нэн шинэ түүхийн яагаад ч юм цагаан хуудас болж далдлагдсан энэ хэсгийг анх удаа олны өмнө ил болголоо. Эх материал, сурвалжууд нь албан ёсны архивт ихэнх нь үгүй, аль нэг холбогдох албан газрын шургуулга, үйл явдлын гэрч болсон хувь хүмүүсийн гэрт хадгалаатай байсан хэрэг шүү дээ. Зохиогч энэ болгоныг олж авах гэж чамгүй хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан юм. Түүнээс гадна түүхийн амьд гэрч нь дэндүү олон учир нэг талаас баримт цуглуулахад харьцангуй хялбар байсан боловч нөгөө талаас худлаа хэлбэл ганц алхахгүй баригдах учир нягт нямбай ажиллагаа шаардсан юм.

Цэдэнбал өөрөөсөө өмнөх үеийнхний хамгийн том бүтээлийг “Ардын хувьсгал”, өөрийнх нь хамгийн том ололтыг “нэгдэлжүүлэлт” гэж үздэг байлаа. Харин түүнээс олон жилийн дараахь түүхийн өндөрлөгөөс Цэнддоо асуудлыг өөрөөр харан цэгнэж байна. Цэдэнбалаас өмнөх үеийнхний хийсэн хамгийн том амжилт бол тусгаар тогтнол, Цэдэнбалын үөийнхний хийсэн хамгийн том бүтээл бол Соёлын хувьсгал! Ерөөсөө ч Монгол орны XX зууны түүх бол тусгаар тогтнол, иргэншил боловсролын түүх юмаа. Бусад бүхий л хар бараан намтрыг чухамдаа тусгаар тогтнол, иргэншил гэсэн ариун үйлсийн төлөөх төлбөр гэж ойлгож болом. Нээрэн ингэж ч бас тайлбарлаж болох юм байна шүү.

Өдрийн сонин, 2007 оны 8 сарын 22

August 15, 2007

Коминтерн гуай монгол дахь ноёрхлоо дахин тогтоосон нь

Filed under: - Нийтлэл -,Баабар — haichilbar @ 10:41 am

Ойрмогхон МАХН-ын Бага хурал боллоо. Хуралд оролцогчид болон зохион байгуулагчдын хэвлэлд өгсөн ярилцлагаас үзэхэд МАХН-ын түүхэнд тохиосон анхны нээлттэй, ил тод, цаанаасаа хэн нэгэн зохион байгуулаагүй, урьдчилан төлөвлөөгүй, ардчилсан шударга хурал болсон гэнэ. Түүх сөхвөл бас арай ч тийм биш юм. Хамгийн сүүлчийн ил цагаан хурал 1927 онд болжээ. Наян жилийн өмнө Ерөнхий сайд Цэрэндорж хүнд өвчтэй, Намын удирдлагад гарсан Дамбадорж, Жадамбаа нар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр Япон, Герман, Францтай ярьчихсан, Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан Баруун Европ орж монгол залуусыг тэндэхийн сургуульд оруулчихсан, Германы геологи хайгуулын анги Монголын уудам талаар нэг таран баялаг хайсан, Германы АЭГ компани Улаанбаатарт анхны цахилгаан станц барьсан, МАХН-ын төлөөлөгчид Москвад болсон Коминтерний хуралд оролцохдоо маш том банга хүртэн тус байгууллагаас хөөгдөх мэдэгдлээ авчихаад байсан үе!

Үүнээс арваад жилийн өмнө Хятадын түрэмгийлэгчдийг хөөж гаргах санаачилга Монголын тэргүүний эх орончдоос төрж улмаар 1920 онд Нийслэл хүрээнээ өөр өөрийн зиндаагаар гурван дугуйлан зэрэг байгуулагдсан нь Ноёдын, Түшмэдийн, Ардын гэж нэрлэгдэж байлаа. Бүгд Богд хааныг хүрээлсэн ба зорилго нь харийн түрэмгийлэгчдийг хөөж гаргаад, Богд хаанаа тойрон хүрээлж шашин төрөө мандуулах нэгэн адил санаатай байв. Харин Эрхүүгийн большевикууд эднийг өөр нүдээр харж байлаа. Тэднийхээр Ардын гэх дугуйлангийнхны зорилго ард түмнийг төлөөлж нийгмийн бусад давхаргынхаа эсрэг чиглэх ёстой ажгуу. Ингээд Түшмэдийн болон Ардын дугуйланг нийлүүлж Ардын нам гэгчийг байгуулсан ба тэднийхээ цугларалтыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд Хиагтад зохион байгуулжээ. Өдгөө зориуд шоглож байгаа юм шиг “эх орончдын өдөр” хэмээн тэмдэглэх болсон энэ өдөр тус тоглоомын байгууллага намын гаргасан баримт бичигт Монгол Улсын ирээдүйг “…алсдаа Хойд Хятад, өмнөд Хятад, Төвд, Шинжаантай нийлж холбооны улс болно” гэж зорилт болгон тодорхойлжээ. Уг нь эдгээр эх орончид “алсдаа Хятадтай нэгдэнэ” гэж бодож байгаагүй, энэ бол Эрхүүгийн согтуу большевикуудын тулгасан бодол гэж найдахыг хүснэм. Энэ согтуучуудыг Москвагаас Коминтерн гэгч шууд удирддаг байлаа. Монголын хууль ёсны Засгийн газартай сөргүүлэн Ардын түр Засгийн газар гэгчийг Коминтерн бас байгуулж өглөө. Харин зун нь Богд хаанаа хүлээн зөвшөөрсөн зөвшлийн шинэ засаг буй болгож мөнөөх гурван дугуйлангийнхан өөр өөрийн төлөөлөгчийг багтаасан эвслийн маягийн Засгийн газар байгуулжээ.

Хоорондоо зөрчилтэй боловч өөрийн гэсэн тусгаар шашин төрөө мандуулах хүсэлтэй эл гурван бүлэглэл эцэстээ Коминтерний урмыг хугалжээ. Ингээд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх коммунист хийрхүү байгууллагыг байгуулж тэдний эсрэг тухирсан нь нэлээд амжилт олж 1920 онд бөөгнөрсөн эх орончдын толгойг залгиж дуусав. Гээд залуус өөрснөө удалгүй ухаан сууж жинхэнэ эх орончид болон хувирлаа. Энэ үед өөрсдийгөө Коминтерн гэх Ренчино, Рыскулов, Амгаев нарын буриадууд МАХН-ыг багагүй шаналган түйвээж байсан хэрэг. Байнгын даралт шахалтад тэсэхээ больсон МАХН сүүлдээ Коминтерний үгэнд орохоо больж, эдгээр төлөөлөгчдийг нь ээлж дараалан хөөж явууллаа. 1921 онд Монголын эх орончдын хүсэл хяслаар тоглож өөрийн дэглэсэн жүжигтээ Коминтерн эцэстээ дүгнэлт өгч чадахаа болин “жижиг хөрөнгөтний хувьсгал” гэж томъёолохдоо хүрсэн юм. Явж явж Коминтерн Монголд ноёрхол тогтоож чадсан юм байхгүй шахагдах дээрээ туллаа. МАХН нь илүүтэй чөлөөт үзэл бодлын индэр болсон юм. Улс орны хөгжлийн гарц замналын асуудал нээлттэй хэлэлцүүлгээр ордог, хоорондоо ичиж нэрэлхэх айх юмгүй зөрөлцөн маргалддаг, асуудлыг илүүтэй зөвшлөөр шийддэг боллоо. Залуучуудын эвлэлийн террор хар аяндаа үгүй болсон гэсэн үг.

Хяналтаас нь улам бүр гарч бие даасан бодлого явуулах болсон МАХН нь Коминтерн гуайн толгойны ганц өвчин боллоо. Түүний тулгасан коммунист бодлогыг яавч хүлээж авахгүй, ерөнхийлөн удирдах шахалтыг нь шулуухан үгүй гэхгүй мөртөө биелүүлэхгүйгээр үл барам ар хударгаар нь бүрэн бие даах арга хэмжээг идэвхийлэн явуулах аж. Сүүлдээ цагаандаа гарч “үлгэрлэвээс Швейцарь лугаа адил хөгжих” тухай тунхаглах нь тэр. Энэ бол үзэл бодлын хувьд төвийг сахиж түүний хэлсэн шаардсаныг үл хэрэгсэн дүлий дүмбэ оргино гэсэн үг. Энэ бол алсдаа дэлхийд ноёрхлоо тогтоох санаархалтай Коминтерн гуайд бараг л үхлийн цохилт болж мэдэхээр зүйл. Иймээс аль ч нээлттэй нийгэмлэгт зөвшилцөлд хүрэхийн тулд байдаг хоорондын зөрчлийг ашиглахаар шийдлээ.

1928 онд Коминтерн өөрийн дээрэмчдийн бүлгийг Улаанбаатарт илгээж десант буулгалаа. Энэ нь ерөнхийдөө тэр үед Америкт байсан цуут гангстер Аль Капони өөр хотын мафийг гартаа оруулахын тулд Чикагогоос гэнэтийн десант буулгаж алж хяддаг байсантай туйлын төстэй технологи. Коминтерний явуулсан олон улсын дээрэмчид юун түрүүн МАХН-ын удирдлагад байсан гомдогсод, мөчөөрхөгчид, аймхайчууд, нээнтэгтэй болсон улсыг түүж нэгтгэв. Тэдэнд туслуулахаар юмны учир ойлгохгүй залуучууд хүүхдүүдийг Тверийн морин цэргийн сургууль, Москвагийн КУТВ, Улаанбаатарын намын сургуулиас цуглуулжээ. Ингээд МАХН-ын VII их хурал гэгчийг зарлан хуралдууллаа. 49 хоног хуралдсан энэ их хурал хараал ерөөл, ял зэмлэл, буруутгал егүүтлээр дүүрсэн юм. Туслах бүлгийн өнөө залуучууд хурлын үед үймүүлэх, хашгирах, шүгэлдэх, алга таших зэрэг ажлыг хамаандаар гүйцэтгэж байсан боловч чухам юунд орж яах гэж байгаагаа өөрснөө ч төдийлөн ойлгоогүй юм. “Хөдөөний арван гурвын фракц” гээч Коминтерн гуайн зохиосон хуурамч бүлэглэл МАХН-ын албан ёсны удирдлагыг авахаар томилогдсон байна. Тэдний тавьсан илтгэл, шаардлага зэрэг нь орос хэлээр бичигдсэн байсан нь одоо ч Улсын архивт хадгалагдаж байгаа. Гэвч Коминтерн төрийн эргэлт хийж чадсан боловч эргээд даргаар итгэж тавих хүн олж чадахгүй байсан учир бие биенээ туршиж өөрт нь эргэж матаж байх гурван хүнийг зэрэгцүүлэн дарга болгож бантагнуулжээ. Хожим эргээд Коминтерндээ алуулсан Элдэв-Очир, Гэндэн, Лхүмбэ гурав ингэж цоорон гарч ирсэн юм. Эндээс Ерөнхий сайдаар томилогдсон Жигжиджав ч тун удалгүй бөндийснийг амиа хорлосон, буу алдсан гэх мэт янз бүрээр тайлбарладаг.

МАХН-ыг самарч дахин эрхэндээ оруулсан Коминтерн дараа нь нийт Монгол орныг харин ч нэг самарсан даа. 1932 онд ард түмний зэвсэгт бослого гарч байж Монгол орон Коминтернээс арай гэж нэг салж билээ. Харин чонын амнаас гарсан Монгол Улс Сталин хэмээх барын аманд орсон юм. “МАХН яасан бэ” гэж үү? Эргэлт буцалтгүй улаан коммунист бүлэг болсон. Эх орон, улс үндэстэн гэдэг асуудал үргэлж хоёрдугаарт тавигдах болж алж хядах, хэлмэгдүүлэх, цөлөх, баривчлах, гадуурхах, халах, доромжлох, хаах, хориглох, хураах, дээрэмдэх ажлаар дагнах болсон доо.

Түүхийн өндөрлөгөөс эргээд харж байхад тухайн үед МАХН хэт биеэ дааж Коминтерний эрхшээлээс нэг мөсөн мултрах гэж дэндүү чармайсан нь өөрт нь нөхөшгүй хохирол болсон мэт. Тэвчээртэй хүлээцтэй байж хохирлыг өөр дээрээ зохих хэмжээгээр аваад явж байсан бол хожим үндэстнээ тэр чигээр нь баллуулахгүй ч байсан юм бил үү? Мангас бол мангас, түүнээс тийм ч амар ганц хөнтрөлтөөр салчихдаг юм биш ажгуу.

Өдрийн сонин, 2007 оны 8 сарын 15

August 13, 2007

Олигархи Х.Баттулгад илгээх ил захидал

Filed under: - Захидал - — haichilbar @ 10:57 am

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.ЭНХСАЙХАН

Чоно борооноор…
Монголын нийгэм олигархижиж, Монголд олигархийн дарангуйлал тогтох аюул нүүрлэж байгаа тухай хэн хүнгүй ярьдаг болж. Би үүнтэй санал нэг байдаг бөгөөд тийм болгохгүйн төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно.

Ухаантай нь дуугаа хурааж, эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй харааж зүхсэн хүмүүсийн дуу хоолой хүчтэй болсон энэ цаг үед гэнэт нэгэн “ухаантан” бий болсон нь Баттулга Та билээ. Ухаантан гэж цоллох шалтгаан нь УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна гэсэн хөмсөг гарчигтайгаар Таны нэрээр үе үе төлбөртэй “том том” өгүүлэл өдөр тутмын зарим сонинд гарах боллоо. Үг хэлэх эрх чөлөөтэй боловч үгийн үзүүр хааш чиглээд байгааг ажвал олигархиудын дайн хүчтэй дэгдэх нь.

Олигархиуд төрийг гартаа авахыг санаархаж, нийгмийн бухимдлыг зохиомлоор дэгдээхэд чиглэсэн өгүүлэл бичиж, элдэв хөдөлгөөнийг санхүүжүүлж, тэдэндээ нэр нүүрээ алдахгүйн тулд “онол”-ын үндэслэл мэт ядмаг өгүүллүүд Таны нэрээр гарч байгаад олны анхаарлыг хандуулах цаг болжээ.

Та саяхан “Архи зарах нь алсын хараа биш” гэсэн ээлжит төлбөртэй явуулгаа хийжээ. Ингэхдээ ухаантай юм бичээд байгаа шүү гэдгээ нотлох гэж бичлэгээ алсаас “Forbes сэтгүүл өнгөрсөн долоо хоног дэлхийн хамгийн баян хүнээр Мексикийн иргэнийг тодруулсан тухай хэлээд Монгол Улс маань “14 гэр бүлийн хяналтад орох цаг айсуй” хэмээн олон түмнийг айлгажээ.

Цааш нь анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас авахуулаад өнөөгийн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оролцуулан бүгдийг “бут авч”, Таван толгой, тусгаар тогтнол гээд, “буян Жагаа гэх “хөдөлмөрч” цолтой эр, Д.Идэвхтэн, Ж.Оджаргал, Г.Батхүү, Батж.Батбаяр гээд өөрөөсөө бусдыг олигархи гэсэн байна. Ингэхдээ Таван толгойн хувьцаа эзэмшигчээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Шадар сайд М.Энхсайхан байдаг мэтээр зогсоо зайгүй хийсэн гүтгэлгээ давтлаа.

Ийм явуулгын зорилго нь Баттулга ажаа олигархи биш юм байна, олигархуудтай тэмцэгч “цогтой баатар” нь Халтмаагийн банди Баттулга юм байна гэж хүмүүст итгүүлэх гэсэн хэрэг. Энэ явуулга чинь бүтэхгүй. Үүнийг хөрөнгө мөнгөөр хийдэггүй юм. Ард түмэн тийм гэнэн биш ээ.

“Өдрийн сонин”-д эмч Б.Болдсайхан “Шантажаар амьдрагсад” гэсэн нийтлэлдээ Таны тухай тун оновчтой хэлснийг иш татъя. “Хууль бус аргаар амархан олсон асар их мөнгө, спирт архины наймаа, гурван банкинд байгаа харилцагчдын мөнгийг хяналтгүй зарцуулж байгаа боломжиндоо сагаж Монголын ард түмний түүхэн сонголтыг мөнгөөр засварлах гэж оролдож байгаа, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг уландаа гишгэсэн, хувь хүнийхээ хувьд ч жудаг, нэр төргүй үйлдэл хийж буй Х.Баттулга, Л.Гүндалай нарын ёс зүйгүй авирлаж буй асуудлыг…” зохих байгууллагууд нь авч хэлэлцэхийг шаардсан байсан. Хэн нэгэн нь ингэж бич гэж Болдсайханд заагаагүй байхаа хэмээн найдаж байна.

Манайд мөнгөтэй хүн болгон цаанаа “но”-той гээд хэлчихэд нэг их буруутахааргүй байгаа. Дөнгөж дөнгөнөөсөө салсан социалист ухамсартай хүмүүс анхны хуримтлалаа ёс бусаар олсон байдаг нь Орос болон олон оронд тохиолддог. Хэн яаж мөнгөтэй болсон тухай яривал ёстой хачин юм яригдах.

Өөрийг чинь монгол сайхан охидыг Хятад, Сингапурт олон арваар нь биеийг нь үнэлүүлж, сүүлд нь худалдаж, Синга, Солонгосын бизнесмэнүүдийг хулхидан байж анхны хуримтлалаа хийсэн тухай ярьдаг. Үнэнд бараг нийцэх биз ээ. “Энержи ресур”-ийнхэнд итгэх арга байхгүй гэсэнтэй адил Танд ч бас итгэх арга байхгүй. Тэр тусмаа монгол эмэгтэйчүүдийн хувь заяагаар тоглосон байж мэдэх хүнд бүр ч итгэж болохгүй. Нүглээ наминчлан буян үйлдвэл сайнсан. Монгол төрөөр тоглохыг, Монголын төр рүү иймэрхүү этгээд асаж байгааг зүгээр харж болохгүй санагдаад байгаа юм.

Таны хэлж ярьж, хийж, санхүүжүүлж байгаа зүйл чинь жинхэнэ олигархийн үйлдэл болоод байна. Хөрөнгө мөнгөтэй хүнийг л заавал олигархи гэж ойлговол эндүүрэл гэж би нэг бус удаа хэлж байгаа. Мөнгөндөө дулдуйдаж, хөрөнгө мөнгөний төлөө улсаа ч худалдахад бэлэн хүмүүсийг олигархи гэж хэлбэл зохистой байгаа юм. Гудамжны хувьсгал хийхийг санаархах, хувийн компаниа хүртэл Италийн мафийн тухай алдартай “Загалмайлсан эцэг” кинонд гардаг Женко нэрээр нэрлэсэн хүнээр монголчууд бид улсаа удирдуулах болж байна уу. Энэ зорилгоо гүйцэлдүүлэх гэж МоАХ-ны нэрийг бамбайгаа болгож байгаа чинь бүр ч эмгэнэлтэй.

Хариуцлагатай ардчиллын тухайд
Ардчилал хариуцлагатай байх ёстой гэж миний бие УИХ дээр саяхан ярьсан юм. Ардчилал бол дур зоргоор авирлах явдал биш. Тэр тусмаа батлагдаж, нотлогдоогүй мэдээллээр улс төрийн шоу хийж, хэн нэгнийг гүтгэн доромжилж, чөтгөр шулам болгох явдал биш юм аа. Ийм байдал нь гэмт хэрэгтнүүдэд өгөөш төдийгүй, улс төрийн аллага болох урьдач нөхцөл болдог тухай би сануулсан юм. С.Зоригийн аллага Ц.Элбэгдорж огцорч есөн сар үүрэг гүйцэтгэгч нэр хэмээн дээр дооргүй эх захаа алдаж байсан орчинд үйлдэгдсэнийг эргэж санах хэрэгтэй. Бид сургамж аваагүй л байна.

Баттулга Та нийтлэлдээ “М.Энхсайхан Үндэсний шинэ намын хурал дээр “Бид бүр олон хятадыг оруулж ирэх хэрэгтэй. Нэг монгол хүнд арван хятад оногдож байвал сая сэтгэл амарч болно гэж албан ёсоор мэдэгджээ. Энэ үгс нь сонины шарлаж амжаагүй хуудсуудад тодхон бий. Өөрийгөө “үндэсний үзэлтэн” гэж зарладаг энэ хүн аль үндэсний төлөөх үзэлтэн болохоо үйл ажиллагаа, үг хэлэээрээ нотолсоор байна” гэж дэмийрчээ.

Миний хэлж ярьснаас тийм үг хэзээ ч олдохгүй. Харин таны зохион байгуулсан гүтгэлгийг хэвлэсэн 2007 оны долдугаар сарын 20-ны “Маш нууц” мэтийн сониноос олж харж болох юм. Иймэрхүү гүтгэлгийг нь уншсан, цөс нь хөөрсөн уншигчдаас 57 санал ирсний найм нь намайг егүүтгэх хүслээ илэрхийлсэн байна. Түүний дотор нэг зарлал гарсныг нь шууд танд хүргэе.

…29. KILLER (86.21.72.185) 2007.07.21, 2:43
М.Энхсайханыг алах захиалга авна. Утас 99981221. Хаана нь буудуулахаа захиалж болно. Зүрхэнд нь юм уу, духанд нь хаана ч байж болно.

Баттулга Таны хариуцлагагүй бөгөөд санаатай үйлдлийн чинь үр дагавар энэ буюу. Та зорилгодоо хүрэхийн тулд захиалга өгөх чинь л үлдсэн байна. Сэтгэцийн гажигтай хүмүүс аливаа нийгэмд байдаг ч би цэрэг, цагдаа, тагнуул гэж дүвчигнэсэнгүй. Элдэв хамгаалалт гэж бодсонгүй байдгаараа л байж байна.

Ардчилал хариуцлагатай байх ёстой юм. Хариуцлагатай байна гэдэг нь улс төр нотолгоотой баримтад тулгуурласан байх ёстой юм. Хариуцлагатай байна гэдэг нь улс төрчид, тэр тусмаа УИХ-ын гишүүд нь үгээ цэгнэсэн бодсон байхыг хэлж байгаа юм. Хоосон хардалт сэрдэлт, гүтгэлэг төрийн ажлыг цалгардуулаад байгааг олж харах цаг болсон байгаа юм.

Миний бичсэн “Би үндэсний үзэлтэн” нийтлэлийг Х.Баттулга гишүүн үзээгүй нь илт байна. Уул нь монгол хэл дээр бичсэн юм сан. Уул нь юм боддог ухаантнуудад зориулж бичсэн юм сан. Нэг удаа ч болов уншчих. Хэрэг болдоггүй юмаа гэхэд намайг арай өөрөөр харахад чинь туслах байлгүй. Юун “Форбс” сэтгүүл. Тэр чинь англи хэл дээр гардаг. Таны нийтлэл “Форбс” сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн дугаарт” гэж эхэлсэн ч Таныг тэр сэтгүүлээ уншаагүй гэдэгт би мөрий тавихад ч бэлэн байна. Сургаар юм бичих ухаантны шинж биш ээ.

Таван толгой, тусгаар тогтнол мөн үү
Х.Баттулга та нийтлэлдээ “Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол Таван толгой бол Тусгаар тогтнол” гэж томорчээ. Үнэхээр тийм л юм бол Таван толгойг олж нээхээс өмнөх цусаа, хөлсөө урсгаж байсан ахмад үеийнхэн ямар юмны төлөө яваад байсан болж таарч байна аа? Үнэхээр тийм л юм бол Таван толгойг тойруулаад хэдэн цөөн цэргээ зогсоочихье, ингэлээ гээд тусгаар тогтнол баталгаатай болох юм уу?

Тусгаар тогтнолоо хадгалан бэхжүүлэх асуудал бүхий л үеийн монголчуудын амьдралын утга учир байсан биз ээ. Тусгаар тогтнол гэсэн энэ эрхэм ойлголт хүн бүрээс эхлэх учиртай гэж бодож байна. Тусгаар тогтнол гэдэг бол монгол хүн өөрөө юм. Монгол хүнийг монголоор нь байлгах эх орон, түүх, соёл, ёс заншилгүйгээр, ертөнцийн хүмүүсийн хэнээс нь ч дутахгүй амьдруулах нийгэм, улс төр, эдийн засгийн орчингүйгээр тусгаар тогтнолын тухай яриа утгагүй.

Тархи толгойд нь монгол төр оршин тогтнохоо больсон хүмүүс тусгаар тогтнолыг хамгаалахгүй. Сайн, муу ч гэсэн монгол төрийг дээдэлж, шударгажуулан, бэхжүүлэх явдал бол миний яриад байгаа үндэсний үзлийн гол санаа юм. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг муу хүн гэж хэлж чадахгүй. Тэд цөм Монголын ард түмнээс сонгогдсон Монгол төрийн тэргүүн байсан, одоо ч байгаа хүмүүс. Үүнийг л умартвал тусгаар тогтнол хувь хүний дотор устаж эхэлж байгаа хэрэг. Тусгаар тогтнолыг нь устгахын тулд төрөө гэдэг монголчуудын үе дамжсан үзлийг нь устгах хэрэгтэй болно. Харамсалтай нь Та төрд итгэх итгэлийг алдруулах, төрийн хүнийг үндэслэлгүйгээр гүтгэх ажиллагаа хийж байгаагаараа үндэснийхээ эсрэг жинхэнэ олигархи үйлдэл хийж байгааг ухамсарлахыг хүсч байна.

Таван толгойн хувьцааг би эзэмшдэггүй. Үүнийг би мянга мянга дахин давтая. Монгол Улсын Ерөнхийлөгч ч үүнд хамаагүй гэдэгт би итгэж байгаа. Харин ч улсын хөрөнгөөр геологи хайгуул хийсэн Таван толгой мэтийн ордуудыг төр нь бүхлээр нь эзэмшвэл яасан юм гэсэн санааг гаргаж хүний, өөрийн намынхандаа чичлүүлж байгаа хүн нь Ерөнхийлөгч юм шиг санагддаг. Ерөнхийлөгч Н.Энхбаярын энэ санааг би зөв гэж бодохгүй байгаа ч үнэхээр Таван толгойн лицензээс хувь хүртдэг хүнээс өөрөө өөрийнхөө өмчийг төрд авья гэх санаа гарах болов уу даа. Ихэд эргэлзэж байна.

Томоохон орд газруудыг олон түмний төлөө, тэдний амьдрал ахуйг дээрдүүлэхийн төлөө ашиглах ёстой гэсэн үзэл бодолтой явдгаа дашрамд хэлье. Монголд хэдэн арван Оюу толгой, Таван толгой бий гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй. Ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шуув гэгчээр эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр олигархиудын зодооноос болж асуудал гацвал үүнээс илүү нүгэл гэж байхгүй биз ээ.

“Өөрийгөө фронт гэж нэрлэсэн Арслан гэгч ганц хүн, Ард түмний нам гэж нэрлэсэн гурван хүн, Эрс шинэчлэл гэж нэрлэсэн дөрвөн хүн, Ардчилсан холбоо гэж нэрлэсэн таван хүн зэрэг арван хэдэн хүн Монголын ард түмний нэрийг барин, өөрсдийгөө иргэний нийгмийг төлөөлж байна гэж зарлан захиалагчдаасаа ч, дайруулж буй компаниудаас ч шантааж хийн хэдэн төгрөг олж амьдрах болсон нь Монголд хөгжиж эхэлж байсан иргэний нийгмийн хяналтын тогтолцоог бусармаглан, иргэдийн сэтгэлийн галыг бөхөөж, иргэний идэвх гаргахаас сэжиглэн зайлах болгож байгаа нь бас нэгэн эмгэнэл” гэж “Өдрийн сонин”-д бичсэн үгс юутай үнэн санагдана вэ.

Бөх хүн бүдүүн өвсөнд гэсэн үг бий. Худал хуурмаг юмны оройд “онолч” нь болж харагдах хэрэггүй гэдгийг МоАХ-ны ерөнхийлөгч, олигархи Х.Баттулгад чин сэтгэлээсээ зөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд, Таны хийж байгаа төлбөртэй гүтгэлгэд чинь төлбөртэй хариулт өгөөд байх бололцоогүй бөгөөд нэхэмжлэлийг Танд илгээх болно.

Өнөөдөр, 2007 оны 8 сарын 13

August 10, 2007

Архи зарах нь алсын хараа биш

Filed under: - Нийтлэл -,Х.Баттулга — haichilbar @ 8:20 pm

Супер баян, супер ядуус
“Forbes” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн баян хүнээр Мексикийн иргэн Карлос Слимийг тодруулжээ. 59 тэрбум ам.долларын хөрөнгөтэй энэ хүний эх оронд нь иргэдийн 60 хувь нь өдөрт тав хүрэхгүй ам.долларын орлоготой, үгээгүй ядуу амьдарч байна. 107 сая хүнтэй Мексикийн нийт баялгийг ердөө 38-хан гэр бүл хянаж зохицуулж байгаа ажээ.

Тэгвэл 2,4 сая хүнтэй монголчууд бидний 65 хувь нь өдөрт хоёр ам.доллар хүрэхгүй орлоготой амьдарч байгаа бөгөөд нийт баялаг маань 14 гэр бүлийн хяналтад орох цаг айсуй.

Даяаршлын давалгаанд жижиг улсууд л сүйрнэ
Гаднын хөрөнгө оруулалтыг шүтэх, даяаршлыг таашаах үзэл үеэ өнгөрөөж байна. Үндэстнүүдийн эрх ашиг гэх зүйл л бодитойгоор байхаас найрсгаар хувааж идэх, ахан дүүсээр хамтран амьдрах боломжгүйг практик нотолсоор байна.

Европын холбоо гэхэд л гадаадынхны хяналтад орсон хөрөнгө оруулалтыг хязгаарлахыг хүсч байна. Тэд Орос, Хятад, Арабын ертөнцийн хөрөнгө оруулалтаас айж байгаа аж. Эдгээр бүс нутгийн төрийн хяналттай компаниуд улс төрийн зорилгоор Европын том аж ахуйнуудын хувьцааг авч байгаа юм.

Ирэх намраас АНУ гадаадын хөрөнгө оруулалтыг хянахад Тагнуулын төв газрыг оролцуулдаг байх хууль гаргаж хэрэгжүүлнэ гэжээ. АНУ-ын Хөрөнгө оруулалтын Комисс хөрөнгө оруулагчдын саналыг авч үзэхдээ хувийн компанийнхыг 30-45, төрийн оролцоотой компанийнхыг 75 хоногийн дотор хянахаар болгож, хугацааг нь уртасгалаа.

ОХУ ч иймэрхүү арга хэмжээ авч байна. Тус улс стратегийн гэж нэрлэгдэх 39 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийн төслийг саяхан Төрийн Думд өргөн барьжээ.

Хэт их гүрнүүд хүртэл гаднын хөрөнгө оруулалтаас эмээж байхад Монголдоо хэдэн түшмэлд авилга өгч тендерт ялахаас өөр ид шидгүй компаниуд даяршлын давалгааг сөрөөд улсаа мандуулаад явах нь юу л бол. Таван толгойг эзэмших гээд шүлсээ залгиад байгаа компаниуд ядаж л зах зээлийн бодитой өрсөлдөөнд орж, ялж үзээгүй аж ахуй эрхлэгчид шүү дээ. Дандаа төрөөр дэмжүүлж, авилгаар ажлаа амжуулж байсан хүмүүс хатуу ширүүн өрсөлдөөнийг давж чадахгүй нь бүр одоо ч тодорхой.

Ашигт малтмалын хамгийн муу хуультай, төрийн түшмэдүүдэд нь үндэстнээ гэх дархлаа байхгүй манай мэт улсад стратегийн орд газрыг нь эзэмших замаар ноёрхлоо тогтоох хүсэл хэнд ч төрнө шүү дээ.
Хойд хөршийн уул уурхайн нэр хүндтэй хэвлэл “Российский уголь”(2007 ¹ 2 Игорь Панкратенко “Бои за уголь Таван Толгоя”) сэтгүүл “Таван толгойн ордыг эзэмших, ашиглах компани нь эцсийн дүндээ Хятадын төрийн өмчит “Shenhua” корпорац байх болно” гэж дүгнэж байна. Тэд өрсөлдөгчдийнхөө талаар үндэслэл бүхий судалгаа явуулдаг. Энэ мэдээллийг нотлох өөр нэг сурвалж бол АНУ-ын нүүрсний аварга компани “Peabody”-ийн “Shenhua”–тай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээ юм.

Нүүрсний салбарт эхний хоёрт орох аваргууд тэврэлдэн золгож байгаа нь зах зээлээ найрсгаар хуваасан гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, Таван толгойд хяналтаа тогтоох эрхийг “Shenhua” –д найр тавьжээ.

Ойрмогхоноос “Бороо гоулд” уурхайд хятад хэлний орчуулагч авна” гэсэн зар сонин бүрийн хуудаснаа тодрохыг уншигч олон анзаарсан байх аа. Ерөнхийлөгч асан П.Очирбатын гайхуулж байсан Тамсагийн нефтийн ордыг хятадуудад сэм өгсөн шиг үйл явц Бороогийн алтны уурхай дээр давтагдах гэж байгаа болов уу. Татвар төлөх дөхөөд ирэхээр зарчихаад зугтах санаа ч байж болно. Оюу толгойд хоёр мянган хятад ажилчин зориулан байр бэлтгэж байгаа тухай мэдээлэл цацагдлаа.

Гадна, дотнын мэргэжилтнүүдийн санал нэгтэйгээр хийж буй дүгнэлт бол олигархиудын гаднынханд зарна гээд байгаа 36 хувийг тендерт ялж авах компани нь дээрх “Shenhua” корпорац байх ажээ. Тэднийг тендерт ялж гэрээ байгуулмагц 11 олигархи өөрт ногдох хувиудаа үнэлж зарахаар тохиролцсон бөгөөд энэ мэдээллийг тэдний зүгээс огтхон ч няцаахгүй байгаа билээ. Архиа аргалж, хуурч, хууль зөрчин байж зарахыгаа “алсын хараатай амьдарч байна” гэж үздэг хүмүүст ашигт малтмалаар ард түмнээ тэжээх алсын хараа дутна.

“Алсын хараатай” удирдагчид маань юу хийж байна вэ
Архи зарах нь алсын хараа биш. Наадмын өмнөхөн Туул голд загас олноороо үхэж үрэгдэв. Ерөнхийлөгч 40, 50 сайд дарга нарыг дагуулж сүр бадруулан голын эргээр алхах мэдээ бүх сувгаар цацагдлаа. Уг нь голоос километр хүрэхгүй зайд суугаа дүүргийн засаг дарга нь арьс, шир угаадаг, хятад эзэдтэй үйлдвэрүүдийг хянаж чадаагүйгээс л ийм хэрэг мандчихсан юм. БОЯ нь ажлаа мэддэг, Засаг дарга нь хуулиа биелүүлдэг бол ширхэг жараахай ч үхэхгүй байсан.

Голын хэдэн загасыг нь байтугай хоёр сая иргэнийг нь “боомилж алах” гэрээг албатууд нь төлөвлөчихөөд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь зөвшөөрөөд гаргачихаж байх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлдог.

Өнгөрсөн 17 жилд бид юу хожив. Хятадын түүхий эдийн бааз л боллоо. Дэлхийн түүхий ноолуурын 30 хувийг гаргаж буй монгол ноолуураа ямаанаас нь салгасан болоод л хятадуудад тушаана. “Буян” Жагаа гэх “хөдөлмөрч” цолтой эр миний мэдэхийн л энэ тухай 17 жил хашгирлаа. Үйлдвэр,худалдааны сайд ч боллоо, Ерөнхийлөгчид ч нэр дэвшлээ.

Яриад л явдаг, хийж байгаа юм нь харагдахгүй. Тэр биднийг гахай зөөгөөд наймаа хийгээд явж байхад л япончуудаас олон сая ам.доллар зээлж, үйлдвэр байгуулаад, эцсийн бүтээгдэхүүн гаргаад алаад өгөх юм ярьдаг байсан. Ярьснаа хийчихсэн бол өдийд үндэсний тэрбумтан хөрөнгөтөн болчихоор хугацаа өнгөрөв. Өнөөдөр ч өмнөхөө ярьсаар л сууна. Ноолуур нь Хятад руу гардгаараа л гарна.

Ноолуур гэлтгүй зам, барилга, хүнс, жижиг бараа, уул уурхай, аялал жуулчлал гээд бүх бизнес гаднынхны хяналтад орлоо. “Алсын хараатай” удирдагчдын минь ачаар энэ бүхэн явагдсан. 17 жил идээд цадаагүй тэд одоо монголчуудыг олон зуун жил тэжээх их баялгийг мөн л гаднынханд тушаахаар яарч, хөөрцөглөж байна. Хамгийн тод жишээ нь, олны хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Таван толгойн ордыг дандаа эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд авчихсан явдал биш үү.

“Peabody Energy” компани “Shenhua group”-тэй Зүүн хойд Ази, Монголын асуудлыг шийдэх стратегийн түншлэлийн гэрээ байгуулаад явж байхад удирдагчдын “алсын хараа” ажигласангүй. Бидний асуудлыг бидний оролцоогүйгээр хятадуудтай ярьж шийдэж байна гэдэг удирдагчдын маань “дэндүү сайн” ажилладгийн үр дүн байх даа.

Бутан гэж жижигхэн улсын хаан даяаршлалаар халхавчлан дайрах том загаснуудад залгиулахгүй байх бодлого боловсруулж, үндэстнээ гамшгаас хамгаалж, барууныхныг “сааж” чадаад байхад “дэлхийн талыг эзэлж явсан” гэж гайхуулахаас цаашгүй Монголын удирдагчид зөвхөн өөрсдийн амийг хоохойлох, гэр бүлийнхээ эрх ашгийг дээдлэх сэтгэлээр улсынхаа ирээдүй, ард иргэдийнхээ хувь заяанд хандаж байна.

Таван толгой, Тусгаар тогтнол
Нүүрс стратегийн бараа болчихоод байгаа талаар дээр доргүй анхааруулж байгаа ч энэ баялагтаа стратегигүй хандаж байна. Бороогийн алтыг ард түмэндээ юу ч оногдохгүй байхаар тооцоолж гаднынханд худалдчихсан хүмүүс өнөөдөр УИХ-д суучихаад, төр барих нэрээр Таван толгойн ордыг ахин наймаалцах гэж яарч байна.

“Энержи ресурс” консорциумтай гэрээ байгуулахаар Сангийн яамны оруулсан саналыг иргэний хөдөлгөөнүүдийн шаардлага, АН-ын УИХ дахь зөвлөлийн саналаар хойшлуулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх шийдвэр гаргасан гэж сонгогчид ойлгож байсан билээ. Монголын бүх иргэнийг 250 жил тэжээх, нөөц нь 1,2 триллион доллараар үнэлэгдэж байгаа их баялгийг хэнд эзэмшүүлэх асуудлыг хөндөх гэрээ тул тулхтай хандах, тал бүрээс нь шинжлэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэж олон нийт ойлгож байсан.

Таван толгойг ашиглах ганцхан л “алсын хараатай” арга бий гэж үү.
УИХ-ын гишүүн З.Энхболд “Засгийн газар ганцхан хувилбар оруулж ирчихээд зүтгүүлээд байна. Уг нь орд газрыг ашиглах санхүү, хөрөнгө оруулалтын 36 арга байдаг. Хамгийн мууг нь та нар оруулж ирлээ” гэж мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн А.Мурат, Б.Батбаатар нар Таван толгойн ордыг улсын нөөцөд авах тухай хууль санаачилсан. А.Мурат, Б.Батбаатар хоёр 36-гийн хувилбарын нэгийг л санал болгосон. “Энержи ресурс”-ийнхан “А.Мурат Увсад уурхай ажиллуулдаг, түүнийг нь хурааж авъя” гэж тэнэгтэв. А.Муратын уурхай түүний гэр бүлийг ч тэжээж хүчрэх юм уу бүү мэд. Таван толгой бол монголчуудыг 250 жил тэжээх нөөцтэй нь тогтоогдсон. Тэмээг шумуултай харьцуулах хэрэггүй, стратегийн ордыг байдаг л нэг уурхайтай хутгах шаардлагагүй.

Миний хэлэх гээд байгаа гол зүйл бол Таван толгой бол Тусгаар тогтнол. Энэ зуунд бидний амьдрах, оршин тогтнох стратеги. Стратегийн орд мөн л юм бол стратегитэй хандъя, тусгаар тогтнолын баталгаа, нийт иргэдийн амин зуулга гэдэг талаас нь хандъя гэж л бид уриалсан.
250 жилийнхээ амьжиргааг шийдэх гэж байгаа ард түмэнд яарах, бажгадах шаардлага юу байгаа юм бэ.

“Энержи ресурс”-ийнхэнд итгэх арга байхгүй
1988 оны Монгол-Оросын хамтарсан нөөцийн комиссын есдүгээр тогтоолоор Таван толгойн орд газарт буй нүүрсний хэмжээг эцэслэн тогтоож, үүнийг холбогдох яам нь баталж, улсын нөөцийн бүртгэлд оруулжээ. Татвар төлөгчдийн 40 тэрбум төгрөгийн хөрөнгөөр илэрсэн нөөцөөрөө дэлхийд 15-д орж буй орд. Гэтэл нөөц нь ийнхүү баталгаатай тогтоогдчихсон ордод “хайгуул” хийх лицензийг 1999, 2002 онд “Энержи ресурс” ХХК-д олгосон байх юм. Орос, Монголын хайгуулчид олоод тогтоогоод баталчихсан нөөц газарт тэд юу хайсан болж таарах вэ.

Дээр нь 2001 оноос хойш лицензийн төлбөр төлсөн компаниудын жагсаалтад “Энержи ресурс” гэсэн нэр огт байхгүй байна. Хуулиараа бол лицензийн төлбөрийг жилээр тооцож, урьдчилж төлсөн байх учиртай.

Дараагийн нэг эргэлзээтэй зүйл нь Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Цогт гэгчийн 2005 оны арваннэгдугаар сарын 21-ний өдрийн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлага. Тэрээр “манай компани дөнгөж сая байгуулагдаад үйл ажиллагаа жигдрээгүй байна” гэжээ. Байгуулагдаагүй компанид лиценз олгосон байв уу. Эсвэл лицензийн төлбөр, татвар шимтгэлээ төлөлгүй хууль зөрчиж өдий хүрэв үү зэрэг маш олон хууль зөрчсөн үйлдэл нь илэрсээр байгаагаас тэдний орд газрыг эзэмших эрх гэдэг зүйлд итгэх арга алга.

“Энержи ресурс”-т багтдаг 14 компанийг 11 хүн эзэмшиж байна. Г.Батхүү, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Сү.Батболд, Ч.Ганзориг, Д.Идэвхтэн, П.Очирбат, Ж.Оджаргал, Ж.Оюунгэрэл, Ц.Цэнгэл, М.Энхсайхан. Тэднээс Сү.Батболд, Батж.Батбаяр, Т.Бадамжунай нар тус бүр хоёр компанийг эзэмшиж байгаа юм. Энэ хүмүүсийн өмнө хийсэн ажлуудаас нь үүдээд тэдэнд итгэх ямар ч боломж гарахгүй байгаа юм. Хэн нь юу хийснийг тоочъё.

-Сү.Батболд. МАХН-аас нэр дэвшин сонгогдсон. Хоёр удаа төрийн сайдын алба хашсан. Олон нүглээс нь томхныг дурдъя. 540 сая ам.долларын нөөц бүхий “Бороо гоулд” уурхайгаас монголчууд нэг ч ам.доллар авахгүй байх гэрээ хэлцлийг санаачилж, хийлгэсэн хүн нь өөр хэн ч биш, Сү.Батболд шүү дээ. Тэрээр жил бүр таван хувийн ногдол ашиг “Centerra Gold” компаниас авдаг бөгөөд уурхайг зараад авсан 35 сая ам.доллараасаа улсад татвар огт төлөөгүй байна.

Хуулиараа явсан бол “Бороо Гоулд” уурхайгаас улсын төсөвт өнгөрсөн жилүүдэд дор хаяж 200 сая ам.доллар татвараар орох байсныг тэр залгисан. Байгуулсан гэрээгээ хүртэл зөрчжээ. Гэрээгээрээ бол Бороогийн уурхай ашиглалтад ороод жилдээ хоёр тонн хүртэл алт ашиглах, эхний таван жилдээ татвар төлөх ёсгүй байжээ. Гэтэл гэрээ байгуулмагц эхний жилдээ л 8,3 тонн алт ямар ч татваргүйгээр ухаж гаргасан нь татвар төлөхгүй жилүүддээ багтааж хамаг алтыг маань авч гарах гэсэн санаархал гэхээс өөр тайлбар олдохгүй. Тэдний гэрээгээр тогтоосон хэмжээгээ зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцож, бүх татварыг нөхөн төлүүлэх ёстой. Тэдэнд хууль зөрчих боломжийг гаргаж өгч, үүнийхээ төлөө ихээхэн хэмжээний шан харамж авсан хүн нь Сү.Батболд.

Зөвхөн улсын мөнгөөр хайгуул хийсэн ордуудыг цөлмөхөд мэргэжсэн энэ хүний дараагийн зоог нь Таван толгой болоод байхад түүнд итгэж болох уу.

-Үйлдвэр, худалдааны сайд асан Ч.Ганзориг, Шадар сайд М.Энхсайхан нарын “Майн инфо” ХХК нь мөн л олны хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд болох “Цайрт минералз” уурхайг хуйвалдааны замаар гартаа оруулсан нь одоо хэн бүхэнд тодорхой болсон. М.Энхсайхан Үндэсний шинэ намын хурал дээр “Бид бүр олон хятадыг оруулж ирэх хэрэгтэй. Нэг монгол хүнд арван хятад оногдож байвал сая сэтгэл амарч болно” гэж албан ёсоор мэдэгджээ. Энэ үгс нь сонины шарлаж амжаагүй хуудсуудад тодхон бий. Өөрийгөө “үндэсний үзэлтэн” гэж зарладаг энэ хүн аль үндэстний төлөөх үзэлтэн болохоо үйл ажиллагаа, үг хэлээрээ нотолсоор байна.

М.Энхсайхан, Ч.Ганзориг, АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайхан нарын хамтран эзэмшдэг “Майн инфо” ХХК нь “Цайрт минералз” уурхайг мөн л тогтвортой байдлын гэрээ гэгчээр далимдуулан монголчуудад ямар ч ашиггүйгээр хятадуудад худалдах ажлыг гардан зохион байгуулж байна. Өнгөрсөн жил “Цайрт минералз” компани нэг тэрбум 300 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаас монголчууд нэг ч төгрөг олж аваагүйн буруутан нь эднээс өөр хэн ч биш. Ийм болохоор тэдэнд итгэх аргагүй.

- П.Очирбат. Уурхайн инженер мэргэжилтэй энэ хүн монголын ард түмний хайр хишиг, ардчиллын буяныг ханатлаа хүртсэн хүн. Түүнийг насан хутгийг олтол нь өлсгөж, дааруулахгүй байх нөхцөлийг монголчууд ядмагхан төсвөөсөө гаргаж билээ. Ард түмний хишиг чамлалттай санагдсан уу тэрээр одоо элдвийн бусармаг зүйлд хуруугаа дүрэх замаар амьдрах болов.

Гурван тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан гээд байгаа Чехийн Элчин сайдын яамны барилгын үнийг хаанаас ямар замаар олсноо энэ хүн хуулийн дагуу олонд тайлагнах ёстой болов уу. Таван толгойд оруулсан гээд байгаа 188 сая төгрөгөө ямар арга замаар олсноо ч тайлагнах учиртай төрийн өндөр албан тушаалтан. 1990 оноос хойш П.Очирбат гэдэг хүн бизнес эрхэлж яваагүйг түмэн олон мэднэ.

Иргэн Н.Дэмбэрэл стратегийн орд газруудыг ашиглах асуудлаар байгуулсан тогтвортой байдлын гэрээнүүд үндэсний эрх ашигт нийцэхгүй байна, Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэсэн маргааныг үүсгэхээр ҮХЦ-д хандахад П.Очирбат шүүрэн авч “маргаан үүсгэх боломжгүй” хэмээн үгүйсгэж хав даржээ. Азаар ҮХЦ-ийн гишүүд дотор эх орон ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа сахидаг гишүүд байсан тул П.Очирбатын уг үйлдлийг илчлэн, өргөдлийг хүлээн авч маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаан хийхээр шийдвэрлээд байна.

П.Очирбат “Энержи ресурс”-ийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэг гэж мэдүүлээд тэрхүү хувиа 188 саяар үнэлсэн байна билээ. Сү.Батболд П.Очирбатад хувь амсуулж, талдаа татсаны учир нь ҮХЦ-ийн зүгээс өөрт ашигтай шийдвэр гаргуулах, П.Очирбатын нөлөөллийн бүсэд багтдаг Уул уурхайн ассоциаци мэт тоглоомын байгууллагуудын дэмжлэгийг авах, хээгүй, гүндүүгүй дүр эсгэгчийн дүр төрхийг олон нийтийн уур хилэнг намжаахад ашиглах гэх мэт олон салаа зорилтоос урган гарсан юм.

-Д.Идэвхтэн ч гэсэн эхээс төрснөөсөө хойш бизнес эрхэлж, таван төгрөг унагаж үзээгүй атлаа “төрөөс төрсөн тэрбумтны нэг” хэмээн гайхуулж, өнгөт сэтгүүлийн нүүрэн дээр гольф тоглон тансаглаж байгаа зургаа нийтлүүлэх болов. Хөвсгөлийн дархан цаазтай газар их хэмжээний талбайн лиценз авчихаад сууж байсныг нь иргэний хөдөлгөөнийхөн илчлэх үед тэрээр “миний нэрийг ашигласан байна” хэмээн жишим ч үгүй хэлжээ.

ИБМУТ-өөс авсан лавлагаагаар Д.Идэвхтэн гэж нэртэй, насанд хүрч лиценз авчихаар өөр хүн Монголд алга байна. Д.Идэвхтэн мэтийн төрөөс төрсөн баячууд, албан тушаалаа ашиглагчид ард түмний хөрөнгийг завшиж байгааг иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцсээр ирсэн бөгөөд тэд ч Таван толгойн ордыг эзэмших хууль ёсны эрхээ нотолж чадахгүй өдий хүрсэн билээ.

-Ж.Оджаргалын толгойлж буй MCS(Mongolian Corruption System) компанийг олон нийт Монголын авилгын систем гэж тайлах болоод удаж буй. Үнэхээр ч хэвлэл мэдээлэлд “сүүлийн жилүүдэд нийт тендерийн 80 хувьд нь энэ компани ялсан” гэж бичиж буй нь тэдний шударга эсэхийг заагаад өгч байна. “Наадамд түрүүлсэн бөхийг Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг гэдэг шиг тендерт ялсан компанийг MCS гэж нэрлэе” гэсэн онигоорхуу юм ч гарах болж.

Саяхан Ж.Оджаргал ТВ-үүдээр явуулсан сурталчилгааныхаа үеэр “стратегийн хөрөнгө оруулагч компанийг тендерээр шалгаруулна” гэж царай нь хувирахгүй тууж байгаа нь сурсан аргаараа тендерээ явуулахаар шийдсэнийх нь илрэл биз ээ. Тэрээр бүх тендерийг ямагт будлиулж, булааж авдгаас болоод тендерт оролцох сонирхолтой компани олдохоо больсноос өөрсдөө бусад компанийн нэрийн өмнөөс хуурамч тендерийн материал бэлтгэж өгдөг ажээ.

- Г.Батхүү, Батж.Батбаяр гэсэн хоёр хүнийг бизнес эрхэлж байсан гэдэг утгаар нь монголчууд сайн мэднэ. Тэднийг тодорхой мөнгө төлөөд орд газрын лицензээс хуваалцсан гэдэгт үнэмшиж болох ч зөвхөн төрийн алба хашиж байсан бусад эрх мэдэлтнүүдэд нь итгэх ямар ч арга алга.

“Энержи ресурс” -ийнхэнд итгэхгүй байх өөр олон шалтгаан бий. Хамгийн наад зах нь орд газрын үнэлгээг тэд өөр өөрсдийнхөөрөө хэлдэг. “Нийтдээ энэ орд 600-хан сая ам.долларын нөөцтэй юм билээ” гэж нэг нь хэлж байхад П.Очирбат дөрвөн хувь нь 180 сая гэж хэлэв. Уг нь бол шинжлэх ухааны аргачлалаар тогтосон нөөц нь 1,2 триллион ам.доллар шүү дээ. Иргэний хөдөлгөөнүүд бүх зардал, татвар шимтгэлийг нь хасаад 250 тэрбум ам.долларын цэвэр ашиг болно гэж тооцоолсон. “Энержи ресурс”-ийнхэн нөөцийн хэмжээг янз бүрээр хэлэх, дарагдуулсан тоо хэлэх зэрэг нь эргэлзээ төрүүлэхээс аргагүй байдалд түлхэж буй.

Гэрээ байгуулаагүйгээс Монгол Улс өдөрт нэг тэрбум таван зуун сая төгрөг алдаж байгаа мэтээр сурталдаж байна. Ашиглаагүй байгаа ордоос яахаараа тийм их мөнгө алдах болдог нь ойлгомжгүй. Эдгээр улайрсан шуналтнуудын хүслээр гэрээг хийвэл харин энэ байтугай мөнгө өдөртөө бид алдах болно.

“Энержи ресурс”-ийнхэн “1700 гаруй хvн ажлын байраа алдах гээд байна шүү” гэж сүрдүүлжээ. Тэдний төлөвлөгөө хэрэгжвэл хоёр сая таван зуун мянган хүн хоосон хоцрох гээд байгаа шүү дээ. Тэгээд ч өнөөдөр хоёр мянга гаруй ажлын байр бий болгосон “Хаан бууз”, “Сити такси” мэт үндэсний компаниуд ингэж хачирхаагүй байхад тэдэнтэй ч тэнцэхгүй ажлын байр бий болгоно гэдгээрээ далайлгах нь яамай л байна. Хамгийн гол нь монголчуудад юу ч ногдохгүй байх гэрээг хийж сурсан хүмүүс дахин тийм гэрээ бариад гүйгээд байгаа нь аймаар.

“Коммунизмыг буцаах нь” гээд хашгирчихвал хувийн өмчтөнүүд өөрсдийг хамгаалаад босох юм шиг гэнэн сэтгэж байна, тэд. Хэрвээ бид хувийн өмчийг үзэн яддаг байсан бол улсын биш, бүх уурхайн үүдэнд жагсаал цуглаан хийгээд явж байх байсан биз ээ. Дахин хэлье. Түмний хөрөнгийг эрх мэдлээ ашиглан өөртөө шилжүүлэх гэж оролдож байгаа хүмүүст хууль ёсны хариуцлага, ёс зүйн хариуцлага ногдуулахын төлөө бид тэмцэж байгаа. Зорилгодоо ч хүрэх болно.

МоАХ-ны гишүүд, дэмжигчид, АН-ын гишүүдээс “Энержи ресурс”-т багтдаг АН-ын ҮЗХ-ны хоёр гишүүнтэй ёс зүйн хариуцлага тооцохыг намын удирдлагаас шаардах болно. МАХН-ын олон мянган шударга гишүүн ч бас ийм шаардлага тавьж түрүүчээсээ Д.Идэвхтэн мэттэй ёс зүйн хариуцлага тооцож бүлгийн даргын албан тушаалыг нь шилжүүллээ.

Энэ мэтээр үндэсний эрх ашгаас урвасан хэн боловч албан тушаал, намын харьяалал харгалзалгүй ёс зүйн болон хуулийн цээрлэл хүртдэг болох жишиг тогтох нь бидний цаашдын хөгжил дэвшил, тусгаар тогтнолд үнэлж баршгүй ач тустай байх болно.

Өнөөдөр сонины 2007 оны 8 сарын 10-ны дугаар

August 8, 2007

Шувтарсан цагаан бумба буюу өлөн үнэгний үлгэр

Filed under: - Нийтлэл -,Баабар — haichilbar @ 8:20 pm

Америк долларын ханш унаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар доллар унах ба хятад юань болон еврогийн ханш өсөх үзэгдэл цаашид бас үргэлжлэх бололтой. Банкинд мөнгөө доллараар хадгалсан хүмүүс үүнээ төгрөг, эсвэл юань болгож байгаа, энэ нь хэнд ч ойлгомжтой алхам. Үүнийг диллер буюу арбитражийн гүйлгээ гэнэ. Ерээд оны эхээр диллерийн эргэн тойронд ямархуу хийрхэл улс орон даяар өрнөж байсныг санацгаая. Банкны хэдэн залуус ардчиллыг эхлүүлж байгаа юм болоод араар нь Чингэсийн үеэс үлдээсэн дөрвөн тонн алтыг тавьж байгаад диллер хэмээх муушиг маягийн мөрийтэй тоглоом тоглоод тавиад туучихжээ. Ийм л ойлголт байсан. Диллер хийж байх тогтоол аль 1986 онд УТТ-оос гарсан, угаасаа алив улс болоод банк арбитражийн гүйлгээ хийж байх ёстой, 4 тонн алтыг заавал цэвэршүүлдэг болоод л Лондон ачуулсан, алдагдал манай техникийн хоцрогдлоос болсон болохоос ардчиллаас болоогүй гэх мэтийн ердийн үнэн үг хийрхлийн их чимээнд дарагдаад огт сонсдохгүй байлаа. Сүүлдээ энгийн үнэнийг мэдэж байгаа нэг нь ч хэлэхээсээ айж, дарга нар нь угаасаа арбитражийн гүйлгээг “буруу” зүйл гэж зөвшөөрөн биенээ яллаж гарах нь тэр. Үүнээс болоод 1997 он хүртэл Монгол Улс арбитражийн гүйлгээ хийгээгүй ба алтаа ч гадагш гаргаж цэвэршүүлэхээс айж бохироор нь подволд хадгалах болов.
Өнөөгийн түвшнээс харвал хэмжээ нь ч Баянхонгор, Өвөрхангайн нинжа нарын жилдээ ухдаг алт. Монголбанк алт гаргаж цэвэршүүлдэг, диллер хийдэг нь ч хэний ч сонирхол татахгүй зүй ёсны үйлдэл, алттай байх доллартай байх нь адил зүйл гэдгийг хэн хүнгүй мэднэ, Төвөг, энд банк санхүүгийн реформ, казиногийн хийрхэл зэргийг дахиж жишээнд татаад хар яршиг. Уул уурхайн салбарыг тойрон өдгөө үүсээд байгаа хийрхэл нь дээрх явдалтай харьцуулахад зүйрлэшгүй том, үлдэх хор холбогдол нь асар их, цаад явуурга нь илүү хорлонтой, тэр үеийг бодвол илүү зориудын зохион байгуулалт, өдөөлттэй эд юм. Гэхдээ нийгэм ингээд хийрхчихээрээ юу ч сонсохоо больчихдог. Нэгэнт өнгөрсөн юмыг “шувтарсан цагаан бумба” гэдэг, бараг л шувтраад дуусах шиг боллоо. Надад нийгмийг ухаажуулах үүрэг байхгүй, тэгээд ч миний хүч хүрэхгүй. Гэхдээ сүүлийн хорь орчим жилийн бичсэн юмаа эргэж харахад илүү зөв, алсын хараатай задлан шинжилгээ хийж чадсан байдаг, түүнээ үзээд кайф болдог юм. Ингэхээр энэ өгүүллийг хожим эргэж кайф авахын тулд өөрөө өөртөө зориулж бичлээ. “Тээр, би хэлээгүй юу!” гээд сууж байх гоё шүү дээ. Гэрчтэй байхын тулд сонинд тавих хэрэгтэй биз дээ?
1. Оюу толгойн 34 хувийг ард түмэн буюу Засгийн газар эзэмших гэж байгаа нь үнэхээр буруу. Яагаад гэвэл, Засгийн газар нь бизнесийн байгууллага биш, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл аваад явж чадахгүйгээ ганц Эрдэнэтээр хангалттай баталж байна. Оросууд одоо өөрийн эзэмшил хэсгээ хувийн менежментэд шилжүүлэх гэж байна. Чингэвэл нэг талаас хувийн хэвшил нөгөө талаас авлигад идэгдсэн Монголын төр гэсэн бүр ч тэнцвэргүй хослол буй болно. Уг нь Төр татвар хураах л үүрэгтэй. Иймээс 34 байтугай ганц ч хувь Төрд хэрэггүй.

2. Төр адаглаад 51 хувь авах тухай сонсголонтой эх оронч үг байнга дуулдах болов. Хоёрхон хамтрагчтай үед л 51 хувь утга учиртай байдаг. Бирж дээр гарч зарагдан олон нийтийн болсон компанийн хувьд 20-30 хувь эзэмшиж байгаа тал голлох шийдвэр гаргагч болдог аж. Тэгээд ч “эх орончид” 51 хувь байсан бол 90 хувь гэнэ, 90 байвал 100 гэнэ, 100 байвал 105 хувь гэж дайрна. Өөрөөр хэлбэл, энэ нь ямар ч хувь процентийн тухай яриа биш, мөнхийн шахалт шаардлага юм. Ард түмэн баялагтай газраа метрлээд хувааж аваад хүрз барьж очоод нинжадах маягийн марзан гэхэд ч багадмаар санал хүчээ авч байна. Эсвэл нэг хэсэг нь ухаад л нөгөө хэсэг нь буюу “ард түмэн” мөнгийг нь бэлнээр хуваан авах дэндүү сайхан шударга санал ч газар авч байгаа. Хийрхэхэд эрүүл ухаан юуны хэрэг!

3. Өдгөө олон улсын стандарт буй болсон. Анх нефьтээс эхэлсэн “бүтээгдэхүүн хуваах” зарчим нь Төр зөвхөн татвараа тогтоодог ба ганц ч төгрөг гаргалгүйгээр нийт баялгийн үнийн дүнгийн 60 хүртэл хувийг авч чаддаг жишиг тогтжээ. Энэ зарчмаар үнэ өндөрсөх, баялгийн нөөц тооцоолсноос нэмэгдэх тутам Төрд ногдох ашиг илүүтэй нэмэгддэг аж. Үүнийг олон улсын тогтсон жишиг, бизнесийн алтан дүрэм гэж нэрлэнэ.

Буурай орнууд эх оронч санаачилгаараа энэхүү олон улсын жишгээс илүү “таатай” нөхцөлийг бодож олон мөрддөг учраас л байгалийн баялаг нь тэднийг улам ядууруулдаг.

4. Төр 34 хувь эзэмшвэл түүндээ оногдох хөрөнгө оруулалт гаргах ёстой болно. Энэ бол өнөөгийн нөхцөлд манайд ахадсан алхам. Үүнээс гадна Төр үйлдвэрлэл явуулаад эхлэхээр л дагаад авлига, хээл хахууль гаарна. Юм бүхнийг хэд нугалж Төрд шахдаг бизнес нэгэнт газар аван тогтсон болохоор 34 хувьд гаргах Төрийн үрэлгэн хөрөнгө оруулалтын хэмжээ нийт 100 хувьд орохоос ч өндөр байх болно. Үүнээс ч илүү гарах болов уу. Учир нь улсад шахаж байгаа мөртлөө дөнгөж гурав нугалдаг нэгнийг “хэт шударга маанаг” гэдэг болчоо биз дээ.

5. Сангийн яамныхны хийсэн олон улсын жишгээс гажсан энэ хуулийг ч “эх орончид” чамлаж, Төр 100 хувь авах тухай хийрхэж байгаа. Монголд өнөөдөр ийм их хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө байхгүй. Дэлхийн хөрөнгийн бирждээр босгож чадахгүй. Хавтгай болсон өнөөгийн ертөнцөд хувьцаа эзэмших гэсэн хэн ч Монголд болж буй хийрхлийг тов тодорхой харж байгаа. Ийм аймаар мөртлөө хүний оруулсан хөрөнгөд тогтвортой байдлын баталгаа өгөхгүй гэж зүтгэхийг нь яана! Галзуу солиотой энэ газар руу сая сая хүнийг мөнгөө хий гэж яаж ятгаж чаднаа?!

6. Оюу толгой өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган өмчлөгчтэй болсон. Эд Монголын газар шороог биш, ирээдүйд буй болох үйлдвэрийг мөнгөө төлөөд хамтран өмчилж байгаа юм. Эндээс энэ дэлхийн хэн ч өмчлөх эрхтэй. Тэдэнд Монголд болж буй самууны хэн нь буруутай зөвтэй нь хамаагүй, өөрсдийн оруулсан мөнгө нь баталгаагүй болж байгааг л харж үсээ үгтээнэ. Парламентын гишүүн нь энэ хөрөнгө оруулалтаас болж Төрийн ордон руугаа дайрахыг уриалж байгаа нь тэдний оруулсан мөнгө түмбэржүржиг болсныг юунаас ч илүүтэй батлаад буй хэрэг.

7. Оюу толгойн хувьцааны ихэнхийг Рио Тинто хэмээх дэлхийн сүпер компани бирж дээрээс авчихаад байгаа. Энэ бол өнөөх Айванхүү майнууз, Пэрдлаанд энэ тэртэй чинь зүйрлэх юм биш. Риог хөөж гаргасны дараа наашаа хэн ч зүглэхгүй. Хүнээс мөнгө зээлчихээд өрөө нэхэхээр нь шүдийг нь булгалаад хамрыг нь хавтгайлчихсан нөхрийг мэдсээр байж бусад нь яаж ч гуйгаад зээл өгч харагдаач!

8. Монголын түүхий эдийн цорын ганц хэрэглэгч нь Хятад. Хэрэглэгчийн хувьд үйлдвэрлэлээ бас эзэмших нь маш ашигтай.

Түүнээс гадна үйлдвэр нэгэнт ашиглалтад ороод түүхий эд аваад эхэлбэл зах зээл нь үйлдвэрлэлээс шууд хараат болно. Иймээс хэрэглэгч өнөөдөр ямар ч үнээр хамаагүй мөн эзэмшигч болох сонирхолтой.

9. Хэрэглэгчийн Монгол дахь хамгийн том өрсөлдөгч нь Хойд Америкийн компаниуд. Ерөөсөө ч ганц уул уурхай гэлтгүй Америкийн эрх ашиг ар шилэн дээр нь гараад ирэх нь тэдэнд хүсмээр зүйл биш. Түүхэн уламжлалаараа монголчууд тэдэнд төдий л тааламжтай ханддаггүй болохоор улс төрийн шахалтаар ордыг эзэмших магадлал муу. Америкийн хөрөнгө оруулагчдыг эндээс шахаж гаргах хамгийн сайн арга нь монголчуудыг өөрсдийг нь ашиглах явдал.

10. Хойд Америкийн болон дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг хийрхлийг өдөөгч, санхүүжүүлэгч эх гарвал нь түүхий эдийн ирээдүйн хэрэглэгч. Гэхдээ энэ нь нарийн бүтэц зохион байгуулалт арга технологитой. Монголын ашигт малтмалын лицензийг өндөр үнээр авахад бэлэн гол төлөв улсын мэдлийн том компаниуд ард нь байгаа. Лицензийн ченж маягийн бизнес хийхүйц хувийн голдуу жижиг компаниуд энэ зах зээл дээр хамгийн идэвхтэй хөдөлж хийрхлийн анхдагч төлбөрийг хийж байгаа юм. Стратегийн том ордуудыг эздээс нь салгах, хөрөнгө оруулагчийг хөөж гаргах нь тэдний хувьд улс төрийн гэхээсээ ердийн шударга бус өрсөлдөөнд илүү ашиг олох гэсэн зах зээлийн сэдэлтэй. Цаана нь байгаа улсын том компаниудад хэрэглэгч эзэмшигч давхар болох эдийн засгийн сонирхол бий. Гэхдээ энэ бүхэн нь Засгийн газрын ерөнжий бодлоготой таардаг учир формал хэлбэрээр дэмжлэгтэй.

11. Хийрхэл дэгдээх арга технологи хүний санаанд оромгүй нарийн аргатай, танигдахгүй хэлбэрээр илрэлээ олдог болжээ. Ганц жишээ гэхэд “Ийгл” телевиз байна. Энэ нь Америкийн хөрөнгө оруулалттай телевиз. Америкийн телевиз Монгол дахь Хойд Америкийн хөрөнгө оруулалтыг гутааж, муулж байвал хамгийн итгэл үнэмшилтэй сонсогдоно. Америкийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, хоёр орны харилцааг хөгжүүлэх уриатай энэ телевизээр үүнийг хийлгэж чадаад л байна даа. Захирал нь Монголын нийгэмд юу болж байгааг огт сонирхдоггүй нь хөөрхөн завсар гаргаад өгчиж буй хэрэг. “Ийгл” нь Хойд Америкийн хөрөнгө оруулалтад тааламжгүй ханддаг төдийгүй илэрхий өдөөн хатгалга, улайм цайм гүтгэлэг явуулж чаддагаараа бусад мэдээллийн хэрэгслээс давуу талтай. Мэдээж, энд дажгүй төлбөр хийгдэж байж таарна.

12. Улс даяар хийсэн судалгаагаар бол Монголын хүн амын 70 орчим хувь нь том ордуудыг бушуухан ашиглаж үр дүнг нь түргэн үзэх хүсэлтэй байна. Хүмүүс улс төржихөөсөө илүү прагматик үзэлтэй байдаг. Хэт улс төржиж, дээгүүрээ хоорондоо дэмий маргалдсанаас болоод орд газруудыг ашиглаж баялаг бүтээх явдал сунжирч байна гэж ард түмэн үзэж байгаа аж. Ард түмний нэр барих гэж байгаа бол үгүйдээ л судалгаа хэрэгтэй дээ.

13. Өнөөгийн хийрхэлд идэвхтэй оролцогсдын дэндүү дийлэнх хэсэг нь уул уурхай, ашигт малтмал, олон улсын гэрээ болон түүний стандарт жишгийн тухай анхдагч ойлголтгүй байгаа. Тэр дундаа бамбай болгоод байгаа улс орон, ард түмэн, аюулгүй байдлынхаа тухай төсөөлөл ч байхгүй. Архи нь гараагүй хоёр согтуу авгай хэвлэлийн бага хурал гэгчийг зарлаж зэвсэгт тэмцэлд уриалж байгаа нь ердөө л шар тайлах эцсийн зорилттой. Зохион байгуулагчид нь.ч дивтаат болох гэх мэтийн улс төрийн жижиг эрх ашигт л явж буй нь илэрхий харагдана. Ихэнхдээ л монгол хүн зарчмын санал тавиад унахаар ард нь үнэндээ “ердөө л энэ үү” гэмээр жижигхээн хувийн хүсэл хясал байдаг дүрэм үйлчилж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газар хийж буй зүйлээ иргэдэд ойлгуулж зөв мэдээлэл өгөх үүрэгтэй боловч үүнээ мартсан учир хүмүүс ч гуйвсан, мушгисан мэдээлэлд их илүү автаж байгаа нь хийрхэл газар авах нэг нөхцөл болжээ.
Цааш нь яривал зөндөө л юм байна, төвөг төвөг. Гурав дахь хөрш, генополитик, хүчний тэнцвэр гэж ойлгохгүй юмаар нь цөсийг нь хөөргөлтэй биш. Миний хувьд тэс хөндлөнгийн ажиглагч, анализ дүн шинжилгээ хийж буй нэгэн. 2017 онд нүүрс, үнс хоёр адилхан болно гэж би хэлээгүй. Би үзмэрч биш. Миний энэ буланг ашиглаж хийсэн реклам суртчилгаа. Хийлт, санааны хувьд харин надад таалагдсан шүү. Мөнхийн ядуу монголчуудад өнөөдөр юун түрүүнд гарааны мөнгө хэрэгтэй байна. 2200 жилийн түүхэндээ ийм том бололцоотой ганц ч удаа таарч байгаагүй юм, энэ орон.
Чингэс хаанд ч ийм бололцоо олдоогүй юм шүү. 1973 он хүртэл Монголын зэсийг, 2003 он хүртэл Монголын нүүрсийг хэн ч тоодоггүй байсан тэр үе эргээд ирэх магадлал өндөр. Иймээс би үнсний тухай муухай сануулгыг харин ч талархаж байна. Намайг “худалдагдсан байна” гэж ирээд л зарлах юм. Энэ хорвоо дээр зарагддаггүй юм гэж бас байдаг юм шүү дээ. Дэлгүүрийн бараа шиг юм бодож байгаа бол мөнгөө ачиж авчраад наймаалцах гээд үз л дээ!. Надад дивтаат болж ард түмнээ ганц сайн харж үзэх сонирхол алга, хойтон сонгуульд орох хүсэл бүр ч байхгүй. Тэр утгаараа би дивтаат горилогчдын өрсөлдөгч биш, ердөө хөндлөнгийн ажиглагч. Харин үйл явдал миний эх оронд болж байгаа учраас нөгөө талаасаа би хөндлөнгийн хүн биш юм. Учир нь би эх оронч хүн. Эх оронч үзлээсээ ямар нэг ашиг хонжоо хайгаад байхааргүй эх оронч хүн!

Мораль: Маш том байлдаан болж олон цэрэг, морь үхсэн газар нэгэн өлөн үнэг хүрээд иржээ. Олон жил идэх хүнсний нөөц харсан мань үнэг машид баярлан мишээв. Ингээд хэмнэлттэйгээр аль хатуу хүтүүгээс нь эхэлж идэхээр шийдэн нумын хөвчний сур мэрж байтал сумны сааль алдагдан хөөрхий үнэгний хүзүүг нэвт сүлбэн алжээ.

Өдрийн сонины 2007 оны 8 сарын 8-ны дугаар

August 7, 2007

ProRussia, ProChina, ProAmerica … ProMongolia?

Filed under: - Нийтлэл -,Б.Болдсайхан эмч — haichilbar @ 8:20 pm

XX зууны эхний хагасын Монголын түүхийн гол найруулгыг Москва, Бээжин, Токиод харин сүүлийн хагасынхыг Москва, Бээжинд зонхилон бичсэн билээ.

Монголчууд бид хүсэл тэмүүлэл, уур хилэн, цөхрөл ичгүүр дүүрэн байсан ч харамсалтай нь хамгийн бага үүрэг, заримдаа хүүхэлдэйний дүрд тоглохоос өөр ямар ч сонголт үлдээгүй бөгөөд хэдий гутамшигтай ч, байж боломгүй бүх хувилбараас энэ л амьд үлдэж тусгаар тогтнолоо олох хамгийн урт хэцүү аймшигтай зам байсан юм.

Бид газар нутгийнхаа гуравны хоёрыг, хүн амынхаа дөрөвний гурвыг алдаж байж зөвхөн төв Монголын хэмжээнд тусгаар тогтнолоо олж авсан. Ахиж бүү тохиолдоосой гэмээр аймшигт 100 жилийн түүх.

Төв Монголдоо ч үлдсэн хэдхэн хүнээ анги нийгэм, шашин шүтлэг, угсаа гарлаар нь хоморголон устгах даалгавар авч гүйцэтгэхээс өөр аргагүй байдалд орсон. 1911-1920 оны хооронд Монголын тусгаар тогтнолын эцэг болсон алтан ургийн ноёдыг устгаж дууссанаас хойш, 21 оны хувьсгалын оюун санааны удирдагч сэхээтнүүдийг хороож цээрлүүлснээс хойш XX зууны Монгол төрийн тэргүүнүүд Хятадын талын хүн байсан Цэрэндоржоос бусад нь хүссэн ч, эс хүссэн ч Оросын КГБ-ийн агентууд байхаас өөр аргагүй байсан юм.

Үүнийг эс хүлцсэн эсвэл эцэстээ тэрсэлсэн төрийн гурван тэргүүн Амар, Гэндэн, Чойбалсан нарыг долдугаар сарын 11, арваннэгдүгээр сарын 26, Цагаан сараар цаазалж оросууд бахаа хангаж, монголчуудад эсэргүүцвэл юу болохыг өөрсдийн гуравхан баярын өдрөөрөө ч мартах ёсгүй сургамж өгсөн. Тэр үеийн сүүлчийн төрийн тэргүүн Цэдэнбал ч гэрийн хорио, орос эмнэлэг хоёрын дунд тамлагдан орос нутагт ясаа тавих үүргээ биелүүлсэн.

Харамсалтай нь, бид хүчирхэг гүрнүүдийн дунд энэ бүх доромжлолыг толгой дохин хүлээн авахаас өөр арга зам байгаагүй. Эс бөгөөс Орос, Хятад хоёрын аль нэгэнд уусан үндэстэн угсаатны хувьд устах гарцаагүй ганц л зам байсан. Бидэнд сонголт байгаагүй. Гэвч эцсийн эцэст бид тусгаар тогтнолоо 1911-1990 оны тэмцлийн үр дүнд олсон. Юутай гайхамшигтай, юутай золтой. Эртний монгол угсаатан үнснээсээ дахин босох галт шувуу мэт амилан нисэж эхэлсэн.

Гэхдээ энэ бүх гашуун түүхийн дараа 1990 оноос монголчууд бид гэв гэнэт л өөрийн дураар амьдрах эрхтэй болчихсон гэж үү? Үлгэрт ч тийм төгсгөл ховорхон байдаг биз. Хоёр хөрш гэв гэнэт л биднийг огт сонирхохоо больж, багалзуур дээрээс минь гараа авч, таг мартан дураар минь дургиулж эхэлсэн гэж итгэвэл дэндүү гэнэн харалган явдал болно.

1990 оны ардчилсан хувьсгалын зохиолыг Бээжин, Москвагийн аль нэгэнд бичиж НАХЯ найруулагчаар нь ажилласан эсэхийг бид одоогоор мэдэхгүй. Гол дүрүүдийн хэн нь ч бидэнд дурсамж түүхээ нарийн ширийн гаргаж тавиагүй байна. Ямар ч байсан ардчилсан хувьсгалын анхны 13-ын 12 нь НАХЯ-ны агентууд байсан гэж өөрсдөө нууц нэрээ дуудалцан хүлээн зөвшөөрсөн байдаг. Дараа нь эрх мэдлийн оргилд гарсан болгон нь НАХЯ, ТЕГ-ыг гартаа авч, онгичиж, архивыг нь устгах, нэг нэгнийгээ архив устгасан гэдгийг батлах ив ижилхэн хоббитой болсон нь ч хачирхалтай бус гэж үү.

1920-иод онд монгол төрийн болон Дотоод явдлын яамны эрхийг атгаж явсан Хятадын талыг илт баригч Цэрэндоржийн үеэс Дотоод яамны ажилтнуудыг хоморголж солин устгаж, урд зүгийн гаралтай хүмүүсээр дүүргэж байсны үр дүн нь одоо хүртэл Монголын төрийн хүчний байгууллагуудад удамшин үлдсэн гэдгийг тэр л хүчний байгууллагынхан баталж байдгийг бид мартвал бас л гэнэн тэнэгийн үлгэр болно.

Тэдний агентууд болох 12 хүн (зарим нь давхар КГБ-д ажиллаж байсан гэх) ардчилсан хувьсгалыг оройлон хийж өдий хүртэл төр засгийн эрхэнд байна. Яг л Ельциний дараахь Путины КГБ-чүүд төр барьж байгаа шиг. Гэхдээ энэ 12 болон бусад хүмүүс:

1.Үргэлж нэг баг болж яваагүй, харин ч олон хуваагдаж эдийн засгийн болон засаглалын эрх ашиг нь зөрчилдөж ирсэн.

2.Тодорхой хугацааны дараа агент үүргээ зогсоосон, эсвэл үүрэг өгөгчид нь янз бүрийн шалтгаанаар оршихоо больсон.

3.Агент байсан түүхээ устгах, эс ядвал сөхүүлэхгүй байх бүх арга хэмжээг авсан, харилцан барьцаалагдсан.

4.Өөр өөр олон лидерүүд шинээр гарч ирж дунд нь холилдон танигдах аргагүй болсон.

5.Америк, Хятад, Оросын эрх ашгийг санаатайгаар эсвэл, мөнгө, засгийн эрхийн төлөө өөрөө ч ухамсарлалгүйгээр сонгон хамгаалж, төлөөлөх болсон гэх мэт асар их өөрчлөлтүүдэд орсон.

Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хувьд хурдацтай хөгжлийн гараан дээр гарсан төдийгүй байгалийн баялаг, газар зүйн ашигтай байрлалаасаа болж дахин том гүрнүүдийн анхаарлын төвд орж эхэлж байна. Энэ үед Монголын улс төр, эдийн засгийн лидерүүд ямар ямар улсын эрх ашиг сонирхлыг төлөөлж, хэн хэний эрх ашиг Монголын өндөрлөгт мөргөлдөж байна вэ?

1.ProRussia гол төлөөлөгчид нь: Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан, С.Баяр, Х.Баттулга гэх мэт

2.ProChina гол төлөөлөгчид нь: М.Энхсайхан, Б.Эрдэнэбат (хуучин Орост элэгтэй байсан боловч зоос дагаад элгээ сольж буй) гэх мэт

3.ProAmerica гол төлөөлөгчид нь: Баабар (хуучин хятадад бууж өгөмхэй сэтгэлтэй байсан ч одоо овоо зориг орж буй), Элбэгдорж гэх мэт

4.ProMongolia: гэх хүмүүс харамсалтай нь цөөн бөгөөд тод бус

5.Хэний ч биш зөвхөн хувийнхаа эрх ашгийг хамгаалж, эрх мэдэлд хүрэх бүртээ амжин хувьдаа л дэлсэж явдаг нэлээн олон хүн бас бий.

Эдгээр хүмүүсийг би яг Оросын, Америкийн, Хятадын талын хүн гэх гээгүй бөгөөд ихэнх нь тухайн үеийн засаглал, мөнгөний эрх ашгийн төлөө л ийм байдалд ордог, нэлээд нь энэ л шалтгаанаар сонирхлоо өөрчилж байгаа. Гэхдээ эдэн дунд тухайн талаа хатуу баримтлагч нар байсан бөгөөд одоо үлдсэн нь их мөнгө хөрөнгөөр баталгаажаад ирэх үед бас л хатуу баримтлагчид, эрх ашгийг нь хамгаалагчид болон хувирах нь жам ёсны үр дүн юм.

Сүүлийн 17 жил төр барьж байгаа 100-200 орчим хүмүүс одоо өөрсдийгөө хэн ч халдах ёсгүй насан туршаа дарга байж төр барин ард түмнийг зайдалж, хууль үйлчилдэггүй, харин өөрсдийнх нь зохиосон хуулийг ард түмэн л биелүүлэх ёстой гэж андуурах хэмжээнд хүртэл хүмүүсээс тасарч тусдаа нэгэн анги давхарга болоод байгаа юм.

Тэгвэл Монголын эрх ашиг ард иргэд бидэнд, зөвхөн өөрсдөд минь л байгаа юм шив. Монголын төлөө өөр хэн зогсох вэ?

Өдрийн сонины 2007 оны 8 сарын 7-ны дугаар

August 3, 2007

Зуны тойм

Filed under: - Нийтлэл -,Б.Цэнддоо — haichilbar @ 8:20 pm

Манай сэтгүүлчид ялих­гүй юмыг догиогоод болохгүй байна аа.

Дотоодын хам­гаалахын хашаанаас үхсэн хүний яс гарлаа гээд л сүйд. Дотоодыг хамгаалахын хашаа­наас тэгээд хүний биш малын яс гарах юм уу? Тэгээд бас “үхсэн хүний” гэж ирээд аван хайлах юм. Дотоодыг хамгаалахын хашаа руу ор­сон хүн үхэх­гүй гарч ирэх учиртай аятай. Бас дээр нь “Дотоод яамны ажлынх нь хашаа биш, аж ахуйн хашаа нь байсан” гээд л мэтгэх юм. Дотоод яамны аж ахуйгаас төмс, байцаа гарч ирэх юм шиг санасаар л яваа юм байх даа. Тэндээс сугалсан төмсөг гарна уу гэхээс, тарьсан төмс гарах учиргүйг заалтай биш дээ.

Тэгсэн атлаа “Японы оршуулгын академи нийслэлийн талийгаач нарт иж бүрэн авснууд бэлэглэлээ”. “Авсаа ачих машиныг нь үнэгүй өглөө”. “Оршуулгын мэр­гэжил­тэнг бөөнөөр нь Японд бэлдэж өгөх боллоо” гэсэн мэдээнүүдийг тоохгүй юм. “Бидэнд өлгий өгөхгүй атлаа яагаад авс өгөөд байна. Биднийг ойрын үед өөрсдийгөө оршуулж хүчрэхээ болино гэж тэд яаж мэдэв” гэхчилэнгийн гүн ухааны асуу­лтын хариуг хэн ч сонир­хохгүй байна.

Аа тийм, Кувейтийн Эмир, УИХ-ын гишүүн Сайраан нар манай оронд айлчилж байна. Тэд ноднин манайд айлчлах­даа манай төрийн түшээдээс “Та нарт юу хэрэгтэй байна” гэж асууж. Манайхан хоёргүй нэг утгаар “Бидэнд байр хэрэг­тэй байна” гэжээ. Ердөө л Кувейтээс нэг нэг орон сууцыг хувьдаа гуйсан хэрэг шүү дээ. Гэтэл өнөөх нь төрийн хүн хувьдаа юм гуйхыг үзээгүй, манай мэтийн орноор явж нүд тайлаагүй нэгэн байж. Ингээд “Монгол төрийн хүн монгол төрдөө юм гуйдаг” аятай хачин муу­хайгаар гүтгэж ойлгоод Парламентын ордон барьж өгөхөөр болжээ. үүнийг дуул­сан манай төрийн томчууд зулгааж болох бүхий л газ­рынхаа үсийг үгтээн гасалсан байна. үс цөөтэй зарим нь брюкнийхээ хармайнаас гараа гар­гах­гүй өнжсөн ч гэдэг.

Уул нь манай ард түмэн жижигрэхийн хэрээр төр томорч ордондоо багтахаа больсон ба янз бүрийн хэрэг эрхлэх газрынхаа ажил­тнуудыг ордны өмнөх Чингэс­­ийн хөшөөний дотор хонгилд суулгахаар ширээ сандлыг зөөж байсан нь бол үнэн юм. Ходоодонд суух хэсэг нь яах вэ? Хуруунд суух ажилтнууд нь их л матийхаар болж байсан гэдэг.

Хуучин “гай газар дороос” гэдэг байсан бол одоо гай газар дээрээ гараад ирсэн цаг. өнөө ордонг нь барих газар олддоггүй ээ. Манай газруудыг чинь Даашинхүү, Айванхүү, Хоовонхүү гээд гад­на дотны пүүс­үүд авчих­сан байж. Хуучин хэвлэх үйлдвэрийн ором дээр барих гэтэл тэрнийг нь ард түмний хүү авчихсан байж. Ингээд Эмирийг сая ирэхэд нь “Ордон барих газ­раа бас өгчих” гэж гуйжээ. Асуудал шийдэгдвэл Монголын парламентын ордон Кувейтэд баригдах юм байна.

Намайг бага байхад хүүхдүүд бие биедээ сайн болохоороо захиа өгдөг байв. Одоо муудахаараа захиа өгдөг болжээ. Ерөнхийлөгч Энхбаяр, гишүүн Хүрэлсүх нар муудалцаад бие биедээ захиа бичих болов. Хүүхдүүд хоорондоо сайндаад бичсэн захиан дээрээ “Надаас чамд, навчаас цэцэгт” гэж тэмдэг­лэдэгсэн. Харин хоорондоо хонь чоно болсон томчууд захиан дээрээ “Юунаас юунд” гэж тэмдэглэж байгааг бүү мэд. “Хониноос чононд” гэхээр өөрийгөө доош­луулсан болно. “Чононоос хонинд” ч гэх нь хаашаа.

Хөөрхий муу МАХН-ыг ойрдоо өрөвдөх боллоо. Нэг хэсэг нь МАХН-д далавч оёж “Ингэвэл манай нам ниснэ” гэж жаал мэтгэж билээ. “Нямдорж дарга нь дарвийнк гаргаж ирээд “Манай нам нисдэггүй нам. Нисдэг л юм бол буудаж унагана” гэж ирээд нисэх байтугай хөдлөх шинжгүй юм руу жаал галлав. Тэгж тэгж өөрийгөө оночихов уу, яав?, өөрөө унаад өгөв. Сая “Элсний 13” гээч гарч ирээд МАХН-ыг цөлжүүлэн алдав. Харин “Бакугийн 26 комиссар” л урдаас нь сөрж зогссоны хүчинд нам аврагдсан юм байх.

Ер нь МАХН-аар зөвхөн хоо­лоо хийдэг бай­с­наа болиод од­оо түү­гээр юу л бол юу хийж болно гэх хүн олширч. Ту­хайл­бал, махны ченж хийдэг хэдэн нөхөд саяхан гулууз МАХАН-д формалин шахаж занданшуулахыг оролдоод баригдсан байна. Ерөнхийлөгчийн сонин өглөө бичихдээ “Шахаад шахаад зандан­шихгүй байгааг” дурьджээ.

Би ч гэсэн МАХН-ыг муу­лахаа бүр байсаан. Эмээ ээж минь захисан юм. Би үүнийг эртүүд МАХН-ын нэг даргад ярьтал “Эмээгийн чинь зөв” гэчихээд царай нь гэрэлтэн босоод явчихаж билээ. Эмээ юу гэж захисныг огт асуу­гаагүй… Юу гэж захисан гэж үү? Хоногоо хүлээж байгаа амьтныг зөвхөн өрөвдөж бай гэсэн юм аа.

Жич: “Элсний арван гурав”, “Бакугийн 26 комиссар” зэрэг нь социализ­мын үеийн хит киноны нэрс. “Элсний 13” нь ч яах вэ? Дуулаа л биз. Харин нөгөө нь Баку хотын ойролцоо 26 улаан­тан алагдсанаас үүдсэн нэр. Аль аль тохиолдолд намынхаа төлөө явж байгаад бөөнөөрөө үхсэн коммунистуудад өгдөг нийтлэг нэр. Нэг ийм онигоо байдаг юм. Намын дугуйлангийн шалгалт дээр нэг гишүүнд “Гучин томоохон марксистыг нэрлэ” гэсэн асуулт таарч гэнэ. Цаад нөхөр тол­гойгоо маажиж байснаа “Маркс, Энгельс, Ленин, дээр нь намын хороон дарга таны бие, бас тэгээд Баку­­гийн 26 комис­сар” гэсэн гэдэг.

Өдрийн сонины 2007 оны 8 сарын 3-ны дугаар

“Зууны мэдээ” Н.Энхбаярынх

Filed under: - Ярилцлага -,У.Хүрэлсүх — haichilbar @ 8:20 pm

УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид ил захидал бичсэн. Ерөнхийлөгч хариуг нь удаалгүй өгсөн. Улс төрийн нэг тогоонд буцалж явсан хоёр гэнэтхэн яагаад тэрсэлдэх болов. Энэ сэдвийг хөндөж сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр та хоёр улс төрийн нэг тогооноос “хооллож” явсан хүмүүс. Гэхдээ “Танай эхнэр МАХН-ыг мэддэг юм уу” гээд У.Хүрэлсүх Н.Энхбаяртайгаа нэг бус удаа ам муруйж байсныг бүгд мэддэг. Харин өнөөдрийнх шиг байдалд хүртлээ тангараг тасарна гэж хэн ч санаагүй байх аа. Та хоёрын хэн нь шүдэнз зурчихав аа?
-Бид хоёр олон жил хамтран ажилласан. Н.Энхбаяр 2000 он хүртэл муу хүн байгаагүй юм. Энэ нөхөр Ерөнхий сайд болонгуутаа ихээхэн эвдэрсэн хүн. Өөрийгөө үндэсний удирдагч, дарангуйлагч гэж үзэх төдийгүй төр, намын ажилд эхнэр нь оролцдог болсон юм. Тэр үеэс миний бие Энхбаярт шүүмжлэлтэй хандаж эхэлсэн.
Миний удирдаж байсан МАСЗХ-г тараах гэж хүртэл үзсэн. Үүндээ У.Барсболдыг ашигласан. Бидний хооронд чулуу шидэж нэг хэсэгтээ эвдрэлцүүлж, биднийг дайсан мэт байдалд хүргэсэн. Үүнийг хийсэн эзэн нь Энхбаяр, түүний эхнэр Цолмон. Ийм хортой үйл ажиллагааг байнга хийх болсон учраас бид хэрэлддэг, зөрөлддөг болсон.
Энхбаярын амьдралын философи нь ямар үзэл юм бол гэж би бодож үзсэн. Аливааг эвдрэлцүүлж, зөрчилдүүлж, тэмцэлдүүлж, энэ дундаас үсэрсэн очоор амьдардаг хүн. Ц.Нямдоржийг Ж.Бямбадоржтой, Бямбадоржийг Ц.Шаравдоржтой, Хүрэлсүхийг, Барсболдтой, М.Энхболдыг Ц.Элбэгдоржтой гэх зэргээр зохиомол зөрчлийг бий болгож, тэндээс гарах ашиг хонжоогоор амьдарч явдаг ийм л улстөрч, удирдагч юм байна гэж Энхбаярыг дүгнэх болсон.

-Таныг гараас чинь хөтөлж улс төрд оруулсан юм биш үү. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээч болж байна гэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж хэлсэн байна лээ?
-Харин нэг тийм, инээдтэй зүйл ярьдаг болчихож. Нямдорж, Энхболд, Бямбадорж миний хүн байсан. Тэр Хүрэлсүхийг би өөд нь татсан. Тэгээд эвэр ургахаар эхийгээ мөргөж байна гэдэг болж. Монгол төрийн албан тушаал чинь Энхбаярынх юм уу. Тэр нөхөр хуваарилдаг эрхтэй юм уу. Энэ бүхнээс цаад санаа бодол нь мэдрэгдэж байгаа биз дээ. Би дарангуйлагч байсан гэдгээ үүгээр хэлэх гээд байгаа байх. Тэгж бодож л ингэж хэлээ биз. Би харц ардын хүүхэд, жолооч аав, ээжтэй. Энэ намын төлөө зүтгэж, намаас өгсөн ачааг л үүрч яваа залуу хүн. Энхбаяр надад ямар ч албан тушаал өгөөгүй. Би түүнээс юу авах юм, юу ч гуйхгүй. Их мундаг, загалмайлсан эцэг болох гэж байгаа бол өөрт нь л гай болно доо.

-Буддизмээр хүмүүжсэн улстөрчөөс иймэрхүү авир гарна гэж үү?
-Бурхны нэр барьсан буг гэж хэлнэ. Бурхан, буг хоёр нэг дор байнга байдаг гээ биз. Тийм учраас бурхны нэрийг битгий барьж бай гэж хэлмээр санагдаад байгаа юм. Шашин, төрийг хослон барих гэж бүү оролд. Бурхны өмнө нүгэлтэй үйл хийвэл хойд насанд чинь цөвтэй шүү гэж Энхбаярт хэлье.

-Өмнө нь та ийм үгийг хэлдэг байсан уу?
-Зөндөө хэлж байсан. “Энхбаяраа, чи өвчин туссан байна. Монголын төрийн ажлыг чи хийдэг юм уу, эсвэл эхнэр чинь үү. Тийм учраас чамайг эмчлэх гэсэн юм. Миний үгийг зөвөөр бодож, ойлгож аваарай” гэж намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр хэлдэг л байсан. Харамсалтай нь тэр бүхнийг хүмүүсийн сонорт хүргэдэггүй, хавчиж, дарамтлаад байдаг байсан.

-Уучлаарай, ингэж байсныг чинь нэг л сайн санахгүй юм.
-Энхбаяр гэдэг хүний талаар өнөөдөр дуугарч байгаа юм биш шүү. Хэлдэг байсан. Анхааруулж, шүүмжилснийхээ төлөө энэ хүнд даруулж, дарамтлуулж явсан. МАХН, МАСЗХ, МАСЭХ-г дотор нь хагаралдуулсан. Ийм л “гай”-тай, намаар маань тоглочихсон хүн шүү дээ. МАХН-ын хайр хишгээр завсаргүй долоон жил төрийн өндөр албан тушаал хашлаа. Одоо эргээд “МАХН-гүйгээр төр барьж болно” гэж өөрийнхөө “Зууны мэдээ” сонинд бичүүлж байгаа байхгүй юу.

-Намын буянаар МАХН-ын даргаас эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, одоо Ерөнхийлөгч болсон хүн. Намдаа гавъяа байгуулсан болоод л та нар өргөмжилж өдий зэрэгт хүргэсэн байх гэж бодогдох юм.
-МАХН-д сайн сайхан зүйл тун бага хийсэн хүн. Намыг өөрийнхөө өмч мэт бодож явсан. Надаас өөр чадалтай хүн байхгүй гэж боддог шиг байгаа юм. Намын нэрээр төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашлаа. Эргээд харахад бид асар их алдаа хийжээ. Нэрт зохиолч С.Эрдэнэ гуай “Энхбаяр гэдэг энэ хүн дээд зэргийн шуналтай, юу ч хийж магадгүй. Эцсийн зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Энэ хүнээс болгоомжилж яваарай” гэж бичсэн байдаг. Ямар үнэн үг болохыг бид хэзээ хойно ойлголоо. Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд удирдагч байдаг” гэж захиж хэлсэн. Бүгд үнэн байжээ.
Ийм хүнд төр барих эрх эдлүүлэх ёсгүй. Монголыг баллаж дуусаагүй дээрээ хугацаанаасаа өмнө огцрох ёстой. Түүний үнэн нүүр царайг таньсан монголчууд дахиад сонгохгүй байх гэж найдаж байгаа. Эрх чөлөөт, ардчилсан Монголын залуучууд энэ нөхрийг суудлаас нь авч хаяхын төлөө тэмцэхийг хэн үгүйсгэх юм.

-”Зууны мэдээ” миний өмч биш гэж Ерөнхийлөгч няцаалт өгсөн байна лээ шүү дээ.
-Зууны мэдээ, ТВ-9 телевиз Энхбаярын хувийн өмч гэж би үздэг. Надад өгсөн хариундаа “энэ бүхэн миний болон манай гэр бүлийн өмч биш” гэсэн байна лээ. Үүгээрээ Н.Энхбаяр худалч хүн юм байна гэдгээ харууллаа. “Зууны мэдээ” сонинг бараг бүхэлд нь эзэмшдэг гэж сонссон. Эхнэрийнхээ хамаатны нэрээр худалдаж авсан гээ биз дээ. Ингэж л ярьдаг, бичдэг. Энэ сониныг танай гэр бүл ямар арга замаар, хөрөнгийн эх үүсвэрээр авсан юм бэ гэж би асуусан. Хариулаагүй юм.
Та нар харсан биз. Ерөнхийлөгч Н.Энхбаярт ил захидал бичсэний төлөө “Зууны мэдээ”, ТВ-9 телевизээр У.Хүрэлсүхийн тухай ямар мэдээлэл цацаж, юу бичиж байгааг. Энэ бол Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмонгийн хийж байгаа үйлдэл.

-ТВ-9 телевизийг бол хамтран байгуулалцсан гэсэн байна лээ.
-Байгуулалцсан. Гэхдээ миний хувийн өмч биш гэсэн. Мөн байлгүй дээ. Олон хүн ярьдаг. Ард түмэн мэдэхгүй гэж бодож байгаа бол эндүүрч байна. Н.Энхбаяр бол авлигын загалмайлсан эцэг, шоронд сууж байх ёстой хүн гэж аль эртнээс л иргэний хөдөлгөөнийхөн болон сонин хэвлэлээр өчнөөн ярьж, бичсэн биз дээ

-Та нэг сонин, телевизэд их шүүмжлэлтэй хандаж байна. Тэнд дандаа таны яриад байгаа шиг “энхбаяртнууд” байдаггүй байх аа.
-Тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдийг би буруутгахгүй байгаа. “Зууны мэдээ”, ТВ-9 телевизийн бодлогыг нь Энхбаяр чиглүүлж өгдгийг л хэлээд байгаа юм шүү дээ. Өөрийнхөө бодлогоор ард түмнийг хагаралдуулаад байгаа юм биш үү.
Ардчилсан Монголд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй бичиж, нэвтрүүлдэг. Намайг сайн, муугаар ярьж, бичиж л байдаг. Тэр бүхэнд би гомддоггүй. “Зууны мэдээ” бол өөр хэрэг.
Б.Ганболдыг эрхлэгч нь байх үед “Зууны мэдээ” зөв сонин байжээ. Үнэн бодит мэдээллийг нийтэлдэг байсан. Энхбаяр Б.Ганболдоос энэ сониныг булааж, эсвэл худалдаж авсан юм уу мэдэхгүй. Түүнээс хойш энэ сонин Энхбаярын гэр бүлийн сонин болсон шүү дээ. МАХН-ын улстөрчид, МАХН-ыг энэ сониноор л газар дор ортол нь муулж, гүтгэж доромжилж байгаа биз дээ. МАХН-аас дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдээд ингэж байгаа байлгүй дээ. Өөр нам байгуулах гэж байгаа ч юм бил үү. Зарим ажиглагч ингэж үздэг.

-Түүнийг авлигын загалмайлсан эцэг гэж ярьж, бичиж л байдаг. Таны хувьд энэ бүхэнд итгэлтэй байна уу?
-Баянгол дүүрэгт шиг санаж байна. Иргэдтэй уулзаж байхдаа нэг хүн надад 500 сая төгрөг өгөх гэсэн. Би хөөгөөд гаргасан гэж баатарлаг дүр эсгээд ярьсан байхгүй юу. Тэр хүн чинь хэн бэ хэл гэж шаардсан. Ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн байсан юм. Түүнийхээ нэрийг хэлчих гэхээр би олон удаа тайлбар хийсэн гээд булзааруулаад байгаа юм. Авлига, хээл хахуулийн хэргийг битгий нуун дарагдуулаад бай гэж дахиад ч шаардах болно.
Тийм учраас авлига, хээл хахуулийн хэргийг олон жил нуун дарагдуулсныхаа төлөө энэ хүн шалгагдах ёстой. Яривал их олон зүйл хэлж чадна.

-Төрийн тэргүүнтэйгээ ингэж “дайн” зарлах нь төрийн хүний ёс зүйд хэр нийцтэй вэ. Ингэтлээ эгдүүцэх маягтай байгааг тань харахаар бас аргагүй нөхцөл байдалд орсон ч юм уу гэмээр санагдаад байна?
-Энэ хүн Ерөнхийлөгч болчихлоо гээд ингэж “галзуурч” болдоггүй л байхгүй юу. Түүний дээр Монголын ард түмэн, хууль ёс гэж байх ёстой. Тийм учраас ард түмний хэнд нь ч Ерөнхийлөгчөө шүүмжлэх, огцрохыг шаардах эрх бий. Үүнийг Энхбаяр ойлгоосой гэж бодож байна. Иргэний хөдөлгөөн, олон түмэн энэ хүний тухай маш олон зүйл ярьдаг. Авлига, албан тушаал, гэмт хэргийн гээд. Энэ бүхэнд Энхбаяр ямар хариу, тайлбар өгсөн юм. Дуугүй л байгаа биз дээ.
Баахан одон зүүж өгөөд зогсож байдаг хүн гэж сүүлийн үед түүнийг хэлэх болсон. Тэр одон чинь Энхбаяр гэдэг хувь хүнийх биш шүү. Одон, медаль бол Монголын төрийн хишиг гэдгийг шагнал авсан улс бодоорой. Тэгэхгүй бол хувиасаа өгч байгаа мэтээр аашилдаг хүн шүү.
Энхбаяр албан тушаалаар хүнийг өөртөө татдаг болсон байна. Хувийнхаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь эсрэг хэн нэгнийг дуугарахгүй болтол гүтгэж доромжилж, өөртөө элсүүлж авдаг болсон юм шиг байна. Их муу аргатай, тоолж баршгүй арвин туршлагатай болж, энэ талаараа.
Би энэ хүнтэй хамт ажиллаж байсны хувьд юу хэлж, юу хийдэг, ямар арга заль, хуйвалдаан зохион байгуулдгийг нь мэддэг байхгүй юу. Хамтран ажиллаж байсан олон хүн мэднэ. Ийм хүнтэй хариуцлага тооцох цаг нь болжээ гэж би хэлэх гээд байгаа юм. Энхбаярын Ерөнхийлөгч гэдэг төрийн албан тушаалыг би хүндэтгэдэг. Хувь хүнийх нь хувьд бол би хэзээ ч хүндлэхээргүй болсон.

-Монголд Ерөнхийлөгчийн буюу ганц хүний засаглал тогтоох гэсэн үйл ажиллагаа илт яваад эхэлжээ гэж Танд анзаарагддаг уу? Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалыг өгөхдөө энэ үгийг хэлж байсан. Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандаж сануулав уу гэж миний хувьд ойлгосон.
-Н.Энхбаярыг дарангуйллыг хүсдэг хүн юм болов уу гэж боддог. Хувиа хичээсэн, өөдөөс нь хэн ч, юу ч хэлэх ёсгүй гэсэн байдалтай л хүн шүү дээ. Их аймхай. Дээд зэргийн хулчгар. Гаднаас нь харахад үнэн, шударгын туйл болсон нөхөр.
Монголд Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод, өөрөө загалмайлсан эцэг нь болохыг хүсч байгаа ч юм болов уу. Хэн мэдэх вэ дээ. Казахстаны Н.Назарбаев шиг болохыг хүсдэг биз. Тийм зүйл хэзээ ч байж таарахгүй. Монголын цөөхөн ард түмэнд хамгийн тохиромжтой ардчилсан засаглалын хэлбэр бол парламентын тогтолцоо юм.
Өмсөх хувцас, идэх хоолноос илүү хүнд хамгийн чухал зүйл бол ардчилал, эрх чөлөө. Үүнийг энэ нөхөр хумих гээд байгаа байхгүй юү. Бид хэнийг ч шүүмжилж чадаж байна. Энэ бол том эрх чөлөө. Монгол хүн бүрийн нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалж явах ёстой зүйл бол эрх чөлөө, тусгаар тогтнол. Би ч бас энэ эрхэм зорилгын төлөө 1990-ээд онд жагсаж явсан. Монголын төр Энхбаяр, Хүрэлсүхгүйгээр ажиллаж чадна. Гай болсон амьтад төрд олноороо шургалах юм бол “Мандухай сэцэн хатан” кинонд гардаг Исмэл тайжаар дүүрнэ шүү гэж сануулахгүй бол горьгүй нь. Энэ бүхнийг би төрийн албан тушаалтныхаа хувьд биш эрх чөлөөг мэдэрсэн залуу хүнийхээ хувьд хэлж байгааг олон түмэн ойлгоосой гэж хүсч байна.

-Нэг айхтар үл бүтэх хүний тухай л Та яриад байх юм. Эмээх болгоомжлох бодол төрөхгүй байна уу. Эсвэл залуу хүний ааг омог дийлээд байгаа хэрэг үү?
-Энхбаяр яаж ч магадгүй шүү. Хууль хяналтын байгууллагаар дарамтлуулахыг хэн байг гэх юм. Би заримдаа эмээдэг юм. Шударга, үнэний төлөө яваа журмын нөхдийн минь болон миний эсрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсч байна. Намайг болон бидний нөхдийг “Хадгаламж” банкнаас алга болсон мөнгөний хэрэгт орооцолдуулж магадгүй гэж бид сэжиглэж байна. Цагдаа, шүүхийнхэн тэгж энэ хүний заавар, тушаалаар хөдлөхгүй байлгүй дээ. Ер нь бол осолтой хүн шүү.
Би ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч чаддаг, хуучнаар бол харц ардын хүүхэд учраас том “хорчингууд” надаас юу ч олж долоохгүй биз дээ. Тийм болохоор эд нар намайг яаж ч чаддаггүй юм.

-Залуу хүний аархуу омголон зангаасаа болж хэлж ярих зүйл дээрээ алдаж, онож, хүний сэтгэлд таалагдахааргүй үг хэллэг, үйлдэл гаргасан бол ард түмнээсээ уучлал гуйя гэж Та ил захидлаа төгсгөсөн байсан. Нээрээ энэ зан чинь дийлээд байгаа юм биш биз дээ. Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаад өнөөг хүрсэн юм чинь эргээд эвлэрч болохгүй гэж үү?
-Хүний тэвчээр хязгаартай байдаг юм байна. Ганцаараа бүгдийг дарангуйлах гээд байхад нь хэлдэг л байсан. Ийм хүнтэй юун эвлэрэх. Хугацаанаасаа өмнө огцрох хэрэгтэй. Төрийн тэргүүний өндөр сэнтийгээс ард түмэндээ худлаа хэлээд байна. “Зууны мэдээ”, ТВ-9 минийх биш гээд, 500 сая төгрөгийн авлига өгөх гэсэн хүнээ нуугаад хэлэхгүй байна. Ерөнхийлөгч хүн ингэж болохгүй байлтай.

-Та хоёр хамт суугаад сэтгэлээ онгойтол ярьж байв уу?
-Энэ нөхрийн төлөө зүтгэсэн маш олон хүн гомдсон. МАХН-д жигүүр, хөдөлгөөн байгуулагдах болсон гол шалтгаан нь энэ хүн шүү дээ. МАХН-ыг шинэчилье гэвэл Энхбаярын нөлөөллөөс гаргах ёстой. Энэ хүний гар, хөл МАХН-д байгаа.
Б.Даш-Ёндон, П.Жасрай, Н.Багабанди гуай бүгд л Энхбаярын гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд тусалсан улс. Харамсалтай нь эднийгээ бүгдийг гомдоосон. Өөрөөс нь эд нар тохой өндөр хүн шүү дээ.

-Та бас гомдсон юм уу?
-Би гомдоогүй, гомдох ч үгүй. Яах юм. Гомдохоор ч ойр дотно байгаагүй. Эхнэр, хүүхдэд нь сүжрээд гэр орноор нь яваагүй юм чинь. Энэ хүний хазаарыг татдаг байсан олон сайхан хүн хорвоогоос явж дээ. М.Зэнээ, Л.Энэбиш, Ш.Отгонбилэг, О.Дашбалбар гээд. Тэд байсан бол энэ нөхрийг дарангуйлагч болгоод суухгүй л байсан. Тийм хүмүүсийг залуучууд бид залгамжлах болно.
Улс төр эрсдэлтэй гэдгийг мэднэ. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй холбоотой хүмүүс бол тэр чөдөртэйгээ байсаар дуусдаг юм. Эрүүл, эр зоригтой хүмүүс улс төрийг цэвэр байлгадаг, хөдөлгөх хүч болдог, болж бүтэхгүй байгааг нь бут цохьдог байхгүй юу. Муу явахаар сайн үх гэдэг. Эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж явах шиг сайхан зүйл байхгүй. Би тийм л улстөрч байхыг хүсдэг. Урт шар дээлтэй хүнээс айх юм надад байхгүй.

-Ерөнхийлөгч Энхбаяр уучлал гуйхыг Танаас шаардсан. Та хариуг нь өгөх үү?
-Залуу хүний аархуу омголон зангаасаа болж хүний сэтгэлд таалагдахааргүй үг хэлж, үйлдэл гаргасан бол намайг уучлаарай гэж би ард түмнээсээ хүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгч миний хэлсэн үгэнд эмзэглэж, нэр төрд минь халдсан гэж үзэж байгаа бол хүлцэл өчье. Харин Энхбаяр гэдэг хувь хүнээс бол уучлал гуйхгүй. Нуугаад байгаа бүхнээ ард түмэндээ хэл гэж л би шаардсаар байх болно.
Хэдий хэмжээний хөрөнгөтэй, хэн хэн ямар хэмжээний бэлэг өгдгийг хажуу хавирганы хүмүүс нь мэдэж л байгаа шүү дээ. Үүнийг Авлигатай тэмцэх газраар шалгуулах хэрэгтэй.
Би Энхбаярын өмнөөс ичиж байна. Төрийн тэргүүн хүн ийм байдаггүй юм. Чадахгүй байгаа бол Н.Багабанди гуай дээр очиж хичээл заалгах хэрэгтэй гэж би хэлээд байгаа. Ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн сайхан хүн байж л байна. Бурхны нэр барьсан урт шар дээлтэй хүнээс ард түмэн ичиж байгааг ухаардаггүй юм болов уу даа.

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэдэг хувь хүнд сайн тал эрхбиш бий байх гэж бодож байна?
-Байлгүй яах вэ. Сайн тал нь муудаа дарагдчихаад байдаг байхгүй юу. Тэр нь хүнд харагддаггүй юм.

-Эр улс байна. Уулзаж учраад ойлголцож болохгүй юу?
-Хүнтэй яриад тохирч болдоггүй хүн гэсэн. Ө.Энхтүвшин сайд хэлдэг юм. Ажлаа сайн хийе, эвлэрье гээд 500 удаа гар барьж, үнсэлцээд ч нэмэргүй юм гэсэн шүү дээ. Миний хувьд, өдөр бүр өрөө рүү нь гүйж ороод гар бариад байж чадахгүй. Энэ ярилцлага гарсны дараа намайг дайрч давшлах байх. Битгий хүн гүтгээд байгаарай, Ерөнхийлөгч Н.Энхбаяр аа. Өөрийг чинь зөв зүйл хийвэл дэмжинэ шүү гэдгээ уламжилъя.

Ярилцсан Го. Энхтөр, Өнөөдөр сонины 2007 оны 8 сарын 3-ны дугаар

Next Page »

The Rubric Theme. Create a free website or blog at WordPress.com.

Follow

Get every new post delivered to your Inbox.